Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаандаа Элчин сайдыг эгүүлэн татах саналыг дөрөв дахь удаагаа гаргаж мөн анх удаагаа Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт /2021.04.02/ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тухайн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг мөн хүсэв.
Уг асуудлаар өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөхөөр саналаа хүргүүлж байв. Тэрбээр Ё.Отгонбаярыг эгүүлэн татах үндэслэлдээ “…Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй хэмээн үзэж түүнийг Элчид сайдын үүрэгт ажлаас эгүүлэн татах нь зүйтэй гэж” тодотгосон байдаг.
Дээрх саналыг нь 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж гишүүдийн олонх үзсэн юм.
Тэгвэл үүнээс 15 хоногийн дараа Ерөнхийлөгч дээрх саналаараа зарлиг гаргав. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргах хуультай. Гэхдээ энэхүү зарлигийг УИХ хүчингүй болгох мөн хуультай. Тодруулбал,
Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйл.
1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.
2.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заажээ.
Энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хүчингүй болгож байсан тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй юм. Хэрэв энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн зарлигийг хуульд нийцээгүй гэж үзвэл шинэ кэйс гарч ирнэ гэсэн үг.
Хэдийгээр Үндсэн хуульд тусгагдсан хэдий ч УИХ-аар ямар дэгээр хэлэлцэх үү гэсэн зохицуулалт нь тодорхой бус. Энэ тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тухайн асуудалд зориулсан тусгайлсан дэгийг гаргана гэсэн үг юм.
Харин Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор болвол Ё.Отгонбаярын оронд Монгол Улсаас АНУ-д суух дараагийн Элчин сайд хэн байх вэ гэдэг нь хэн бүхний анхаарлыг татна. Улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр тухайн оронд суух Элчин сайдаар томилогддог.
Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах улс төрийн сонирхлын цаад санаа нь түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболдыг зүтгүүлэх санаатай байгаа аж.
Гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түүнийг Элчин сайд болгож явуулах хүсэлтэй гэнэ. З.Энхболдын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа чөлөөлөгдөж байсан юм. Ингээд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Хэсэгтээ улс төрөөс холдуу байсан тэрбээр сүүлд АН-ын даргыг тодруулах цахим сонгуулийг эсэргүүцэж буй талаар хэвлэлд ярилцлага өгсөн.
З.Энхболд эрх чөлөөний орон Америкт хэзээний л дуртай бөгөөд тэнд амьдрах тун сонирхолтой гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Гэхдээ тэр АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суухад нийцэх эсэхийг намтраас нь харвал,
Боловсрол
- 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
- 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль
- 1996 онд Монгол Улсын Их сургууль
- 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.
- Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг, цол
- Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
- ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор цолтой
Дипломтат албанд өмнө нь ажиллаж байсан туршлагагүй түүнийг МАН-ынхан дэмжихгүй л болов уу.
МАН-ЫНХАН ЭЛЧИН САЙДАД Н.ЭНХТАЙВАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА
МАН-ын удирдлагын түвшинд Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны нэр яригдаж байгааг эх сурвалж хэлж байна. Н.Энхтайваны хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд долоон сар ажилласан. Гадаад харилцааны сайдаар ажилласан тус богино хугацаанд цар тахалтай үед гурван том айлчлалыг тэрбээр амжилттай зохион байгуулсан гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг.
Н.Энхтайван өдгөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь боловсруулах ажлыг хариуцаж байгаа гэх мэдээлэл байна.
Тэрбээр өмнө нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Н.Энхтайваныг “МАН-ын бичиг цаасны гол ажлыг нь нугалдаг" гэж намын гишүүд нь ярьдаг. Тиймдээ ч түүнийг Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад дэмжиж, мэргэжлийн хүн гэдэг утгаараа хамгийн боломжит хувилбар нь гэж МАН-ын байранд яригдаж байна.
Түүний боловсролын байдлыг харвал,
- 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
- 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
- 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
- 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
- 1998-1999 МУИС Эдийн Засгийн Магистр
- 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнесийн Удирдлагын Магистр
- Англи, Хятад хэлтэй.
Холбоотой мэдээ