Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тайлбараар бол Засгийн газар удахгүй Донтох өвчинтэй тэмцэх сан байгуулах нь. Донтох өвчинтэй тэмцэх сангийн эх үүсвэрийг 18-37 хүртэл градусын согтууруулах ундаанд литр тутамд 200, 37-гоос дээш градустай архинд 300 төгрөгийн татвар ногдуулж, бүрдүүлнэ. Тодруулж хэлбэл, УИХ-аас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг баталсны дараагаар дээрх санг байгуулна гэсэн үг. Харин сангийн хөрөнгө нь архины хамааралтай иргэдийг эмчлэхэд зарцуулагдана.
Хууль зүй, дотоод хэргийн яамны судалгаагаар улсын хэмжээнд архины хамааралтай 10 мянга орчим иргэн байна. Төв аймагт 200 ортой ганц эмнэлэг байдаг нь хаанаа ч хүрэлцдэггүй аж.
Гэхдээ эмчилгээ хийлгэсэн хүн бүр согтууруулах ундаанаас гардаг гэж ойлгох нь өрөөсгөл юм байна. Хүн нь өөрөө хатуу идээнээс татгалзах хүсэл сонирхолгүй л бол хөрөнгө мөнгө үрсэн ажил болж, хувирах нь. Нөгөө талдаа, Засгийн газар харъяандаа сан байгуулаад, амжилт олсон жишээ цөөн байна. Харин ч хулгай хийх боломж нь сан байгуулах гэж шүүмжилж буй юм.
Жишээ татвал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай эрх баригч намын 40 шахам гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайд хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг нь албан тушаалаа урвуулж, Чингис хаан банкинд байршуулсан байсан даатгалын мөнгөнөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дөрвөн удаагийн үйлдлээр 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдож, торгох ялаар шийтгүүлж байжээ.
Одоо ч энэ санг тойрсон хэл ам намжаагүй, санд нэг компанийн төлөөлөл дангаар томилогдсон нь “Даатуулагчдын хөрөнгийг үнэгүйдүүлэх вий” гэдэг болгоомжлол төрүүлсээр.
Мөн Нийгмийн даатгалын сан ч олны анхаарал татсан хэвээр байна. Учир нь, энэ санд хулгай нүүрлэснийг УИХ-ын даргаасаа эхлээд хүлээн зөвшөөрсөн. Шалтгаан нь, УИХ-аас санг манах үүрэг хүлээлгээд томилоод явуулахаар хулгай хийдэг болсон. Эс бол үйл ажиллагаа нь доголдолтой банкинд даатгуулагчдын хөрөнгийг байршуулж алддаг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар Донтох өвчинтэй тэмцэх сан байгуулах биш, иргэдээ архинаас хамааралтай болгохгүйн төлөө урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтраад хийх нь илүү үр дүн дагуулна гэж үзэж байна.
Засгийн газар нь өнгөрсөн хугацаанд 40 гаруй тусгай сантай байсан бөгөөд зарим санг нэгтгэх, зарим санг татан буулгаснаар өдгөө 22 сантай болжээ.
Хамгийн сүүлд буюу хоёр жилийн өмнө У.Хүрэлсүхийн танхим долоон ч санг татан буулгасан юм байна. Учир нь, зарим сан өрөнд баригдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нэгтгэгдэж, мөн татан буугджээ.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа сан:
- Байгаль орчин, уур амьсгалын сан
- Боловсролын зээлийн сан
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
- Засгийн газрын нөөц сан
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан
- Ирээдүйн өв сан
- Кино урлагийг дэмжих сан
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
- Нийгмийн даатгалын сан
- Нийгмийн халамжийн сан
- Соёл, урлагийг дэмжих сан
- Спортыг дэмжих сан
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Улсын авто замын сан
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Шинжлэх ухаан, технологийн сан
- Эрүүл мэндийг дэмжих сан
- Эрүүл мэндийн даатгалын сан
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ