Азид өрнөсөн ардчилсан хувьсгал | News.MN

Азид өрнөсөн ардчилсан хувьсгал

Азид өрнөсөн ардчилсан хувьсгал

Азид өрнөсөн ардчилсан хувьсгал

“Арабын хавар” гэж нэрлэгдсэн олон улсыг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Ойрхи Дорнодод дэгдсэнээс хойш 10 жил өнгөрчээ. Тэгвэл ардчиллын төлөөх хувьсгалын давлагааг Ази тивийн залуучууд үргэлжлүүлж байна. Тайландын Хаант улс, ардчилалд дөнгөж хөл тавьсан Мьянмар улс, Хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн өсвөр үе болон 20-30 насны залуучууд эрх ямбатнуудын давуу эрх, цэрэг, цагдаагийн хүчирхийлэл, авторитар дэглэмийг эсэргүүцэн, ардчилал, эрх чөлөөний төлөө жагсч, амь насаа үл хайхран тэмцэж байна. Соёлын нөлөө технологийн дэвшлийн тусламжтайгаар бүс нутаг, олон улсыг дамнан хурдтай тархаж, ардчиллын төлөөх үзэл санаа нэгэн үеийн залуусыг холбожээ. Авторитар дэглэм, улс төрийн тархи угаалтад зовсон Зүүн, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийг түүчээлэн дээрх гурван орны залуучууд ардчиллын төлөө нэгдмэл үзэл санаагаар тэмцлийг эхлүүлээд байна. Хоорондоо ялгаатай нийгэм бүхий хөрш улсуудад "Сүү цайны эвсэл" гэх иргэний хөдөлгөөн авторитар дэглэмийн эсрэг тэмцэлд тодорхой нөлөө үзүүлжээ.

Үүнээс гадна мэдээлэл, технологийн эрин үед төрж, өссөн залуучууд өмнөх үеэсээ үзэл санааны хувьд эрс өөр болсноор, нийгмийн үе давхаргын ялгаа улам нэмэгдсэн нь хувьсгалд нөлөөлж байна. Ази залуучуудын хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь АНУ болон бусад Барууны орнуудын ардчиллыг даган дуурайх гэхээс илүү эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн нийтлэг соёлын нөлөө юм. Тухайлбал, “Өлсгөлөн тоглоом” гурамсан зохиол нь иргэдээ хатуу хяналтандаа үргэлж байлгадаг харгис дэглэмийн эсрэг хүн ёсны эрхийнхээ төлөө залуучууд эр зоригтойгоор тэмцэж, хувьсгал эхлүүлж буй тухай өгүүлдэг. Тиймдээ ч ази залуучууд хувьсгалын бэлгэдлээ тус киноноос санаа авчээ. Гурван хуруугаа өргөж, бусдынхаа төлөө амиа зольсон хүмүүст хүндэтгэл үзүүлдэг “Hunger Games” (Өлсгөлөн тоглоом) киноны өгүүлэмжийг залуус ардчиллын төлөөх хувьсгалынхаа бэлгэдэл болгосон юм.

Бүс нутгийн улс төрийг өөрчлөхийн тулд ахмад үеүд нь ямар их цус урсгаж, хэрхэн тэмцсэнийг залуучууд сайн мэднэ. Тиймдээ ч Хятад, Мьянмар, Тайландын Засгийн газрын эсрэг тэмцэж буй залуучууд ямар үр дүнд хүрч болохыг сайтар ухамсарлаж буй. Жагсагчид амь үрэгдэж, сураггүй алга болж, хоригдож, гэмтэж бэртэж, эрүү шүүлттэй тулгарч байгаа ч ардчиллын төлөөх залуучууд тэмцсээр байна.

ТАЙЛАНД

Тайландад 2014 онд төрийн эргэлт гарч, Ерөнхий сайд асан Ийнглак Шинаватраг суудлаас буулгаснаар Бангкокт эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн. Улмаар Тайландын Хаант засгийн газрыг огцруулахын тулд шар цамцаар жигдэрсэн олон мянган жагсагчид өнгөрсөн 2020 оны сүүлээр өрнөлөө. Тайландын залуучууд гурван шаардлага тавин жагсч байна. Тухайлбал, Засгийн газрыг тараах, ард иргэдийн тархийг угаахаа зогсоох, Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардан жагсчээ. Хэдийгээр Тайландын залуучуудын хувьсгал өдгөө харьцангуй дарагдсан ч бүс нутгийн хаа сайгүй шинэчлэлтийн төлөөх тэмцэл үргэлжилж байна.

ХОНГКОНГ

Хонгконгийн ардчиллыг дэмжигчид өнгөрсөн жил олон сарын турш эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, эх газрын Хятадын түрэмгий бодлогын эсрэг тэмцсэн. Харин одоо Хонгконгийн залуучуудын тэмцэл Хятадын хатуу арга хэмжээний үр дүнд түр дарагдаад байна. Ардчиллын төлөөх жагсаалд манлайлан оролцсон залуу тэмцэгч Жошуа Вонг, Агнес Чоу, Иван Лам нар баривчлагдаж, ял сонссон юм. Өдгөө дөнгөж 20 гаруйхан настай гурван залуу хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж, Хятадын шүүхийн өмнө хэргээ ч хүлээжээ. Бээжингийн саяхан баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар бол тэд бүх насаараа хоригдох ял хүлээх байв. Гэхдээ тэдний зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал энэ хууль батлагдахаас өмнө болсон тул тэд энэ хатуу ялаас зайлж чадсан байна. Ингээд шүхэрт хөдөлгөөнийг санаачлагч 24 настай Жошуа Вонг 13 сар, 23 настай Агнес Чоу 10 сар, 26 настай Иван Лам долоон сар хоригдохоор болсныг  2020 оны арванхоёрдугаар сарын 2-нд зарлажээ.

Хуучин Британийн колонид байсан Хонгконгийг 1997 онд Хятадад буцааж өгөхөд байгуулсан гэрээний дагуу хонгконгчууд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөгөө хамгаалуулсан байв. Үүнээс хойш эх газрын Хятадтай харьцуулахад харьцангуй ардчилсан нөхцөлд өсч, хүмүүжсэн нэг үеийн залуучууд Бээжингийн түрэмгий бодлогыг эсэргүүцэн тэмцсэн нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн юм.

МЬЯНМАР

Мьянмарын арми 2021 оны хоёрдугаар сард төрийн эрхийг хүчээр булааж, засгийн газрын тэргүүн Аун Сан Су Чиг баривчлан хорьсон. Үүнээс хойш Мьянмарын залуучууд, ард иргэд бэхжиж амжаагүй ардчиллаа хамгаалж үлдэхийн тулд олон хоног тэмцэж байна. Ард иргэдийн тайван жагсаалын эсрэг арми хүч хэрэглэснээс бослого тэмцэл болон хувирч, тус улсын тогтвортой байдал ч ганхаж эхэлжээ. Учир нь, Мьнямарын хилийн бүс нутгуудад тусгаар тогтнохоор эртнээс үймээн самуун дэгдээж ирсэн босогчдын үйл ажиллагаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг далимдуулан идэвхжив. Мьянмарт эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа, цэргийнхэн гал нээснээс 500 гаруй хүн амь үрэгдээд байна. Эцэст нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Мьянмарын нөхцөл байдлыг хэлэлцэж, тус улсын арми “гал зогсоох” арга хэмжээг зарласнаар байдал намжаад байна. Мьянмарын арми “Гал зогсоосон ч Засгийн газар, нутгийн удирдлагын  аюулгүй байдлын эсрэг аливаа үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авахаа” мэдэгджээ. Мьянмарт өнгөрсөн наймдугаар сард болсон ардчилсан сонгуульд ялсан Аун Сан Су Чигийн намын ялалтыг арми хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Харин Мьянмарын ард түмэн иргэний Засгийн газраа хамгаалахаар тэмцэж эхэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: DIPLOMAT, ASIA SOCIETY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргзн 2021-04-06 202.179.25.105

Монголын Залуус байдаггүй ээ Хөөрхий Авилгал Хулгай нүүрэлсэн нэг Намын засаглалтай Дарангуйллын хэлбэртэй Нийгэм рүү шилжиж орж яваа яваандаа Ерөнхийлөгчийн засаглалттай болох тал руугаа орж яваа Төр бий болж байхад Монгол залуус Таг чиг Нийгмийн ямарч Идэвхигүй ингэж ч байж болохгүй дээ Залуус аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж