Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булааж авснаас хойш ард түмэн ардчиллыг шаардан жагссаар буй. Гэвч армийн зүгээс иргэдийн шаардлагыг сонсолгүй хүч хэрэглэн жагсагчдыг дарж байна. Жагсаалын үеэр цэргүүд жинхэнэ сум ашигласны улмаас 557 орчим хүн суманд оногдож, нас барснаас 43 нь бага насны хүүхэд байсан аж.
Хүүхдийн төлөө “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагаас мэдээлснээр, амьсгал хураасан гурван хүүхэд тутмын нэгээс илүү нь 16-гаас доош насны хүүхдүүд бөгөөд тэдний дунд цэргүүдээс зугтаж яваад толгойдоо буудуулсан 13 настай хүү ч байжээ. Харин хамгийн бага настай хохирогч нь 6 настай охин байсан аж.
Хүүхдийн төлөө байгууллага өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийхдээ “Мьянмарт хамгийн аймшигтай зүүд биелэж байна. Гэмгүй цэвэр ариухан нялхас амь, амьдрал, ирээдүйгээ хэрцгийгээр булаалгаж байна. Амьд үлдсэн хүүхдүүд өөрсдийн нүдээр хүчирхийлэл, аймшгийн гэрч болж байна. Мьянмарт хүүхдүүдийн хувьд аюулгүй газар үлдсэнгүй” хэмээн ярьжээ.
Хэдий байдал маш хүнд байгаа ч ард иргэд элдэв эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөн, ардчиллын төлөө тууштай тэмцсээр байна.
Эх сурвалж: CBS
Холбоотой мэдээ