Олимпийн аварга, орцны жижүүрт хууль тэгш үйлчлэх ёстой!

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга, орцны жижүүрт хууль тэгш үйлчлэх ёстой!

Олимпийн аварга, орцны жижүүрт хууль тэгш үйлчлэх ёстой!

Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.

-Шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тангаргийн үгээс (2017.07.10)

“Эр хүн  алдаа л биз, эрэг нэг нураа биз” гэж Н.Түвшинбаярыг өмөөрөх хүн сошиалд олон. Алдалгүй л яах вэ, хүн юм чинь. Гэвч андынхаа духыг цөмлөөд, дагзыг нь цуулаад, цус нөжтэй нь хутгасан бол тэр “адгуус” болжээ гэсэн үг.

Н.Түвшинбаярт олимпийн алдар, ард түмний хүндлэл зохисонгүй. Буруу “эрхэлсэн” бөх байж.  Магадгүй, олон хавар нэгэндээ гэгчээр ийм явдал хэзээ нэгэн цагт болох нь түүний араншингийн хувьд цаг хугацааны асуудал байсан бололтой. Хүн зодсон, хүүхэн хүчиндсэн гэх таагүй явдалд нэр холбогдох бүрт толгойг нь илээд сууж байсан том ахынх нь буруу л даа.

МОҮХ-ын ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн хуурай дүү Н.Түвшинбаяраас монголчууд юугаа ч харамласангүй. Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Чингисийн одон, тэгээд дараа нь Олимпийн хороог бэлэглэсэн. Харамсалтай нь, аварга цолоо хайрлаж явах нь алтан медаль зүүхээс ч хэцүү. Ард түмний хайр хүндлэлийг дааж явах нь аварга цол авахаас бүр ч хэцүү. Алдар нэрийг дагаад өндөр ёс зүй, үүрэг хариуцлага үүрч явах хэрэгтэй болдог. Гэвч, тэр аавынхаа чихийг халууцуулж, ард түмнийхээ итгэлийг алдав.

Өнгөрөгч Баасан гаригийн шөнө багын найзаа хүндээр зодож гэмтээсэн Н.Түвшинбаярт Монголын хууль хэрхэн ижил, тэгш үйлчлэхийг  бүх хүн харж байна. Нэгд, тэр орцны жижүүр биш олимпийн аварга. Хоёрт, Ерөнхий сайдын зөвлөх, гуравт, Ерөнхийлөгчийн ойрын хүн. Товчхондоо, дабл стандарттай эрхэм.

 Тиймээс Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар Н.Түвшинбаярын өдүүлсэн хэргийг хэрхэн “анхаарах”-аас цаашид Монголд шударга ёс жинхэнээсээ тогтох үгүй нь шийдэгдэнэ. Н.Түвшинбаярыг торгоод өнгөрөх үү, эсвэл санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт нь хорих ял оноох уу. Эцэст нь, Э.Энхбатын буруу болж давхар хохирч үлдэх үү!

Энэ бол өнөөдөр өрнөж буй үйл явдлын мөрөөр тавигдах ёстой зүй ёсны асуулт. Сайн найзаа зодож бэртээснийхээ дараа уучлал гуйх нь бүү хэл сошиалаар өөрийгөө зөвтгөсөн, өмөөрүүлсэн, өвдөж зовсон зураг хөрөг, пиар цацаж буй нь Н.Түвшинбаяр эр хүнийхээ хувьд жудаггүй, спортын алдартай тамирчны хувьд ёс зүйгүй харагдав. Энэ хандлагаас нь харвал том ах, том артай Н.Түвшинбаяр хохирогчийг давхар хохироох вий гэсэн хардлага, эмзэглэл ч байна. Хэргийн шалтгаан юу байлаа ч Н.Түвшинбаяр бусдыг сэхээнд ортол зодсон нь үнэн. Энэ ердөө эр хүмүүсийн "гар зөрүүлсэн" асуудал биш.  Хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Э.Энхбат өнөөдөр түүний хүчирхийллийн золиос болж эмнэлгийн оронд дээр ухаангүй хэвтэж буй.

Хэргийг санамсаргүйгээр биш санаатайгаар үйлдсэн нь бүр ч үнэн. Мэдүүлэгтээ өчсөн шиг “юу ч санахгүй”-гээр хэрэг үйлдсэн бол ядаж маргааш нь сайн найзаасаа, ард түмнээсээ уучлалт гуйх байв. Албан тушаалаасаа ч огцрох байв. Гэтэл хувийн эмнэлэгт очиж нуугдчихаад, үйлдсэн хэргээ хар багын найз руугаа чихэх гэж пиардаж буй түүнд ядаж хүнлэг сэтгэл ч алга.

Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байна. Сэжигтэн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тогтоолгохоор шүүх эмнэлэгт хандсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэв. Эрүүгийн хуулийн 11.1-д заасан санкциар Н.Түвшинбаяр 10-40 сая төгрөгөөр торгуулах, эсвэл 2-8 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэх аж.

Олон нийтийн сүлжээнд Н.Түвшинбаярын өдүүлсэн хэрэг Х.Баттулгатай ямар хамааралтайг асуух хүн олон. Мэдээж, хамгийн хамаатай. 2017 онд Булган аймагт хүн зодсон гэх асуудалд орооцолдож явах үед нь Х.Баттулга “Манай Түвшээ хүн зодох нь бүү хэл хорхой ч алж чадахгүй” хэмээн хээв нэг өмөөрч зогссон.

Хэргийг хааж өгсөн. Хэрэв Х.Баттулга өмөөрөөгүй байсан бол, өдийд тэр нэр бүтэн, найз нь яс бүтэн байх байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед ахын хувиар алдаан дээр нь "алгадаад" авсан бол Н.Түвшинбаяр ийм болтлоо эвдрэхгүй, даврахгүй байсан ч байх. Тэгэхээр Н.Түвшинбаярт тус гэхээсээ ус болсон хүн нь Х.Баттулга болж байна.

2008 оны Бээжингийн олимпоос Монголын анхны алтан медалийг авсан гавьяа яах аргагүй Н.Түвшинбаярт оногдоно. Тэрхүү аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн эвдрээгүй тэр залууд ард түмэн хайртай байлаа. Гэвч, энэ нь өчигдрийн өдүүлсэн  ял, зэмээс  нь уучлах шалтгаан болж  лав чадахгүй. Хүн ёсны болоод хүндлэл талаасаа Н.Түвшинбаярыг уучлах, өмөөрөх зөвтгөл нь алтан медаль нь биш юм. Гавьяа байгуулбал шагнадаг, хэрэг хийвэл шийтгэдэг  байх нь Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шударга  ёс.

Тиймээс Ерөнхийлөгчийн “дүү”, олимпийн аварга Н.Түвшинбаяр болоод орцны жижүүр иргэн Н.Түвшинбаярт хууль ижил тэгш үйлчилж байж Ерөнхий сайдын, Ерөнхийлөгчийн амалсан шударга ёс Монголд тогтоно. Үгүй бол  цаашдаа дарангуйлал бий болно гэсэн үг.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нэгэнтээ чуулганы танхимаас шударга ёс эхлэх ёстойг гишүүдэд сануулж байсныг саяхан Ерөнхийлөгч өөрөө ч сануулсан. Тиймээс шударга ёс Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр, гуравдугаар давхраас эхлэх ёстой. Хүчтэй нь хүчгүйгээ барж, барьж иддэг нийгмийг эсэргүүцэж, иргэд Олимпийн аварга, орцны жижүүр хоёрт хууль эрх тэгш үйлчлэх учиртайг сануулж, шаардаж байгаа. Гэхдээ бүх хүн тэгш эрхтэй, Олимпийн аварга, Ерөнхийлөгчийн "дүү", Ерөнхий сайдын зөвлөх  бүр илүү эрхтэй биш бол шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
132
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж