Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн Бямба гаригт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна.
Харин өчигдөр буюу Ням гаригт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун эхэлнэ.
Дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа.
Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм. Мөн иргэдийг өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ