"Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ"

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

"Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ"

"Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ"

УИХ-ын өнгөрсөн Баасан гариг (2021.04.02)-ийн чуулганы нэгдсэн чуулганаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачилж, ажлын хэсгийн ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан. Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймд “хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо байгуулах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан батлуулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхүүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар өнөөдөр (2021.04.05) мэдээлэл хийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ: ХИЛ, ХЯЗГААР ҮЛ ХАМААРЧ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙГ ХАМГААЛАХ ЭРХЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ

УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагчийг эрх зүйн зохицуулалтаараа зохицуулсан, хүний эрхээ хамгаалж байгаа иргэний нийгмийн байгууллага зэрэг эвлэлдэн нэгдэж буй улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдий тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, ичээх, дарамтлахаас гадна амь насанд нь халдах тохиолдол гарсан байдаг. Тиймээс хүний эрхийн төлөө зүтгэж буй иргэдээ хамгаалах зорилгоор энэ хуулийг баталлаа. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгждэг 40 гаруй улс бий.

Энэхүү хуулийг батлахад Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хууль тогтоогчид маш их анхаарал тавьсан. Энэ хугацаанд 3-4 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хууль 2021 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 2016 онд Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг. Энэ хэрэг амиа хорлосон гэдгээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл тэр залуу өөрөө цагдаа нарт хэд хэдэн удаа хандаж байсан, дарамт ирж байсан гэдгийг мэдэгдэж байсан боловч тэр хамгаалагдаж чадаагүй.

Одоо хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсноор Хүний эрхийн хамгаалагчийн хороо энэ мөрөөр ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж тухайн хүний эрх хамгаалагчийг хамгаална. Мөн 15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяа амиа алдсан. Түүний аав нь хүний эрхийн төлөө тэмцэж байна. Ийм хүмүүстээ бид тусламж үзүүлж, хамгаалах ёстой. Хил, хязгааргүйгээр хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР: ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ НИМГЭН БАЙНА

Монгол Улсын эрхзүйн тогтолцоонд, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоонд нэг том алхам хийгдлээ. Хүний эрхийг хамгаалагч гэдэг ухагдахуун нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ гэсэн үг. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төр, эсвэл тодорхой байгууллагуудын хийх ажил биш. Хүний эрхийг хамгаалах нь нийгмийн заяамал эрхийн асуудал. Амьдрал дээр хүний эрхийг хамгаалдаг хүний тоо хүний эрхийг эдэлдэг хүний тооноос дандаа цөөн байдаг. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа хүний дуугарах эрхийг хамгаалж, урамшуулах нь чухал юм. Энэ хүрээнд хууль эрхзүйн тогтолцоотой болсноор нийгэм өөрөө өөрийгөө хамгаалах чадамжтай болно. Манай улсаас гадна дэлхийд ч шинэлэг тогтолцоо юм. НҮБ-аас тусгай тунхаглал гаргаж, мөн загвар хууль гарган, гишүүн орнууддаа нэвтрүүлэхийг уриалдаг. Яагаад гэвэл хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөнөөр нийгэмд хүний эрх бүхэлдээ эрсдэлд ордог гэдгийг сануулдаг. Энэхүү тунхаглалын дагуу манай улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай боллоо.

"Иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо. Энэ хууль иргэн бүрт хүрч үйлчилнэ гэсэн үг. Энэ хуулийг батлах явцад анзаарагдсан нэг зүйл бол манай улсад хүний эрхийн тогтолцоо гүйцэд хөгжиж төлөвшөөгүй байна. Одоогийн байгаа институт нь бүрэн хүчин чадлаараа ажиллах болоогүй байна. Шийдвэр гаргагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг нимгэн байна. Үүнийг дагаад иргэд эрхээ ойлгохгүй, нөгөө талаас төрийн хэрэгжилт хангалтгүй атлаа сэтгэл нь ханачихсан, хүний эрхийн хамгаалалт Монголд төгс болчихсон гэж андуурч байгаагаас хүний эрх өдөр тутам зөрчигдсөөр байна. Хүний эрхийн тогтолцоог төгөлдөржүүлэхийн тулд хийгдэх олон ажил бий. Бидний батлуулсан хууль бол нэг алхам нь.

Хүний эрхийн үндэсний комиссыг хараат бус байгууллага гэж тунхагласан атлаа комиссын гишүүдийг төр энд авч ирчхээд дарга нь мэт загнаад байгаа нь өөрөө хүний эрхээ ойлгохгүй байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан, тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэн ярьдаг. Гэтэл энэ комиссынхоо төсвийг гүйцэд олгоогүй байх жишээтэй. Наад зах нь энэ үл эс үйлдлээрээ, эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэд хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг Сангийн яам засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуультай болсноор иргэний нийгмийн байгууллагууд зоригтой ажиллах ёстой. Ардчилал гоёдоо биш ардчилал хүний эрхийг хамгаалдаг систем учраас Монголын ард түмэн 1990 онд ардчилсан тогтолцоог сонгосон. Ардчиллын гол ажил хүний эрхийг хамгаалахад оршино.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Хүний эрхийн хамгаалагч гэдгийг хуульд ямар томъёоллоор тусгасан бэ. Магадгүй хүний эрхийн хамгаалагч гэдэг нэрийн дор улстөржиж, жагсаал цуглаан зохион байгуулахыг үгүйсгэхгүй. Гарч болох эрсдэлүүдийг хуульд хэрхэн заасан бэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийн хамгаалагч гэдэг нь ганцаараа, эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа болон түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж хуульд томъёолсон.

-Хүний эрхийн хамгаалагчийн хороо шинээр байгуулагдах юм байна. Энэ хороо нь Хүний эрхийн үндэсний комисстой ямар уялдаатай ажиллах вэ. Ажил, үүргийн давхардал гарахгүй юу?

-Хүний эрхийн хамгаалагчийн хороо гэж тусдаа нэгж байгуулагдана. Энэ хороо нь ХЭҮК-ын дэргэд ажиллаж, комиссын нэг гишүүн нь хүний эрхийн хамгаалагчийн асуудлыг хариуцна. Хүний эрхийн хамгаалагчийн хороо тухайн хүний эрхийн хамгаалагчид эрсдэл учирвал үнэлж хамгаална.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хүний эрхийн хамгаалагчийн хороо нь ХЭҮК-ын дэргэд ажиллаж байж илүү нягт хамтарч ажиллах боломж нь бүрдэх юм. Нэгдүгээрт, ХЭҮК-ын дэргэд ажилласнаар төсөвт хэмнэлттэй, мөн гарч ирж буй асуудлуудыг ХЭҮК-т хамгийн түрүүнд тавих, хүргэж чадах гүүр нь болж ажиллана гэж үзсэн. Чиг үүргийн хувьд давхцахгүй. Яагаад гэвэл ХЭҮК 3 сая иргэний эрхийн бүхий л асуудлыг хариуцдаг. Харин 3 сая иргэний эрхийн төлөө дуугарч байгаа тэдгээр цөөнх хүмүүсийн эрхийг хамгаалахад Хүний эрхийн хамгаалагчийн хороо ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж