Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Хе-Гё болон түүний ээж рүү заналхийлсэн утгатай захидал ирж байсныг ил болголоо. “Channel A”-ийн "Rumor Has It" шоуны нэгэн ангид энэ тухай гардаг бөгөөд 2005 оны нэгдүгээр сард Сон Хе-Гёгийн ээж 250 сая вон нэхэмжилсэн, сүрдүүлсэн утгатай захидал хүлээн авчээ. Энэхүү захидалд хэрвээ нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол маш идэмхий давсны хүчлийг охиных нь бие рүү цацаж, хий юм харагдуулдаг галлюциноген гэх мансууруулах бодисоор хордуулна гэжээ.
Сон Хе-Гёгийн ээжид ирсэн захидалд “Хэрэв чи над руу 250 сая вон илгээхгүй бол би чам руу болон охин руу чинь давсны хүчил цацах болно. Хэрэв чи охиныхоо биеийг ялзарч, хайлж байгааг харахыг хүсэхгүй л байгаа бол миний тавьсан саналыг бодоод үзээрэй. Би их хэмжээний давсны хүчил, галлюциноген бэлдчихсэн байгаа” хэмээжээ.
Сүрдүүлсэн захидал авсан даруйдаа Сон Хе-Гёгийн ээж охиныхоо байр руу нүүж, хаягаа өөрчлөн, цагдаад бүхнийг мэдэгджээ. Цагдаа нар энэхүү хэрэгтэй холбогдуулан нэн даруй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тэрхүү захидлын эзэн нь Сон Хе-Гёгийн өмнөх менежер байсан аж. Жүжигчин бүсгүй, менежер хоёр хамтдаа гурван жилийн турш ажиллаж, үнэхээр дотно байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Сон Хе-Гёгийн ээж энэ бүхнийг олж мэдээд, “Ийм зүйл байх боломжгүй. Би итгэхгүй байна” хэмээн үнэмшээгүй аж.
Жүжигчид, менежерүүд бие биетэйгээ үргэлж ойр, гэр бүлийн гишүүд шиг байдаг ажээ.
Сон Хе-Гёгийн ээж охиныхоо менежерийн эсрэг гомдол гаргалгүй, "Ийм зүйл хийх хүн биш" гэж мэдээлсэн байна. Одоог хүртэл нэр нь нууц хэвээр буй Сон Хе-Гёгийн өмнөх менежер нь жүжигчин бүсгүйн зар сурталчилгаанаас олсон мөнгөний талаар агентлагтаа мэдэгдэлгүй, дураараа үрдэг байсан аж. Энэ бүгдийг нь олж мэдсэн агентлаг нь менежер залууг халсан аж. Ийнхүү ажилгүй болсон менежер залуу санхүүгийн хямралд орж, олон нийтийн газраар хоног төрүүлж, эцэст нь Сон Хе-Гёг сүрдүүлж мөнгө олох санаа толгойд нь орж иржээ.
Холбоотой мэдээ