АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас нийт 15 сая орчим тун вакцин гологдол болсон талаар мэдээлсэн билээ. Үйлдвэрийн ажилчид орц найрлага дээр алдаа гаргасны улмаас ийм хэмжээний “Johnson & Johnson” вакциныг устгахаар болжээ. “Emergent Biosolutions” компанийн энэ үйлдвэр “Johnson & Johnson” болон “AstraZeneca” компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа юм.
Дахин ийм алдаа гарахаас сэргийлж “AstraZeneca”-ийн вакцины үйлдвэрлэлийг зогсоохоор болсон байна. Учир нь үйлдвэрийн ажилчид хоёр вакцины орц найрлагыг хольсноос болж нийт 15 сая орчим тун вакцин хаягдал болжээ.
Ийнхүү үйлдвэрлэлийг зогсоохоор болсон тул “AstraZeneca” компани өөр үйлдвэртэй хамтран ажиллахаар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцэж байгаа аж. Дээрх шийдвэр гарахаас өмнө үйлдвэрлэгдсэн дөрвөн сая орчим “AstraZeneca” вакциныг АНУ хөрш орнууддаа зээлээр өгөхөөр болжээ.
АНУ-ын хувьд “AstraZeneca”-ийн вакцинд одоогоор зөвшөөрөл олгоогүй, туршилтын мэдээлэл нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар вакциныг нь бүртгэн авахаас татгалзсан юм. Иймд тус компани вакциныхаа туршилтын мэдээллийг шинэчлэн дахин хүсэлтээ өгчээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ