Улаанбаатар хотын хэмжээнд Covid-19 өдөрт 120-иос дээш бүртгэгдэх болсноор цар тахалтай тэмцэх эмч, ажилтны нөөц дутагдаж эхэлсэн билээ. Энэхүү хүний нөөцийн дутагдлыг орон нутгаас нөхөж ажиллахаар нийслэлд нийт 16 аймгаас тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй 80 гаруй эмч, ажилтан ирсэн. Эдгээр эмч, ажилтнуудыг орон нутгаас нь эргүүлэн татаж байгаа тухай мэдээлэл гарсан юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр "Нийслэлд Covid-19-ийн батлагдсан тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болсон. Гэхдээ орон нутагт ойрын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэж, тархалт тэлж байгаа учраас тандалтын багийг эргүүлэн татаж байна.
Хуваарийн дагуу тус багууд гуравдугаар сарын 22-ноос эхлэн нэг сарын хугацаатайгаар Улаанбаатар хотод ажиллаж, туршлага судлах байсан ч орон нутагт халдвар тархаж буй тул заримыг нь буцааж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн багийг аймагт нь буцаагаад байна. Аймгуудын удирдлагуудын зүгээс ч хүний нөөц дутмаг байгаа тул ажилчдаа эргүүлэн татах хүсэлт гаргаж эхэлсэн учраас эмч, ажилтнуудыг нийслэлд дайчлах боломжгүй болсон" гэлээ.
Холбоотой мэдээ