Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварчээ.
Тодруулбал, “Юнити” секторын Маёом суурингаас Бентью суурины чиглэлд түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени Улсын хоёр иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар гурван хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна.
Энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан манай улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд тэдгээр иргэний амь насыг аварчээ. Тухайн иргэд биедээ ил харагдах шархтай байсан учир манай цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай сулласан аж.
Барьцаалагдсан иргэдийн амь насыг зэвсэгт дээрэмчдээс аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны болон секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Баярлалаа, Монгол Улсын эрэлхэг дайчдад” хэмээн онцолжээ.
Б.ЖАРГАЛ