ЦЕГ-аас Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Sunday, April 4, 2021
НЭМЭЛТ: 18.00 ЦАГ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ.
Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцов.
Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд, 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ.
Н.ТҮВШИНБАЯРЫГ ӨЧИГДӨР ОРОЙ (2021.04.04) ХОЙШЛУУЛАШГҮЙГЭЭР 48 ЦАГИЙН ХУГАЦААТАЙ АЛБАДАН СААТУУЛСАН
Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. Н.Түвшинбаярыг өчигдөр орой (2021.04.04) хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.
Түүнийг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, өмгөөлөгчийн хамтаар байцаалт авчээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:
-Цагдаагийн ерөнхий газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 21:29 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Залуу монгол корпораци”-ийн байранд хүн зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж, гэрчүүдээс мэдүүлэг авсан. Хэрэгт холбоотойгоор Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон, прокурорт яллагдагчаар татах хүсэлтээ өгсөн.
Хэргийг мөрдөн шалгах ажиллааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлүүлсэн. Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх шинжилгээний эмнэлэг ажиллаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан зүйл заалтыг үндэслэн, цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдүүлэхээр прокурорт хандаад байна.
Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүгийн хуулийн 11.1-д "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Үүнээс харахад Н.Түвшинбаярыг 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хугацаатай хорих аж.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ