“Google” рүү Солонгосын цагдаа нар дайрчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

“Google” рүү Солонгосын цагдаа нар дайрчээ

Өмнөд Солонгосын цагдаа нар Сөүл хот дахь “Google”-ийн төв оффис руу дайрч орсон байна гэж “BBC” агентлаг мэдээллээ. Цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд тэд “Google компанийг утасгүй wi-fi сүлжээгээр дамжуулан интернетэд холбогдож байсан нэр нь тодорхойгүй интернет хэрэглэгчдийн талаарх мэдээллийг цуглуулж байна” гэж сэжиглэж байгаа талаар өгүүлжээ. Тус компани саяхан “Street View” автомашинууд нь кодлогдоогүй байсан wi-fi сүлжээнээс мэдээлэл цуглуулж байсныг “алдаа” байсан гэж хүлээн зөвшөөрсөн юм. Тус компани хэрэглэгчдийн хувийн нууцийн тухай хуулийг зөрчсөн эсэх талаар олон улс шалгалт эхлүүлээд байна.
Өмнөд Солонгосын 19 ажилтан тус компанийн байранд нэвтрэн орж компьютеруудын хатуу дискнүүдийг болон холбогдох баримт бичгүүдийг хурааж авсан байна. Хурааж авсан зүйлсэд нарийвчилсан шалгалт хийж дууссаны дараа тэд “Google” компанийг дуудахаар зэхэж байна. "Оффис руу нь нэвтэрсэн энэ явдал тус компанийн “Street View Cars” мэдээлэл цуглуулсан явдалтай холбоотой. Бид мөрдөн байцаалттай хамтран ажиллах болно, хэрвээ тэдэнд асуулт байвал бид хариулах болно" гэж тус компанийн ажилтан “BBC News” агентлагт ярьсан байна. Тус компани одоогоор 30 гаруй улсад wi-fi сүлжээнээс мэдээлэл цуглуулсан байна.

2010 оны тавдугаар сард Германы эрх баригчид тус компанийн “Street View” автомашинууд “Google” газрын зурагт зориулж фото зураг цуглуулж байх үед нь авсан өгөгдөлд нь аудит хийх шаардлагатай гэж шаардсаны дараа энэ асуудал дэгдсэн. Шалгалтын явцад тус компани хүмүүсийн кодлоогүй wi-fi сүлжээгээр дамжуулсан өгөгдлийг цуглуулсан байсан нь ил болсон. Энэ мэдээний дараа “Google” компанийн “Street View” автомашин явсан бараг бүх улс орнууд “Google” wi-fi сүлжээнээс ямар мэдээлэл цуглуулсан талаар шалгаж эхэлсэн юм. АНУ-ын олон мужид мэдээлэл цуглуулсан талаарх шалгалтыг Коннектикут мужийн ерөнхий прокурор Ричард Блюментал тэргүүлж байна. Харин Их Британийн Мэдээллийн алба энэ асуудалд шалгалт хийсэн ч тус компани хувь хүмүүсийн талаар “хэт их” мэдээлэл цуглуулаагүй байна гэж үзэж энэ хэргийн шалгалтыг хаасан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж