Хүн төрөлхтөн, амьтай бүхний оршин буйн үндэс нь эх байгаль. Түүнийг онгон дагшнаар нь хамгаалж, үр хойчдоо үлдээхийн төлөө хамгийн хүндтэй, хариуцлагатай алба хашдаг хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Энэхүү албанд 30-аад жил нэр төртэй, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж нэгэн бол Доржийн Батжаргал.
Тэрбээр “Хатгалын тусгай хамгаалалттай газар” буюу “Нуур хамгааллын газар” байгаль хамгаалагчаар 1993 оноос хойш ажиллаж буй. Цэргийн их сургуульд сурсан ч нутаг усаа, байгалиа хайрлан хамгаалах сэтгэл нь түүнийг энэ алба руу татжээ. Тэр цагаас хойш байгаль хамгаалагч, улсын байцаагч болсон бөгөөд МСҮТ-ийг ойжуулагч, "Эко-Ази" байгаль орчны дээд сургуулийг төгсчээ. Түүний гэргий Б.Цэвэлмаа байгаль хамгаалагч хэмээх цаг наргүй, хүнд ажлыг нь ойлгон, тусалж дэмждэг гол түшиг тулгуур нь юм. Д.Батжаргалын том охин Б.Бурмаа байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол удаах хүү Б.Баярдалай мөн энэ чиглэлээр суралцдаг, бага охин Б.Мичидмаа нь дунд сургуульд сурдаг байна. Д.Батжаргал үр хүүхдүүдээ ч байгалийн төлөө сэтгэлтэй болгон хүмүүжүүлжээ.
Түүний ажлын нэг өдөр
Д.Батжаргал ажлын нэг нь өдөр хэрхэн эхэлдэг тухайд “Өглөө 07.00 цаг гээд хариуцаж буй нутгаараа эргүүл хийхээр гарна. Өнөөдөр Айчийн даваан дээр таван бор гөрөөстэй таарсан. Өглөө эрт босоод, уулын орой дээр явж байх сайхан, янз янзын шувуу дуугараад, сэтгэл баясгана. Би өөрийгөө байгалийн хүн юм уу гэж боддог. Хөвсгөл нуураа тойроод, ой ихтэй учир хууль бус мод бэлтгэлд хяналтаа тавина. Хөрөө дуугарвал шалгана. Зэрлэг ан амьтдаа нүдээрээ харж, дурандан тоолдог” гэлээ.
Түүний хамгаалж буй Хөвсгөлийн эрэг орчмын нутаг байгалийн баялаг ихтэй. Загас, тарвага, бор гөрөөс, мөн дэлхийн "Улаан ном"-д орсон усны цагаан сүүлт бүргэд байдаг. Тэднийгээ бүрэн бүтэн байлгах гэж цэнхэртэх үүрээр, цэнхэр далайгаа эргэж явдаг байгаль хамгаалагчдад цаг нар амралт гэж байхгүй, хүмүүс амарч байхад тэд байгальдаа явж л байна. Амралтын өдөр тарвага, загас эргүүлдэхээс эхлээд бүр илүү хэрэг зөрчил гардаг байна.
Анх түүнийг ажиллаж байхад эзэнгүй шахуу байсан газрууд одоо битүү болж, бэлчээр хомсдон малчид нь жуулчид руу чиглэн ажиллах болжээ. Яамнаас тусгай зөвшөөрөл авсан гэх хүмүүс том хашаа байшингууд барин, малчдыг газар нутгаас нь хөөдөг байна. Малчид миний өсч төрсөн нутгийг хүмүүст өгсөн байна, та нар хуйвалддаг байх гээд гомдол их гаргадаг ч “Дээгүүрээ эрх мэдэлтнүүд нь зарчихдаг юмыг бид яаж мэдэх вэ дээ” гэж байлаа.
Байгаль хамгаалагч хамгийн эрсдэлтэй ажил
1990-ээд онд байгаль хамгаалах маш хүнд байж. Өмч хувьчлал болоод, ажилтай орлоготой хүн ч гэж байхгүй болсон. Бүгд л шахуу байгаль руугаа дайрч байсан цаг. 1997 оны нэгдүгээр сарын идэр есийн хүйтэнд Д.Батжаргал ганцаараа эргүүл хийж яваад далай дээр гурван хүн мөс цоолон загасанд тор тавьж байхтай таарчээ. Тэдэнд хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн гуя руу нь хутгалж, эзгүй хээр хаяад явсан байна. Тэр арай гэж үхэр чаргандаа суугаад, ухаан алджээ.
Азаар шар нь малын жим дагаж ижилдээ орж, цусны үнэрээр үхэр мал бужигнаж, мөөрөлдөхийг харсан нутгийн малчин Отгоо, хүү Батхүү нар харж, түргэн дуудаж амийг нь аварч байжээ. Эсгий гутал нь цусаар дүүрээд, хальж гоожиж байсан гэдэг. Тэр цагаас хойш яагаад эх орноо хамгаалсан хүнийг ингэх ёстой юм бэ гэж бодон, байгаль хамгаалах ажилд бүр их чин сэтгэлээр зүтгэсэн аж.
Гэмт этгээдүүд дараа нь найман жилийн ял сонсоод ирлээ, гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч гэж түүнээс гуйж иржээ. Тэр үед “Та нарт хүн чанар гэж байхгүй. Улс хүнийг хатгаж болно, хээр хаясанд нь би гомдолтой байна” гэж хэлсэн ч гэр бүлээрээ уйлж гуйгаад байхаар нь өрөвдөөд, “Та нар хичээж яваарай” гээд гомдолгүй гэсэн бичиг хийж өгчээ. Уулзахаараа одоо ч гэсэн түүнээс уучлалт гуйдаг бөгөөд Чингис хаан Зэв жанжныг өршөөсөн шиг, та намайг өршөөсөн гэдэг байна. Харин хүнд хутгалуулчихаад гомдолгүй гэж байдаг та чинь хаашаа сэтгэлтэй хүн бэ? гэж зэмлэх хүн олон байсан аж.
“Гэм хийсэн хүмүүс ухаарч ойлгосон л бол би гомдоод яах вэ дээ” гэж хэлэх түүнд хүн болгонд байхааргүй нинжин сэтгэл заяажээ. Сайхан сэтгэл, шударга зан үргэлжид хүний замыг гэрэлтүүлж явдаг болохоор Д.Батжаргалын зам үнэний гэгээтэй. Хамгийн сүүлд мөн загасны зөрчил гарсан бөгөөд зөрчил гаргасан хүмүүсийг торгон, нөхөн төлбөр тооцжээ. Тэд унаа машин хөлөглөсөн 10 орчим хүмүүс байсан бөгөөд ашиг олох зорилгоор 300 орчим загас барьсан байжээ. Загас барих зөвшөөрлийг сумаасаа авдаг бөгөөд ашгийн бус зорилгоор зөвхөн дэгээгээр, цөөн тоогоор барихыг зөвшөөрдөг байна.
Байгаль хамгаалагчид их чадварлаг байх ёстой
Байгаль хамгаалагчид их чадварлаг байх ёстой бөгөөд тэрбээр 10-аад байгаль хамгаалагчийг дагалдангаар сургасан байна. Тэд түүнийг багшаа гэдэг. Туршлагатай байгаль хамгаалагчид өтний батгана нисэхэд сэртэсхийдэг, их сонор байдаг бөгөөд Д.Батжаргал энэ аргаар зөрчил илрүүлж байжээ. Түүнийг айлд ороход өтний батгана нисээд хөшигөн цаагуур нь орчихож гэнэ. Мал гаргасан шинж ер алга, цэвэрхэн байхаар нь "Хөшгөө нээ" гэсэнд айлын хүн хулмаганан хөшгөө нээтэл гөрөөсний мах байж. Тэр хоёр айл гурван гөрөөс агнасан байсан аж.
Нутгийн хүмүүс мал ахуйгаа олохгүй байх, хулгайд алдахаараа “Батжаргал гуай бид малаа алдчихлаа” гээд ирдэг байна. Түүнийг цагдаатай андуурах нь холгүй. Айлын мал, адууны тамга анддаггүй түүнээс хайсан эрлээ яг голоор нь сонсоцгоодог аж.
Түүний чин хүсэл
Хүн болох багаасаа гэдэг. Сургуулийн хүүхдүүдэд байгаль хамгаалах тухай хичээлийг сайн зааж өгөх хэрэгтэй байна. Их засаг хуулинд байгаль хамгаалах тухай сайхан заалтууд байдаг. Юугаа ч мэдэхгүй хүүхдүүд амьтан харахаараа алах л гээд байх юм. Энэ шувуу, загас чинь ийм учиртай, нэн ховор амьтан гэж мэдүүлэх нь чухал. Мэдэхгүйгээсээ болж хууль их зөрчдөг. Харин нэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар дээшилсэн ч гэсэн хүүхдүүдэд байгаль бол бидний амьдарч буй орчин болохыг, хайрлаж хамгаалах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Зөрчил гаргуулахгүй байвал л бидний гавьяа тэр шүү дээ
Түүнтэй 20 орчим жил ажилласан нягтлан Ш.Туяа “Д.Батжаргал ах маш мэдрэмжтэй, их ажигч, гярхай. Санаачлагатай, харилцаа сайтай шогч, нийтэч хүн. Өөрөө их бодь мөрийн хүн болохоор гавьяа шагнал хөөцөлддөггүй. Зөрчил гаргуулахгүй байвал л бидний гавьяа тэр шүү дээ” гэдэг хүн. 30-аад жилийг амь биеэ хайрлалгүй, байгаль хамгаалах ажилд зориулсан түүнийг төр засгаас үнэлээд, авах ёстой шагналыг нь өгөөсэй гэж бид хүсдэг.
Тэрбээр 2017 онд тархиндаа цус харван нэг тал нь саажилттай болж, бие тааруухан хэдий ч ажлаа хийж явна. Байгаль хамгаалагчдын ажиллах орчин хүнд, цаг наргүй ажилтай амралтын өдөр, ажлын эхлэх, дуусах цаг гэж байдаггүй. Эдгээр хүнд хөдөлмөр эрхэлдэг төрийн албан хаагчдад төр засаг анхаарч, тэтгэврийн насыг нь 60 наснаас наашлуулж өгмөөр санагдлаа.
Байгалийн төлөө тэмцэгч таны хөдөлмөрийг төр засаг үнэлсэн үү? гэхэд тэрбээр “Байгаль хамгаалагчдад тийм том шагнал өгдөггүй байх аа” гэж хэлсэн нь сэтгэл эмзэглүүлэв. Тэд зөвхөн байгалиа хамгаалаад зогсохгүй мөн хилийн цэрэг, цагдаа, гал сөнөөгч, ухуулагч, ойжуулагч гээд маш олон ажил давхар хийдэг. Тэдний сарын цалин дунджаар 400 мянган төгрөг байдаг бөгөөд бүтэн сар хөдөө хээр, уул, хадаар яван ажиллаж байж ийм хөлс авдаг. Мөн Байгаль хамгаалагчдын амь насыг хороосон, машинаар чирсэн, гар, хөлийг нь хугалсан, хутгалж гэмтээсэн зэрэг олон хэрэг гарсан байдаг. Ирвэс хамгаалагч залуугийн амь насыг хохироосон хэрэг өдий болтол илрээгүй л байгаа. Тэд байгалийн төлөөх дайны талбарт тулалдаг эх орны цэргүүд юм.
Д.БҮЖИН
Холбоотой мэдээ