Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд болон Монгол улсын зарим иргэд Дэлхийн Монголчуудын Холбоо /ДМХ/ байгуулах талаар санаачилга гаргаад багагүй хугацаа өнгөрч байгааг уншигчид мэднэ. Уг санаачилга бодит ажил хэрэг болжээ. Энэ оны нэг болон гурав дугаар саруудад хуралдсан Дэлхийн Монголчуудын Холбооны үүсгэн байгуулагчдын хурлаар
ДМХ-ны эрхэм зорилгыг “Монголчуудын эв нэгдэл, Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, Монгол бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монголоо гэх Монгол хүний сэтгэл зүтгэлийн гал голомт, эвийн гэр байж, Монгол нэрийг өндөрт өргөх, Монгол Улсын болон Монгол хүн, дэлхийн Монголчуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, Монголчуудын харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж тодорхойлжээ.
Дэлхийн Монголчуудын Холбоо нь үйл ажиллагааныхаа Үндсэн чиглэлийг дор дурдсан 16 чиглэлээр тодорхойлсон байна.
- Монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны болон эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
- Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, Монголчуудын түүх, өв соёл, бахархалд харш бодлого, үйлдэл, үйл ажиллагаатай үл эвлэрэх;
- Монгол хүн, Монгол үндэстний зөрчигдсөн эрх, хохирсон эрх ашгийг улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад төлөөлөх, хууль хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, хамтарч ажиллах;
- Монгол хүн, Монгол үндэстэн, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах болон тулгамдаж байгаа асуудлыг судлах, таниулах, ойлгуулахад чиглэсэн нөлөөллийн болон лобби үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Монгол үндэстэн, дэлхийн монголчууд, тэдний хамтын ажиллагааны боломж, сорилтын асуудлаар нээлттэй, сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Дэлхийн монголчуудын талаарх Монгол улсын явуулж байгаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг шинэ нөхцөл байдалтай уялдуулан боловсронгуй болгох, идэвхжүүлэхэд хамтран ажиллах;
- Монгол хүүхэд, хүн бүрийн Монгол хэл бичиг, соёл уламжлал, Монголын түүх бахархлаа сурч мэдэх, өвлөн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлэх;
- Дэлхийн монголчуудын ахан дүүсэг байдал, садан төрөл, ургийн хэлхээ холбоо, Монгол үндэстний дархлаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн сайн санаачилга бүрийг дэмжих;
- Монгол хүүхэд, оюутан, залуусын сурч боловсрох боломжийг улам нэмэгдүүлэх, тэр тусмаа Монгол улс болон бусад найрамдалт улс гүрэнд суралцах, ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тэтгэлэг, дэмжлэгийг бүрдүүлж хэрэгжүүлэх;
- Монгол судлалыг онцгойлон дэмжиж, Монголчуудын түүх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сурталчлан таниулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
- Монгол үндэстний түүх бахархал, уламжлал соёл, эв нэгдлийн билэгдэл болсон уламжлалт зан үйлийг дэмжих, дэлхийн монголчуудын Наадам зохиох болон урлаг, спорт, соёл, хүмүүнлэгийн төсөл, хөтөлбөрийг санаачлах, санаачлагчидтай хамтарч ажиллах;
- Монгол хүний Монгол улсад ирэх, зорчих, амьдрахад чиглэсэн боломж нөхцөлийг сайжруулах, дэлхийн монголчуудын соёл уламжлал, сургалт бизнесийн төв, хотхон байгуулах, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх;
- Дэлхийн монголчуудын түүх, амьдрал, тулгамдаж байгаа асуудал, Монгол хүн, үндэстний талаарх бодит судалгаа, Монгол Монголоо дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
- Үндэсний болон олон улсын арга механизмыг идэвхтэй ашиглан монголчуудын түүхийн үнэн бодит байдлыг таниулж мэдүүлэх, Монгол хэл бичгийн идэвхтэй, нэгдмэл, нийтлэг хэрэглээг дэмжих;
- Монгол үндэстний түүхэн болон байгаль, соёлын бахархалт шүтээн тэдгээрийн агуулга, ач холбогдлыг сурталчлах, үзэж харах, аялан жуулчлах боломжийг нэмэгдүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодит санаачилгуудыг хэрэгжүүлэх;
- Монгол хүн, Монгол үндэстний эрхийн төлөөх тэмцэгчдийг алдаршуулах, амь үрэгдсэн баатруудаа дурсах, хүндэтгэл үзүүлэх, мөн Монгол хүн, Монгол үндэстний эсрэг үйлдэл, түрэмгийллийг илчлэх тус тусын өдрүүдийг бий болгож тодорхой үйл ажиллагаа явуулдаг байх;
Монголчуудын эв нэгдэл харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Монгол Үндэстний нийтлэг эрх ашигт үйлчлэх, Монгол хүн, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой Дэлхийн Монголчуудын Холбоо нь үйл ажиллагааныхаа зарчмыг
“Монгол үндэстний нийтлэг эрх ашигт үнэнч байх. Эв нэгдэл, ёс зүй, манлайлал хариуцлагыг эрхэмлэх. Байгууллагын эрхэм зорилго, нэр хүнд, хараат бус байдалд харш үйлдэл, үйл ажиллагаанд үл автах. Аливаа асуудлыг дотооддоо, өөрийн дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх. Давхардсан бүтэц, зохион байгуулалт, нэршил бий болгохгүй байх.” гэж тунхагласан нь нүднээ тод туслаа.
Дэлхийн Монголчуудын Холбоо нь “Дэлхийн Монголчуудын хуралдай, Нэгдсэн зөвлөл, тус тусын Удирдах зөвлөл, өөрийн дүрэм журам, шийдвэрээр тогтоосон бүтэц, зохион байгуулалтаас бүрдэнэ.”гэж Үндсэн дүрэмдээ тусгажээ.
ДМХолбоо нь “Монгол Монголоо хайрлая”, “Эвээ эрхэмлэе”, “Эв нэгдэл, эрх чөлөө, хөгжил дэвшил” гэсэн уриатай байх аж.
Өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон Үүсгэн байгуулагчдын хурлаар Дэлхийн Монголчуудын Холбооны Нэгдсэн Зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн дарга болон ДМХ-ны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Монголын Цахиагийн Элбэгдоржийг сонгожээ. ДМХ-ны Ерөнхийлөгч нь холбоогоо болон даргын хувьд ДМХ-ны Нэгдсэн Зөвлөлийг төлөөлөх ажээ. Мөн хурлаар Холбооны билэгдэл болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.
ДМХ-ны Үүсгэн байгуулагчдын хуралд Монгол улс, Европын зарим орон, АНУ болон Япон улсаас монголчууд идэвхтэй оролцжээ. Монголчуудын эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийн төлөө дэлхийн байгаа суугаа улс орондоо тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын болон нийтийн зүтгэлтэн, идэвхтнүүд Дэлхийн Монголчуудын Холбоог байгуулах санаачилгыг дэмжсэн байна. Монгол улсаас Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, нэрт зохиолч Д.Урианхай, чөлөөнд байгаа Генерал Л.Пүрэвдорж зэрэг олны танил эрхмүүд уг үйл хэргийг дэмжиж үүсгэн байгуулагч болцгоожээ.
Дэлхийн Монголчуудын Холбооны санаачилга, үйл ажиллагаа, дүрэмтэй холбоотой мэдээллийг “Дэлхийн Монголчуудын Хуралдай” https://www.facebook.com/WorldMongolFederation Фейсбүүк пейж,
https://twitter.com/WorldMongolFed1 твитер хуудас, info@wmc.mn имэйл хаяг, 70000998 утсаар холбогдон авч болох юм байна.
Сэтгүүлч Д.Бат
Холбоотой мэдээ