Дэлхийн II дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг авч одсон цар тахалтай дэлхий нийт, монголчууд ч тэмцсээр байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд халдварын тоо нэмэгдэж, халдвар бүртгэгдээгүй хороо үлдээгүй бол ногоон бүс болон зарлагдаад байсан бараг бүх аймагт халдвар бүртгэгдэв.
Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцин. Тиймээс ч дэлхийн улс орнууд иргэдээ вакцинжуулахад онцгой анхаарч, яаравчилж байна. Монгол Улсын хувьд 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш 346745 (өчигдрийн байдлаар) иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг хамруулжээ.
Гэвч Эрүүл мэндийн яамны мэдээллээр халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 11 болов. Хамгийн сүүлийн мэдээллээр халдвар авч эмчлүүлж байгаа хүмүүсээс ес нь маш хүнд байгааг мэдээлэв. Эрдэмтэн, судлаачдын зүгээс ч цаашид халдварын тоо өсч, дөрөвдүгээр сарын сүүлээр халдварын тоо одоогийнхоос нэг дахин нэмэгдэж, нас баралт өснө гэдгийг зөвлөж байгаа.
Харин Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварыг хумих, иргэдээ яаралтай вакцинжуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Тэрбээр "Сovid-19 нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг нэгхэн жилийн дотор авчирлаа. Дэлхийн улс орнуудын хувьд хүн амаа вакцинжуулах нь нэн тэргүүний ажил. Цар тахлыг даван туулах цорын ганц арга нь вакцинжуулалт. Одоогоор дэлхийн хүн амын 1.8 хувийг хос тун вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Монгол Улсын Засгийн газар шуурхайлан ажиллаж, хоёрдугаар сарын 2-ны өдрөөс вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346745 иргэн буюу 16.3 хувийг вакцинжуулаад байна.
Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар хэмээн албан ёсоор зарлаж байна. Үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, хатуу хөл хорио тогтоохгүй, иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал байна. Цар тахлын эсрэг тэмцэлд улстөржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн, нягтарч эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтарч ажиллахыг Ерөнхий сайдын зүгээс хичээнгүйлэн хүсч байна. Covid-19-гүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээн уриалав.
Нэг хэсэг иргэд вакцинд хамрагдах хүсэлтэй байсан ч вакцины нийлүүлэлт хомсдолтой, зөвхөн төлөвлөсөн иргэд вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хурд бага байна гэж шүүмжилж байсан бол өнөөдрөөс эхлэн өдөрт 30 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Засгийн газраас вакцины нөөц, цэг, эмч нарын хүрэлцээ зэргийг тооцож, тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн иргэд, зургадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг вакцины эхний тунд хамруулж, ирэх долдугаар сард бүх иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.
Энэ сард 900 мянган хүн тун “Вероселл” вакцин, нэг сая тун "Спутник-V", 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах талаар ЭМЯ-наас мэдээлээд буй.
Иргэдийн зүгээс вакцинд хамрагдах хүсэлтэй, вакцинжуулах цэг, байрны тоо, эмч нарын хүрэлцээгүй байдлыг шүүмжилж байсан бол өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэн бүр өөрийн гэртээ ойр вакцинжуулах цэгт очоод вакцинд хамрагдах боломжтой болж байна.
Нөгөө талдаа 55-аас дээш насныхан вакцинд хамрагдахгүй байх, иргэд идэвхгүй байх тохиолдлууд өнгөрсөн өдрүүдэд ажиглагдаж байгааг албаныхан хэлж байгаа бөгөөд вакцинжуулах цэг бага, тэнд нь хүний бөөгнөрөл үүсэх, иргэдийг илүү их эрсдэл рүү дагуулж буйг ч шүүмжилж байгаа юм. Вакцинд хамрагдаагүй иргэдээ хоёр сарын хугацаанд эрчимтэй вакцинжуулалтад хамруулахаа Засгийн газар мэдэгдчихлээ. Ингэхдээ дархлаажуулалтын цэгийг олшруулах, вакцины хангамжийг сайжруулах, эмч нарын хүрэлцээ хангалтад онцгой анхаарах нь чухал.
Харин иргэдийн зүгээс вакцинд идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих нь нэн чухал болоод байна. Ингэж байж бид хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгаа сэргээх, орлогоо нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалах, эрүүл мэнд, амь насаа хамгаалж, хэвийн амьдралдаа орох боломж бүрдэх юм.
Холбоотой мэдээ