Н.Түвшинбаярыг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярыг саатууллаа

Н.Түвшинбаярыг саатууллаа

НЭМЭЛТ: 10:45 ЦАГ

Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийн байгууллагын ажилтнууд Н.Түвшинбаяраас мэдүүлэг авахаар авч яваад, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Ш.Рэнцэн шалгаж байгаа ажээ.

Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр (2021.04.05) албан ёсны мэдээлэл хийхээ зарласан билээ.

Н.ТҮВШИНБАЯР, Н.ЭНХБАЯР НАРТАЙ ХАМТ МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖЭЭ

Хэрэг гардаг өдрийн орой Н.Түвшинбаяр, Монголын телевизүүдийн холбооны ерөнхийлөгч, ETV телевизийн захирал Т.Ганзултай "Шангрила"-д уулзаж ажил ярьжээ. Удалгүй жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Гал-Эрдэнийн “MGT Mining LLC” компанийн оффис байрладаг “Их хуралдай” төвд зочилсон байна. Тэнд С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат нар хамт байжээ. Мөн тухайн өдөр Булган аймгийн Ардчилсан намынхан болоод Н.Түвшинбаяр нар байсан гэдгийг хэлж буй.

Хэрэг болсон газар Н.Түвшинбаяр, Э.Энхбат нарын хооронд үл ойлголцол үүсч, зодолдох үед ойр орчимд нь байсан хүмүүс цагдаа дуудаж, мэдээлэл өгчээ. Мөн тухайн хэрэг гарах үед “Херо”-гийн захирал Б.Баатар ирж, Э.Энхбатад анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламжид хүлээлгэн өгчээ. Мөн Н.Түвшинбаярыг машинд нь суулгаж, "Интермед" эмнэлэгт хүргэсэн гэсэн албан бус мэдээлэл байна.

Э.ЭНХБАТЫН БИЕ ТОГТВОРЖИЖ БАЙГАА ГЭВ

Улсын начин Э.Энхбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн өдрөө биеийн байдал нь маш хүнд, ар гэрийнхэн нь болон бөхчүүд эмнэлгийн гадна очсон байсан юм. Эмнэлгийн эмч нар шаардлагатай бүх арга хэмжээг авч, биеийн байдал нь тогтворжиж байгааг албаныхан мэдээлсэн. Хэрэг гарсан өдрийн талаар Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг “Том вискиний шилээр нөхрийн минь тархи, нүүр ам, зулай руу цохисон байдалтай байсан. Миний нөхөрт зориудаар архи өгч, согтоож зодсон гэж би ойлгосон. Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 18.18 цагт надтай ярихдаа С.Гал-Эрдэнийн оффис дээр очих гэж байна" гэж ярьсан. Нөхрийн минь оёдлын тоо тоогоо алдсан. Тархины гол яс цуурсан. "Түвшинбаяр аа, одоо боль л доо" гээд шокноосоо гарч чадахгүй байсан” гэж  хэвлэлд мэдээлсэн байдаг.

Н.ТҮВШИНБАЯРЫН БИЕИЙН БАЙДЛЫГ ХАРЗНАЖ БАЙГААД СААТУУЛАХ УУ?

Түүнээс хойш удалгүй “Интермед” эмнэлэгийн орон дээр Н.Түвшинбаярын тархи, гарандаа боолт хийлгэсэн зураг цацагдсан. Түүнийг тухайн өдөр мөн толгойдоо гэмтэл авч, оёо тавиулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн тухайн зургийг эмнэлгийн ажилтан авсан гэх мэдээлэл ч гарсан. Гэхдээ тухайн өдөр хэргийн газар юу болсон талаарх мэдүүлгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс түүнээс мэдүүлэг авсан ч эмнэлэгт буцаах шаардлагатай гэж үзэж, саатуулаагүй буцаасан юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж, Н.Түвшинбаярыг саатуулах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр түүнийг саатуулж магадгүй аж. Анх мэдүүлэг авахдаа эмнэлэгт дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн учраас шууд саатуулаагүй, эмнэлэгт хүргэсэн.

"ОЛИМПИЙН ХОРОО ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН НЬ БАТЛАГДВАЛ МЕДАЛЬ ХУРААХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ"

Ийнхүү хэргийн талаарх шуугиан намжиж амжаагүй байхад МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын олимпийн наадмаас хүртсэн алт, мөнгө медалийг IOC буюу Олон улсын олимпийн хорооны албан ёсны хуудсанд дээр хураасан байна гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тарсан. Тус хорооны дүрэмд зааснаар тухайн тамирчин нь олимпоос медаль авахдаа сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон, эсвэл зохион байгуулалттайгаар хуйвалдаж, авлига өгч, авсан нь тогтоогдсон тохиолдолд л медалийг нь хурааж, дараагийн тамирчинд нөхөн олгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Түвшинбаярын олимпийн медалийг хураасан гэдэг ташаа мэдээлэл.

Н.ТҮВШИНБАЯР ОЛИМПИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛАА ӨГӨХ ҮҮ?

Үүсээд буй нөхцөл байдлыг авч үзвэл, Н.Түвшинбаяр олимпийн хорооны ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөх нь зүй ёсны хэрэг. Саяхан "Токио 2020" олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийн талаар бүдүүлэг үг хэлснээсээ болж албан тушаалаасаа огцорсон бол Беларусийн олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Лукашенко улс төртэй холбогдож, тамирчдыг улс төрийн золиос болгон, ялгаварлан гадуурхсанаасаа болж ажлаа хүлээлгэн өгсөн. Лукашенкогоос болж Беларусийн олимпийн хороо олон улсын олимпийн хорооноос санхүүгийн дэмжлэг авч чадахаа больсон билээ.

Монголын үндэсний олимпийн хорооны дүрмийн 10.1 Гишүүн өөрийн хүлээсэн үүргийг хангалттай биелүүлж чадаагүй болон Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрэм болон МҮОХ-ны дүрмийг зөрчсөн тохиолдолд гаргасан зөрчил, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна.

10.1.1 Сануулах;
10.1.2 Түдгэлзүүлэх;
10.1.3 Хөөх гэж заасан байдаг ажээ.

Үүнээс гадна олон улсын олимпийн хорооны “Арга хэмжээ, хориг арга хэмжээ, сахилгын журам ба маргаан шийдвэрлэх хэсэгт” зааснаар Олон улсын олимпийн хорооны гишүүн, хүндэт ерөнхийлөгч, хүндэт гишүүд нь ёс зүйн алдаа гаргаж, олимпийн харти, олон улсын олимпийн хорооны ашиг сонирхолд аюул учруулсан тохиолдолд гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх, бүрэн эрхэд нь хэсэгчилсэн хориг тавих зэрэг арга хэмжээнүүдийг авдаг ажээ.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны гуравдугаар зүйл, МҮОХ-ны зорилгын 3.6-д зааснаар Спортод ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх хэлбэрийг эсэргүүцэх ба биеийн тамир, спортын хөгжилд саад учруулах аливаа сөрөг нөлөөллийн эсрэг идэвхитэй тэмцэх гэжээ. Гэтэл МҮОХ-ны ерөнхийлөгч нь тамирчнаа хүчирхийлж, биед нь ноцтой гэмтэл учруулсан байдаг.

Өнгөрөгч 2020 оны наймдугаар сард явагдсан Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурлаар МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр нийт хуралд оролцсон гишүүдийн 123 буюу 94.6 хувийн саналаар ялалт байгуулж, тус хороог удирдахаар болж байлаа. Одоо олон улсын олимпийн хороо арга хэмжээ авахаас өмнө МҮОХ-ны зүгээс ёс зүйгүй авир гаргасан ерөнхийлөгчдөө арга хэмжээ авах хэрэгтэй. Эс бөгөөс олон улсын олимпийн хороо Монгол Улсад санхүүгийн дэмжлэг өгөхөө зогсоож, магадгүй олимпийн хартиг зөрчсөн гэж үзэн, Монголын баг тамирчдыг олимпийн наадамд оролцуулахгүй байж болзошгүй. Угтаа энэ бүгдээс урьдчилан сэргийлж Н.Түвшинбаяр хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж