Хэрлэн голыг явганаар гатлаж байгаад живсэн таван хүнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Хэрлэн голыг явганаар гатлаж байгаад живсэн таван хүнийг аварчээ

Хэрлэн голыг явганаар гатлаж байгаад живсэн таван хүнийг аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.04.03/ бүртгэгдсэн осол гэмтлийн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна. Иргэд өөрсдийн санамсар болгоомжгүйн улмаас бэртэж гэмтэх, цаашилбал амь насаа алдах эрсдэл ч үүссээр байгаа тул иргэдийг үйлдэл бүртээ анхаарал болгоомжтой байхыг албаныхан санууллаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн голыг таван иргэн явганаар гатлаж байгаад хөл алдаж живж байсныг онцгой байдлын аврагчид аварчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэх хайх, аврах салбарын алба хаагчид очиж 20 минут ажилласны дүнд 14-39 насны таван хүнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын гуравдугаар багийн иргэн гуравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй болсон тухай мэдээлэл дөрөвдүгээр сарын 2-нд бүртгэгджээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хамтран 17 настай хүүг хайж эхэлсэy.

Ингэхдээ сумын төвөөс хойд зүгт 30 км радиус дотор уул хавцал, Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул дөрөвдүгээр сарын 03-нд түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөөний 07.00 цагт дахин эхлүүлжээ.

Зайсангийн Ханбогд амралтаас Богд Хан-Уул ууланд гарсан хоёр иргэн гар, хөлөө хугалсан гэх дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллажээ. Аврах ангийг очих үед Баянзүрх дүүргийн харъяат 54 настай иргэн, Хан-Уул дүүргийн харъяат 15 настай иргэн нар уулнаас бууж байгаад зүүн хөлийн шилбэний савхан яс мөн баруун гарын шуу хэсгээ хугалсан байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлж дамнуурга, аврах олс ашиглан уулнаас буулгасны дараагаар ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байрны дэргэд дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг өнөөдөр /2021.04.04/ 01.32 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, цогцсыг гарган аймгийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлсэн байна. Тухайн иргэний нэр, насыг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж