АНУ-ын технологийн салбарын тэрбумтан Илон Маск тархины бичил чип бүтээн, түүнийгээ гахай, сармагчинд амжилттай туршин технологийн дэвшилд хүрсэн. Хэдхэн сарын дараа Род арлын Браун их сургуулийн эрдэмтэд дэлхийн түүхэнд анх удаа хүний тархийг утасгүйгээр компьютерт амжилттай холбожээ.
Сүүлийн үед технологийн салбарт тархи, компьютерийг холбох(BCI) чиглэл олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бөгөөд олон ч эрдэмтэн энэ талаар туршилт, судалгаа шаргуу хийж байгаа билээ. Харин Браун их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа ажлыг шинэ түвшинд гаргаж, 35, 65 настай хоёр эрийг оролцуулан бүтээсэн "braingate" технологийнхоо клиник туршилтыг хийсэн байна. Туршилтад оролцсон эрчүүдийн тархийг компьютерт холбон курсор хөдөлгөн програм идэвхжүүлэх, юм бичих зэрэг үйлдэл хийлгэж үзсэн аж.
Био технологийн олон улсын эрдэм шинжилгээний “IEEE Transactions on Biomedical Engineering” сэтгүүлд нийтлэгдсэн туршилтын тайлангаас үзвэл тархийг компьютерт холбож буй технологи бол 40г орчим жинтэй жижиг хүлээн авагч бөгөөд түүнийг тархинд тусгайлан байрлуулсан төхөөрөмжид залган алсын зайнаас компьютерт холбогдоход ашиглах гэнэ.
Туршилтад оролцсон хоёр эр тархиа компьютерт холбосныхоо дараа гараар бичиж буй хурдтай ижил хурдаар үг, өгүүлбэр зэргийг бичиж чадаж байсан гэнэ. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр дээрх төхөөрөмжийг ашиглан тархиа компьютерт 24 хүртэл цаг холбоход ямар нэг сөрөг үр дагаваргүй аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ