Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.
Нийт дөрвөн га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажил НИТХ-ын хурлын шийдвэрээр 2018 онд эхлэн он дамнан үргэлжилж байна. Тохижилтын ажлын хүрээнд 750 метр дугуйн болон гүйлтийн зам, 8000 м.кв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000 м.кв талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлууд хийх гэнэ.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “Неон гэгээ” компанийн ажилчидтай уулзаж гүйцэтгэлийн ажлыг барилга байгууламж, угсралтын ажил гүйцэтгэх стандартын дагуу аюулгүй байдлыг ханган ажиллахыг зөвлөв.
Түүнчлэн иргэдэд угсралтын ажил бүрэн дуусаагүй байгаа талаарх мэдээллээр хангах, стандарт самбаруудыг байршуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцах үеэр “Энэ цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүрдэх юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд 10×10 харьцаатай 47 бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хүрээлэн байгуулах бүтцийн судалгааг хийж байршлуудыг сонгож дууссан.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол буюу байшин хорооллуудад бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах газар бэлэн болсон. Урин дулааны улирал эхэлж буй энэ өдрүүдэд бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ” гэдгийг онцлон хэллээ.
Холбоотой мэдээ