Нийслэлд нийтийн тээврийн өдөр тутмын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автобусны 60 гаруй хувь нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглаж байгаа аж. Иймд нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн талаар албаныхан онцлов.
Тодруулбал, энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 45 хувь нь ашигласан хугацаагаар буюу насжилтаар үйлчилгээнээс хасагдах гэнэ. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм зэрэгтэй танилцах үеэр ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан онцлон хэлж байв.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанийн татварын актын дагуу орж ирсэн 356 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Энэ хөрөнгийг нийтийн тээврийн цогц шинэчлэлд зарцуулах боломжтой” гэжээ.
Ц.ЯНЖИНДУЛАМ
Холбоотой мэдээ