ОХУ-ын Благовещенск хотын нэгэн эмнэлэгт эмч нар нээлттэй зүрхний хагалгаа хийж байх үеэр гал гарчээ. Гэвч эмч нар хүний амь настай холбоотой чухал хагалгааг зогсоолгүйгээр үргэлжлүүлж, амжилттай дуусгасан байна.
Эмнэлгийн дээвэр хэсэг шатаж, гал сөнөөгч нар барилгын тогийг тасалж, гал унтраасан ч мэс засалчид мэс заслын өрөөний яаралтай үед хэрэглэх нөөц эрчим хүчийг ачаалуулан ажлаа үргэлжлүүлсэн аж. Галын угаар эмнэлгийн өрөөнүүдээр дүүрч байсан ч сэнс ажиллуулсны хүчинд мэс заслын өрөөнд угаар орохоос сэргийлсэн гэнэ.
Мэс засал хийж буй эмч нар болон өвчтөнөөс бусад 120 гаруй хүнийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж, мэс засал амжилттай өндөрлөсний дараа тэднийг ч мөн нүүлгэсэн бөгөөд золоор нэг ч хүний амь эрсдээгүй гэнэ.
Ахлах мэс засалч Валентин Филатовын мэдээлснээр түүний багийн найман эмч, сувилагчийн хувьд галаас илүү хүний амь нэн чухал байсан тул болж буй үйл явдлыг үл харгалзан мэс заслыг хоёр цагийн турш үргэлжлүүлж дуусгасан аж. Мөн Антонина Смолина эмчийн хэлснээр мэс заслын багийнхан гал гарахад огт сандралгүйгээр тайван байж мэргэжлийн ур чадвараа харуулсан байна.
Тус эмнэлэгийн барилгыг 1907 онд барьсан бөгөөд нутагтаа цор ганц мэргэжлийн мэс засал гүйцэтгэдэг эмнэлэг байж. Галын шалтгаан нь цахилгааны богино холболт байжээ. Хуучин барилга тул модон дээвэртэй байсан нь гал богино хугацаанд хүчээ авахад нөлөөлсөн гэнэ. Гэхдээ гал сөнөөгчдийн ачаар галыг хохирол багатай унтраасан байна.
Иймд Амур мужийн Засаг дарга Василий Орлов гал сөнөөгч, мэс засалч нарт шагнал гардуулахаар төлөвлөжээ. Мөн цахим орчинд хүмүүс “ОХУ-ын эдгээр чадварлаг, эрэлхэг эмч нарыг дэлхий магтан дуулах ёстой. Дэлхийн бусад бүх эмч нар ч гэсэн тэднээс үлгэрлэх хэрэгтэй” хэмээн магтан биширцгээж байгаа гэнэ.
A group of doctors and nurses stayed in a surgery room to complete an open-heart surgery as plumes of smoke rose from a hospital in eastern Russia after a fire broke out https://t.co/iGZf2xrGFR pic.twitter.com/P3bwq0MBrW
— Reuters (@Reuters) April 2, 2021
Эх сурвалж: UNILAD REUTERS
Холбоотой мэдээ