ЭМЯ: 620 хүнээс Covid-19 илэрсний 503 нь Улаанбаатарт бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 620 хүнээс Covid-19 илэрсний 503 нь Улаанбаатарт бүртгэгджээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Saturday, April 3, 2021

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 23 лабораторид нийт 12235 сорьцод шинжилгээ хийснээс 620 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10218 боллоо. Нэг өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо хамгийн өндөр буюу 620-д хүрээд байна. Өнгөрөгч 24 цагт 270 хүн эмчлэгдэж эдгэрснээр нийт 5649 хүн эдгэрээд байна. Шинээр батлагдсан 620 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн.

Шинэ тохиолдлуудын 503 нь нийслэлд бүртгэгдсэн. Ингэснээр Улаанбаатар хотын өвчлөлийн тоо 8392 болж байна. Сүүлийн 24 цагт Архангай, Баянхонгор, Булган, Дархан-уул, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудаас нийт 117 шинэ тохиолдол батлагдсанаар хөдөө орон нутгийн нийт өвчлөлийн тоо 1287 боллоо. Нийт 2107 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1822, хүндэвтэр 225, хүнд 51, маш хүнд есөн иргэн байна.

ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.УУГАНБАЯР:

50-аас дээш насынхан вакцинжуулалтад яаралтай хамрагдах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарынхан маань 50-аас дээш насны иргэдийг вакинжуулалтад хамруулахаар бараг 20 хонолоо.  Гэтэл 250 мянга орчим иргэнээс 100 гаруй мянган хүн л хамрагдсан байгаа нь идэвх сул байгааг харуулж байна. Үүнээс болоод 18-49 насны иргэдийн вакцинжуулалт хоног хоногоор хойшлогдож болохыг иргэд ухамсарлах хэрэгтэй байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Өчигдрийн байдлаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Орхон, Төв, Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Дархлаажуулалтад нийт 10 мянган хүнийг хамруулснаар улсын хэмжээнд хамрагдвал зохих хүн амын 17.5 хувийг хамруулж, нийт 346745 хүнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамруулсан байна. Одоогоор вакцины дараа ноцтой хариу урвал үзүүлсэн тохиолдолд илрээгүй.

Нийслэлд 50-аас дээш насны иргэдийн 50 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна. Өнөөдөр болон маргааш 50-аас дээш насны бүх иргэдийг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иймд энэ өдрүүдэд 50-аас дээш насны иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалъя. Учир нь үүнээс цааш төлөвлөгөөний дагуу бусад насны бүлгүүдийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм.

"ХАЛДВАРЫН ГОЛОМТОД 17 АЙМГААС 17 БАГИЙГ ДАЙЧЛАН АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛСЭН"

Ингээд албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өдөрт илэрч байгаа тохиолдлуудын хэдэн хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна вэ?

Ж.БАЙГАЛМАА : Гуравдугаар сарын 12-ноос эхлэн хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх болсон. Эдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төдвөөр хяналт  тавьж байна. Нийт өвчлөлийн 86 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй байгаа тул энэ хэмжээний хүн ам гэрээр эмчлүүлэх боломжтой. Эмнэлэгт өндөр настай,  архаг суурь өвчтэй, жирэмсэн зэрэг халдвар цаашид хүндэрч болзошгүй иргэд хэвтэн эмчлүүлж байгаа.

-Орон нутагт халдвар бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор орон нутагт ажиллах хүч, нөөц хэр байгаа вэ?

-ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулсан баг 17 аймгаас 17 багийг дайчлан ажиллуулж эхэлсэн. Орон нутагт нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор зарим аймгууд дайчлагдсан багаа буцаан татсан. Мөн Улаанбаатар хотын халдварын тархалт хүндэрч байгаа тул нэмэлт 48 багийг гаргаж, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариу арга хэмжээний багт хоёр өдрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж байна.

Вакцины нийлүүлэлтийг хөдөө орон нутагт хэзээнээс хийж эхлэх вэ?

О.ДАШПАГМА: Хилийн боомттой аймгуудад тээврийн жолооч болоод тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинжуулах ажлыг хийж байсан. Дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган хүн тун вакциныг хүлээж авсан. Өнөөдрөөс эхлэн 21 аймгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийнхан, мөн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагатай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилчдыг дархлаажуулах шаардлагатай 116 мянган хүн тун вакциныг хөдөө орон нутгуудад хуваарилсан.

-Ахмад настнууд буюу 65-аас  дээш насныхныг хэзээнээс вакцинд хамруулах вэ?

-Улаанбаатар хотод 65-аас дээш насныхныг хамруулж байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлд 50-аас дээш насны хүн амаа өнгөрсөн хугацаанд бүх л өдрүүдэд дархлаажуулалтад хамруулж байгаа. Дүүрэг дотроо аль ч цэгт очиж вакцинаа хийлгэж болно.

 

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж