Вакцины хоёр тунг хийлгэсэн бол долоо хоногийн тусгаарлалтад орохгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд нийт 149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25 мянга гаруй иргэнээ татан авчээ. Мөн ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6751 буюу нийт 31967 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулаад байна.
Өнгөрөгч гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1832 иргэн эх орондоо иржээ. Харин энэ сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр 2100 орчим иргэнээ татан авах төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс одоогийн байдлаар БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд байна.
Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь:
- Дөрөвдүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Дөрөвдүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 28-нд Сөүл-Улаанбаатар
- Дөрөвдүгээр сарын 29-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх юм.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлснээр гадаадаас ирсэн иргэний хоёр удаагийн шинжилгээний хариу сөрөг гарвал долоо хоног тусгаарлагдаад, гэртээ харих боломжтой гэв. Мөн гадаадаас ирэхдээ Covid-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хуваарийн дагуу хийлгэсэн бол долоо хоногийн тусгаарлалтад орохгүй гэсэн юм.
Ц.ДУЛАМ