"Ньюс" агентлаг өнгөрсөн долоо хоногт улс төр, нийгэмд болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ, ЗАРИМ САЛБАРЫГ ХЯЗГААРЛАВ
Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.
Хязгаарлалтын 14 хоногийн хугацаанд ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй. Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчилнэ. Харин үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллана. Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/ бол “Нарантуул”, “Хархорин”, “Барс”, “Хүчит шонхор”, “Нарантуул-2” зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/ Мөн дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаана.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯР СУЛЛАГДАВ
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дөрөвдүгээр сарын 1-нд суллагдсан гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ. Мөн тэрбээр өөрийн твиттер хуудастаа суллагдсанаа мэдэгдсэн.
Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсных нь дараа түүнийг цагдан хорьсон. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлдэг. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь баталгаажуулсны дараа Н.Номтойбаярыг саатуулсан нь олон хууль зөрчсөн хэмээн өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь ч мэдээлж байлаа.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ТОГТООЛД ХЭСЭГЧЛЭН ХОРИГ ТАВИВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн хоёр дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавив.
Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байх ёстой. Үндсэн хуулийн цэцийг байгуулах, түүний гишүүнийг томилж, чөлөөлөх асуудалд Улсын Их Хурал дур зоргын байдлаар хандах, Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрхийг эдлэх боломжгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж, “Хориг тавих тухай” албан бичгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн
“ОЮУТОЛГОЙ”-Н ЗЭСИЙН ЭКСПОРТ ЗОГСОВ
"Оюутолгой" компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас зогсоод байгааг “Туркойз Хилл Ресурс” компани гуравдугаар сарын 30-нд мэдэгдсэн.
Учир нь Covid-19-ийн халдварын нөхцөл байдлын улмаас Хятад-Монголын хил дээрх түүхий эдийн солилцоог Хятадын талаас зогсоосон байна. Тиймээс Хятадын талын худалдан авагчдад аль болох богино хугацаанд бүтээгдэхүүнээ нийлүүлэх тал дээр “Оюутолгой” компани Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж.
Тус компани дээр Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор 9.726 ажилтанд PCR-ийн шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан ч нийт ажилчдын аюулгүй байдлын үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил түр завсарлаад байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРЭЭС УУЧЛАЛ ХҮСЛЭЭ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б нь даргадаа зодуулсан хэрэг гуравдугаар сарын 29-нд гарсан. Тэрээр хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм. Харамсалтай нь биеийн байдал нь сайжралгүй, нас баржээ. Энэ талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ, чанар хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Хандмаагийн хэлснээр байлдагч нь Эрчимт эмчилгээний тасагт эмийн эмчилгээ хийлгэх явцад гуравдугаар сарын 30-ны 23.15 цагийн үед нас барсан байна. Биеийн байдал нь хүнд байсан тул мэс засал хийх боломжгүй гэдгийг хэлж байв.
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн талийгаачийн ар гэрээс уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дарга хурандаа С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн бүх шатны оффицеруудын төлөвшилт, бэлтгэлжилтийг шалгахаар болж, хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр хэрэг нээн шалгаж байна.
ШҮЛСНЭЭС COVID-19 ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ
Covid-19 халдварыг шүлснээс илрүүлэх АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн PCR оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа гуравдугаар сарын 30-нд болов. Шүлснээс Covid-19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болсон. Мөн хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм. Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой болохыг тогтоосон. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болно" хэмээн Д.Нямбаяр мэдэгдсэн юм.
Оношлуурыг бүтээхэд Боловсрол, шинжлэх, ухааны яамнаас 47 сая төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Одоогоор 4000 нэгж шинжилгээний оношлуурыг бэлэн болгоод байгаа боловч хангалттай нөөцийг бүрдүүлэхийн тулд тоног төхөөрөмж шаардлагатай байгаа аж. Хэрэв шаардлагатай техник хэрэгсэл хүртээмжтэй байвал өдөрт 20 мянган сорьцын оношлуур бүтээх боломжтой тухай эрдэмтдийн багийн төлөөлөл хэлсэн. Нэг удаагийн шинжилгээний түүхий эд орсон өртөг 31200 төгрөг. Гэхдээ энэ өртгийг цаашид 7800 төгрөг болгож бууруулах боломжтой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ