Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад шууд хариулт өгч, мэдээлэл хийлээ. Иргэдээс ирсэн асуултад долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригт УОК-ын Шуурхай штабаас хариулт хүргэдэг билээ.
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Saturday, April 3, 2021
-Гуравдугаар сарын 30, 31-нд тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдаж болох уу? Шинэ журам дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэсэн.
-Өчигдөр Шадар энэ асуудлыг шийд гэсэн чиглэл өгсөн. Долоо хоногтоо багтаж хоёр удаа PCR-ийн шинжилгээ авах ёстой. Шинжилгээ авч амжвал энэ хүмүүсийг гаргах үүрэг чиглэл өгсөн тул долоо хоноод гарна гэж ойлгоно.
-Халдварын шинж тэмдэг илэрч, халуурч байгаа иргэн шинжилгээг хаана хандаж, яаж өгөх вэ?
-Шинж тэмдэг илэрсэн иргэн 100 дугаарт холбогдож, эхний ээлжинд биеийн байдлаа үнэлүүлэх хэрэгтэй. Хэрэв хүнд байвал ХӨСҮТ-ээс шууд очно. Хөнгөн байвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад холбогдох зөвлөмжөө авна. Шинжилгээг цаг авч өгнө.
-Вакцинжуулалт үр дүнтэй байвал хилээ нээх үү?
-Тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр бүх бэлтгэлийг хэрэгжүүлж байгаа ч Монгол Улсад халдварын тоо өндөр байгаа тул хил нээгдэх хугацаа хойшилж болзошгүй байна. Одоогоор шийдсэн зүйл байхгүй.
-Гадаадаас ирсэн иргэн 7 хоног тусгаарлагдах уу?
-Тийм. Ирж байгаа иргэд нисэх онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгч байгаа. Хэрэв нисэх онгоцонд халдвар авбал илэрнэ гэж тооцож ирснээс нь хойш хоёр хоногийн дараа шинжилгээ авч байгаа. Дараа нь тав дахь хоног дээр нь шинжилгээ авч байгаа. Энэ хоёр шинжилгээний хариу сөрөг гарвал 7 хоноод гэртээ гарна.
-Зах худалдааны төвүүд яаж ажиллах вэ?
-ЗГ, УОК-ын тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 07:00-20:00 цагт зах худалдааны төвүүд нийт хүчин чадлынхаа 50%-аар хязгаар тогтоож үйл ажиллагаа явуулна. Жижиг хоолны газрууд, кофе шоп халдварын дэглэмээ баримтлаад, зааланд удаахгүйгээр үйлчилж болно. Ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүй, хоолны хүргэлт, захиалгаар үйлчилнэ.
-Шөнийн хөл хорио хэвээр үргэлжлэх үү?
-Бар, лоунж зэрэг үйлчилгээний газрууд ажиллахгүй учраас 23:00-06:00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлахгүй. Гэхдээ иргэд чөлөөтэй явж болно гэсэн үг биш, хяналтын эргүүл ажиллана.
-Хоолны газрууд зааландаа хүнд үйлчилж болох уу?
-Кофе шоп, түргэн хоолны газар халдвар хамгаалалтын дүрэм, журмыг баримтлан ажиллана. Харин томоохон сүлжээ зоогийн газар, рестораны хувьд зөвхөн гал тогоо ажиллаж, зааланд хүн хүлээн авахгүй. 50 хувьд хязгаарлаж, хоол захиалга, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой.
-Вакцинжуулалтад иргэд харьяалал харгалзахгүй хамрагдах боломжтой юу?
-Зөвхөн зорилтот бүлэг буюу 50-аас дээш насны хүмүүс харьяалал харгалзахгүй дархлаажуулалтад хамрагдана.
-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?
-Хөхүүл хүмүүс хийлгэж болно. Харъяа эрүүл мэндийн байгууллагадаа очоод эмчдээ үзүүлээд туйлын эсрэг заалтгүй бол хийлгэж болно.
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх үү?
-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөхгүй байгаа. Магадгүй жирэмсэн гэдгээ мэдэхгүй вакцин хийлгэсэн тохиолдолд ДЭМБ болон олон улсын судалгаагаар ураг болон эхэд сөрөг нөлөө байхгүй. Гэсэн хэдий ч судалгаа хязгаарлагдмал байгаа учраас одоохондоо жирэмсэн эхчүүдэд зөвлөхгүй байгаа.
-Орон нутгаас хотод ирээд буцаагүй иргэд вакцинд хамрагдаж болох уу?
-Зорилтот бүлэгт багтаж байвал хийлгэж болно. Одоогоор 50-аас дээш насныханд хийж байгаа.
-Гадаадаас ирэхдээ вакцины бүрэн тунг хийлгэсэн бол Монгол Улсад ирээд тусгаарлагдахгүй байж болох уу?
-Гадаадаас ирэхдээ вакцины хоёр тунг хуваарийн дагуу хийлгэсэн бол Монгол Улсад ирээд холбогдох газарт бүртгүүлээд долоо хоногийн тусгаарлалтад орохгүйгээр, шууд гэртээ харих боломжтой.
-Үсчин, гоо сайхны газрууд хэрхэн ажиллах вэ?
-Хүчин чадлынхаа 50 хувиар 20:00 цаг хүртэл ажиллана. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлага хүргүүлж байгаа.
-Гэр хорооллын иргэд гэрээр хэрхэн тусгаарлагдаж байгаа вэ?
-Гэр хорооллын айл өрхүүдийн хувьд гол хүндрэлтэй асуудал бол шахмал түлш, ундны ус, хог зэрэг асуудал байна. Ундны усыг долоо хоногт хоёр удаа зөөврөөр гэрт нь хүргэж өгч байгаа. Хог болон түлшний асуудлын хувьд тусгайлан машин гаргаж, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байна. Иргэдийн зүгээс ирж байгаа гомдлын хувьд дүүрэг, хорооны Засаг дарга, эрүүл мэндийн төв зэрэг олон газраас дуудлага ирж байна гэсэн. Энэ тохиолдолд иргэд санаа зовохгүй байх хэрэгтэй. Иргэний хувийн нууцыг хуулиар хамгаална гэдгийг санаж, шаардлагатай мэдээллийг холбогдох ажилтнуудад өгөхийг зөвлөж байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ