Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригийн мэдээлснээр ирэх Даваа гариг буюу дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн нийслэлийн 18-49 насны иргэдийг вакцинжуулж эхлэхээр болжээ. Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 5-наас 18-49 насны иргэд вакциндаа очоод хамрагдаарай. Тавдугаар сарын 1-гэхэд нийслэлийн иргэд вакцины эхний тунд бүрэн хамрагдана” гэв.
Нийслэлд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 40-44 цэг ажиллаж байгаа бөгөөд 18-49 насны иргэд эдгээр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой аж. Вакцинжуулалтын дарааллаар 18-24, 25-49 нас хэмээн ангилсан байсан ч ахмад настнуудын 60 хувийг вакцинжуулсан тул насны ангиллыг нэгтгэжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хороодын вакцинжуулалтын явцтай танилцах үеэр “Вакцины татан авалтыг идэвхтэй хийж байна. Өдөрт дунджаар 12 мянган хүнийг вакцинд хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлнэ. Энэ хурдаараа явбал эхний вакцины тунг зургадугаар сарын 1-нээс өмнө нийт иргэддээ хийж амжина. Улаанбаатар хотын хүн амыг тавдугаар сард багтааж дархлаажуулах зорилт тавьсан. Хэсэгчилсэн хөл хорио тогтоож байгаа нь эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгаж вакцинд анхаарал хандуулж буй хэрэг” гэдгийг мэдэгдсэн.
Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээнд 6,895 өндөр настан асаргаанд байдаг тул гэрт нь очиж вакцинд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ