Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр (2021.4.3) Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийн Дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийт 336,758 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалтын үйл ажиллагааг түргэсгэх үүднээс нийслэлд 80 дархлаажуулалтын цэг ажиллуулж байна.
Чингэлтэй дүүргийн Мэргэжил сургалтын төвд байрлах Дархлаажуулалтын цэгт өнөөдрөөс эхлэн настангууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Covid-19-ийн халдвар авах, хүнд хэлбэрээр өвдөх өндөр эрсдэлтэй настангуудыг вакцинжуулах ажлыг энэ төвд төвлөрөн хийж байгааг Др Сергей Диордица сайшаалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин хийлгэсэн ч гэсэн амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа угаах зэрэг халдвар хамгааллын арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг нийт иргэд, тэр дундаа залуучуудад сануулж, цар тахлыг хохирол багатай даван туулахад бүх хүн хариуцлагатай байхыг уриаллаа.
С.УНДАРМАА