ЭМЯ: 100 мянган хүн тун “Вероселл” вакциныг орон нутаг руу явуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 100 мянган хүн тун “Вероселл” вакциныг орон нутаг руу явуулна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Шууд: УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, НЭМГ–ын Нийслэлийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, БЗД дэх Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Р.Очирбадрах нар өгч байна.

Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Friday, April 2, 2021

Монгол Улсын Засгийн газрын хурлуудаас ээлжит шийдвэр гарч, Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор ‘улбар шар” түвшний хөл хориог тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 03-наас 18-ныг хүртэлх хугацаанд  ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтыг эрчимжүүлж, тодорхой арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.ГАНЗОРИГ:

Өнөөдрийн байдлаар голомт дагасан тандалт судалгааны ажлыг түргэн зохион байгуулах ажил эрчимжиж байна. Ойролцоогоор 18 мянган ойрын хавьтлын иргэд байгаа тоон судалгаа гарсан. Сангийн сайдын зүгээс хөл хорионы хугацаанд үйл ажиллагааг нь бүрэн хязгаарлаж байгаа ААН-д ямар дэмжлэг үзүүлэх талаар хэлэлцэж байгаа. Орон нутаг руу зорчих иргэдийн хувьд зөвшөөрлийн хуудсыг зарим тохиолдолд тухайн аймгаас авна. Харин Өмнөговь, Дорноговь аймаг руу зорчих хүндэтгэх шалтгаантай иргэдэд нэвтрэх бичгийг Улсын онцгой комиссын холбогдох алба хийж өгч байгаа. Мөн гадаадаас татан авч буй иргэдийг долоо хоногийн хугацаанд тусгаарлан ажиглах шийдвэр гарсан. Гадаадаас ирсэн иргэдээс тусгаарлагдах хугацаанд хоёр удаагийн PCR шинжилгээ авна гэдгийг сануулъя.

БЗД-ийн цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Р.ОЧИРБАДРАХ:  

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ 30-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг хатуу анхааруулсан билээ. Гамшгаас хамгаалах тухай хууль болон Covid-19-тэй тэмцэх хууль, дүрэм журмаар эдгээр заалтыг тодорхой тусгаж, зохицуулсан байгаа. Гэсэн хэдий ч холбогдох хууль дүрмийг зөрчиж БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн гадаа талбай дээр олон нийтийг хамарсан арга хэмжээ өнөөдөр болсон. Энэ арга хэмжээнд 500 гаруй хүн оролцсон. Тэдгээр хүмүүст шаардлага хүргүүлж, тараасан. Хуулийн хүрээнд зохион байгуулагч нарт хариуцлага тооцно.

Эрүүл мэндийн яамны НЭМГ-ын хэлтсийн дарга О.ЭНХЗАЯА:

Монгол Улсад өчигдөр /2021.04.02/ БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины 300 мянган хүн тун буусан. Үүнээс 100 мянган хүн тунг орон нутаг руу явуулахаар ЭМЯ ажиллаж байна. Нийслэлд дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 40 цэгт 90 багийн 650 ажилтан 11181 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан байна. Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас Covid-19 эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд 323690 хүнийг дархлаажуулаад буй билээ. Энэ сард багтаан 1.1 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд АНУ, Германы хамтарсан “Файзер”, Оксфордын их сургуулийн “АстраЗенека”, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл”, ОХУ-ын “Спутник-V” зэрэг вакциныг зөвшөөрсөн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 46 цэгт зохион байгуулж байгаа бол маргаашнаас цэгүүдийн тоог нэмэгдүүлж 80 болгохоор төлөвлөж байна. Долдугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотын бүх иргэнийг хамруулах зорилт тавин ажиллаж байгаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж