Ардчилсан намын ээлжит бус бага хурал өнөөдөр /2021.04.03/ болж байна. Тус хурлыг Н.Ганибал даргалахаар боллоо. Нийт 21 аймаг есөн дүүргээс 200 гаруй мянган гишүүдийг төлөөлж 1210 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг намын бага хуралд өргөн мэдүүлж ёсчлон баталдаг. Дотоод сонгуулийн хорооноос О.Цогтгэрэлийг АН-ын бага хуралд өргөн мэдүүлж, ийнхүү батламжийг гардуулан өгч байна.
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛ:
“Итгэж найдлага хүлээлгэсэн гишүүддээ баярлалаа. Энэ удаагийн сонгуульд хамтдаа явж, бодлогын мэтгэлцээнд оролцож, ардчилсан шударга нийгмийн төлөө хамтдаа зүтгэсэн журмын нөхөддөө амжилт хүсье. Энэ удаагийн АН-ын даргын сунгаа амаргүй нөхцөлд боллоо. Нийгэмд АН-ын орон зай хаана байгааг иргэд биднээс асууж байна. АН сонгуулийн үйл ажиллагаандаа дотоод гишүүдээ оролцуулдаг нам болно. Үзэл санаан дээрээ бат зогсож гишүүдээ оролцуулсан нам болно. Хуваагдсан, бутарсан цаг эцэс болж, эвлэрсэн, шинэчлэн бүтээсэн шинэ үе ирлээ" гэв.
АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал тогтоол уншиж хуралд оролцогч төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрлөө. Намын төлөөлөгчид Covid-19-ийн шинжилгээнд хамрагдсан болохыг хурлын үеэр онцолсон юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ