М.Тулгат: Намайг хэн ч худалдаж авч чадахгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.03-нд нийтлэгдсэн

М.Тулгат: Намайг хэн ч худалдаж авч чадахгүй

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.


М.ТУЛГАТ: НАМАЙГ ХЭН Ч ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХГҮЙ

Ардчилсан намын даргаар сонгогдсон М.Тулгаттай ярилцлаа.


-Ц.Тувааны АН-аас ялалт байгуулсан О.Цогтгэрэлтэй  уулзсан уу. С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын хэрүүлийг О.Цогтгэрэл  та хоёр цаашид үргэлжлүүлэх нь тодорхой болчих шиг?

-Намын дүрмийн дагуу дотоод сонгууль зохион байгуулагдсан. Элдэв хэл ам, зөрчил гараагүй, нэр дэвшигчид бодлогын түвшинд шударга өрсөлдлөө. Намын дүрмийн дагуу хийсэн сунгааны үр дүнд ялсан хүнийг Улсын дээд шүүх бүртгэх учиртай. Энэ дагуу процессын ажлууд одоо явагдана. Дүрэм зөрчигдсөн асуудал байхгүй учраас дараагийн процессууд асуудалгүй шийдэгдэнэ гэж бодож байна.

-Ардчилсан нам өнгөрсөн 31 жилийн хугацаанд Монголын улс төрийн хүчнүүдийн нэг тулах багана байсан. Гэтэл өнөөдөр АН хүчгүй, сулбагар нам болж хувирчээ. АН-ын хүчгүйдэх, хоёр хуваагдах болсон шалтгаан хаанаас, юунаас эхлэлтэй вэ. Нөгөөтэйгүүр танай нам “Бодлогын нам болно” гэдгээ аль эрт зарласан ч үүндээ хүрч чадаагүй. Тэгэхээр АН бодлогын, төлөвшсөн том институци болоход та юу хийж чадах вэ?

-Үзэл баримтлал, суурь зарчим дээрээ тууштай явж чадаагүйтэй холбоотой гэж хэлнэ. Мөн намын дотоод ардчилал хангалтгүй явж ирсэн. Намын тодорхой шатууд нь хаалттай, гаднаас салхи оруулдаггүй байсантай ч холбон тайлбарлана. АН-ын бүх шатанд намынхаа үзэл баримтлалыг дахин суулгаж үзэл бодол, итгэл үнэмшил дээрээ бүгд нэгдмэл болох хэрэгтэй байна. Хоёрдугаарт, намын бүх шатанд үүссэн асуудал, гажуудлыг дүрмийн дагуу цэгцэлж гишүүддээ нээлттэй, ил тод нам болгохын төлөө ажиллана. Ингэж чадвал манай нам маш хүчтэй босч ирж чадна. Суурь нь ч бий.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


“ХЯЗГААР ТОГТООХГҮЙ БОЛ 36 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ БОЛОМЖТОЙ"

2021 он гарснаас хойш нүүрсний экспорт ямар байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Улсын төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн.  Гэхдээ цар тахлаас шалтгаалаад Монгол Улсын хувьд  Хятадад хэр хэмжээний нүүрс экспортлох боломжтой байна?

-Монголын гаалийн байгууллагаас аль болох нүүрсний экспортыг гацаахгүй, хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна. Covid-19-ийн тархалт нүүрсний экспортод нөлөөлөхгүй, БНХАУ-аас  ямар нэгэн хязгаар тогтоохгүй бол 36 сая тонн түүнээс дээш хэмжээгээр экспортлох  бүрэн боломжтой. Бид 2021 онд өмнөх 2020 онтой харьцуулахад 4-6 орчим хувиар илүү буюу 30 орчим сая тонн нүүрс экспортлох болов уу гэж тооцож байна.

-Өмнөх оны нэгдсэн дүнгээр нийт экспортын хэдэн хувийг нүүрс эзэлсэн бэ. Цаашид нүүрсний экспорт хэвийн үргэлжлэх боломжтой юу?

-Нийт дүнгээр өнгөрсөн онд 2.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 28.6 сая тонн чулуун нүүрс, 2.9 сая ам долларын 90.0 мянган тонн хүрэн нүүрс экспортлогдсон. Харин үнийн дүнгээр авч үзвэл нийт экспортын 28.0 хувийг нүүрсний экспорт эзэлсэн байдаг. Монгол Улсын гаалийн байгууллагаас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хэвийн үргэлжлүүлэх чиглэлд бүхий л бололцоог бүрдүүлэн ажиллаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"БАНКУУД IPO ГАРГАСНААР БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БОЛНО"

Монголбанкны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Банкны системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтаар 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Бусад компаниудад хамаарах ямар зохицуулалт орсон бэ?

-Банкууд хуульд заасан хугацааны дотор хувьцаат компанийн хэлбэрт шилжих бөгөөд банкны системд нөлөө бүхий банк зөвхөн нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх, бусад банкны хувьд нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байх эсэхээ шийдвэрлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зохицуулалтыг тусгасан.

-Энгийн иргэн банкны хувьцаа эзэмшихэд ямар шаардлага тавигдах вэ. Юун дээр анхаарах ёстой вэ?

Иргэд банкны хувьцаа эзэмших эрх нээлттэй. Тиймээс иргэд тухайн аль нэг банкнаас нээлттэй арилжаалахаар гаргаж байгаа хувьцааны талаар сайтар судалж, холбогдох дүрэм, журмын талаарх мэдээллийг мэргэжлийн, зохицуулах байгууллагад хандаж авсны үндсэн дээр хувьцааг авах эсэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Учир нь банкны салбарын онцлогоос хамаарч банкны хувьцаа эзэмшигч, түүний хүлээх үүргийн талаар зохицуулалт нь бусад энгийн компанийн хувьцаа эзэмшихээс ялгаатай байдаг тул тухайн асуудлаар тодорхой ойлголтыг урьдчилан авч, нөхцөл шаардлагыг сайтар судлах хэрэгтэй байдаг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


С.ЦОГТБАЯР: ИНЭЭД БОЛ ХАМГИЙН ДЭЭД ТААШААЛ

Энэ цаг үеийн шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач Самандарын ЦОГТБАЯР-тай ярилцлаа.


-Инээд бүхэн өөр өөр "өнцөг"-тэй байдаг болов уу. Цар тахлын энэ хүнд үед таны бүтээлүүдэд ямар инээд зонхилж байна вэ?

-Нийгмийн сүлжээн дэх олон төрлийн мэдээллийг хоргүйжүүлж, хөнгөн инээд бэлэглэх бүтээлийг цахим хуудастаа нийтэлж байна. Эмч нар Covid-19-ийн үед дархлаагаа маш сайн дэмжихийг иргэдэд зөвлөж байна. Уурлах, бухимдах, стресстэх зэргээс шалтгаалан хүний дархлаа ихээр унадаг. Сошиал медиаг хуучны хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулж үзвэл хяналтгүй, эмх замбараагүй орчин. Өнөөдөр ашиглаж байгаа цахим суваг бол хүн бүрийн үзэл бодлын талбар болчихсон. Мэргэжлийн бус, сэтгэцийн өөрчлөлттэй нас насны хүмүүс тэр талбар дээр харилцаанд оролцож байна. Зарим хүн сошиалыг сэтгүүлзүй гэж ойлгодог. Олон төрлийн эмх замбараагүй мэдээллийн урсгалыг шүүлтүүрдэж, цаг үеийн сенсаци болж байгаа материалуудыг хоргүйжүүлэхийн тулд сошиалаар бүтээлээ танилцуулдаг. Хүмүүст хөнгөн инээд бэлэглэж, хэм хэмжээний талаар тодорхой ойлголт өгч, нэгийг бодогдуулна гэдэг бол мэргэжлийн минь онцлог. Өөрөөр хэлбэл сэтгэгдэл уншиж, дархлаагаа унагаж байхаар зургийн өгүүлэмж хараад л сэтгэлийн таашаал авах боломжтой гэсэн үг.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж