АН-ын даргын сонгуулийг хүчингүй болгох шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

АН-ын даргын сонгуулийг хүчингүй болгох шаардлага тавив

АН-ын даргын сонгуулийг хүчингүй болгох шаардлага тавив

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд өнөөдөр /2021.04.02/ намынхаа удирдлагуудад хандан мэдэгдэл гаргаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд И.Мөнхжаргал даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нь өнгөрсөн гуравдугаар сарын 27, 28-нд Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулахдаа Ардчилсан намын үндсэн дүрэм, сонгууль зохион байгуулах журмыг зөрчсөн гэж мэдэгдлээ.

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны журмын 14 дүгээр зүйлийн 14.9-т "Дотоод сонгуулийн хорооны гишүүн нь санал авах байранд саналаа өгөхөөр ирсэн намын гишүүний иргэнийн үнэмлэх, намын гишүүний батлахыг саналын эрхтэй гишүүдийн бүртгэл, тухайн хэсэг дэх намын гишүүдийн нэрийн жагсаалттай тулган үзэж, зөрчилгүй бол санал өгөх гишүүний бүртгэлийн хуудаст тэмдэглэн, саналын хуудас олгоно" гэж заасан. Гэтэл Дотоод сонгуулийн хорооноос намын батлахтай л бол тухайн гишүүн санал авах байран дээр ирж, нэрсийн жагсаалтад бүртгэлгүй байсан ч саналаа өгч болохоор, саналыг нь өгч болохоор аймаг, дүүргийн Дотоод сонгуулийн хороондоо чиглэл өгсөн.

Covid-19 халдварын тархалт нэмэгдэж, 11 аймагт хөл хорио тогтоосон, цаг агаарын онц аюултай үзэгдэл орон нутгаар болж байгаа үед санал хураалтыг гуравдугаар сарын 27-нд 10.00-20.00 цагийн хооронд явуулж байгаа ч санал тоолох ажиллагааг гуравдугаар сарын 28-нд 10.00-20.00 цагт эхлүүлэхээр заасан нь Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны журмын 15 дугаар зүйлийн 15.1 "Санал тоолох ажиллагааг санал авах ажиллагаа дуусмагц эхэлж, ил тод нээлттэй явуулна" гэсэнтэй зөрчилдөж байна.

Дотоод сонгуулийн журмын дагуу сонгуулийн санал авах байрыг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө зарлах ёстой ч урьдчилсан санал авах нэрийн дор 10 аймагт сонгууль явуулахаар гуравдугаар сарын 27-нд шийдвэрлэж, мөн өдрөө санал хураалт явуулсан.

Мөн санал хураалтыг 10.00-20.00 цагийн хооронд явуулахаар заасан ч гуравдугаар сарын 27-нд санал хураалтыг 10 аймаг өөр, өөр цагууддад, гуравдугаар сарын 28-нд 09.00 цагт эхлүүлж, 20.00 цагт дуусгасан.

Архангай аймагт цар тахлын улмаас Ардчилсан намын даргыг сонгох сонгууль зохион байгуулах боломжгүй байгааг тус аймгийн Засаг дарга Дотоод сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэтэл 1590 санал хүчинтэй бөгөөд үүнээс О.Цогтгэрэлд 71.5 хувь нь санал өгсөн тухай дүн мэдээ гаргасан.

Төв аймгийн Жаргалант суманд сонгуулийн хэсгийн хороо болон санал авах байр байгуулаагүй. Саналын хайрцгийг нь намын дарга авч зугтаан, гишүүдээр санал өгүүлээгүй боловч 170 гишүүний өмнөөс санал өгөгдсөн, О.Цогтгэрэлд 80.5 хувь нь буюу 137 хүн санал өгсөн дүн мэдээ гаргасан.

Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймгуудад олон саналыг зориуд хүчингүй болгосон.

Сэлэнгэ аймагт 4955 хүн санал өгснөөс 12 хувь буюу 592 саналыг, Дархан-Уул аймагт 2745 хүн санал өгснөөс 17.4 хувь буюу 428 саналыг тус, тус хүчингүй болгосон.

Дундговьд болсон сонгуулийн дүнгээр гуравдугаар сарын 28-нд О.Цогтгэрэлд өгсөн санал 429 байж, хоёрт жагссан боловч дүнгийн нэгтгэлд 444 болж, нэгд оруулсан.

Зарим аймгуудад сонгуулийн ирцийг зохиомлоор өсгөж, гишүүдийн өмнөөс санал өгүүлсэн тохиолдол ч гарсан.

Иймээс Үндэсний бодлогын хорооны гишүүд цаасан хэлбэрээр зохион байгуулагдсан сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг Ардчилсан намын үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороонд өгч, цаашилбал шүүхэд хандана гэдгээ илэрхийлсэн юм.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж