Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Зөгийнөөс татвар авах гэсэн Засаг дарга захирамжаа цуцалжээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг дарга нь өөрийн сумын зөгийчдөөс нэг бүл зөгийнөөс нь 5000 төгрөг, бусад газраас ирсэн зөгийчдөөс хоёр дахин их татвар авах захирамжийг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд гаргажээ.  Энэ талаарх мэдээллийг Томоко Ибүкүро гэх япон бүсгүй өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эхлээд экс сайд нарын анхаарлыг ч татсан.  Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Сумын Засаг даргын захирамж Үндсэн хууль, Татварын ерөнхий хуулийг зөрчжээ. Татварын ерөнхий хуулийн 8.1-д татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор аймаг, нийслэл, сум, дүүгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно. УИХ нь татварын аль ч хуулиар бүл зөгийнд татвар тогтоох эрхийг орон нутагт олгоогүй” хэмээн жиргэсэн юм.

ЗӨГИЙЧИД БОЛОН ХЭРЭГЛЭГЧИД ХОХИРНО

Үүнтэй холбоотойгоор Томоко Ибүкүрогоос зарим зүйлийг тодрууллаа.

-Та болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Зүүнбүрэн сумын захирамжийг харсан юм. Захирамж дээр нутгийн зөгийчдөөс нэг бүлээс 5000, гаднын зөгийчдөөс нэг бүлийн 10 мянган төгрөгийн татвар хураах тухай бичсэн байсан. Тэгээд твиттер дээр энэ нь зөв үү, буруу ю, хуулийн үндэслэлтэй эсэхийг асуусан юм. Зүүнбүрэн суманд манай байгууллагын зөгий байдаггүй. Тиймээс уг татвар манайд хамаагүй ч хэрэв энэ жишиг тогтвол зөгийн салбарт маш сөргөөр нөлөөлөх болно. Зөгийчид зах зээлд сул байр суурьтай болж өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Хажуу сумууд нь барьцана. Эцсийн эцэст зөгийчид болон хэрэглэгчид хохирно. Тэгээд л энэ талаар дуугарсан юм. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, мөн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар зэрэг олон хүн анхаарч хариу өгсөн. Мөн хуульч нар ч холбогдох хуулийн тайлбарыг сайн дураараа бичиж өгсөн. Энэ нь хууль зөрчсөн гэж дээрх хүмүүс үзсэн. Одоо нутгийн зөгийчид энэ асуудлаар харъяа засаг захиргаандаа хандах хэрэгтэй.

-Таны хувьд аль суманд зөгийн аж ахуй эрхэлдэг вэ?

-Би Монголд ирээд 22 жил болж байгаа. Мөн “МИХАЧИ” ХХК захирлаар ажилладаг, бас зөгийчин. Сүүлийн зургаан жилд зөгийн аж ахуй эрхэлж байна. Манай компанийн зөгийн аж ахуй Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хушаат, Алтанбулаг, Сүхбаатар суманд байдаг.

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛСОН

Зүүнбүрэн сумын Засаг дарга Э.Саранбаатартай утсаар холбогдож гаргасан захирамжтай нь холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

-Монголд зөгийнөөс татвар авдаггүй юм байна. Гэтэл та татвар авах захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Зөгийчдийн санаачилгаар уг захирамжийг гаргасан юм. Манай сумын зөгийчид “Олон зөгийчид байгаа болохоор бэлчээрийн даацад нөлөөлж байна. Бид татвар төлье, гэхдээ орон нутгийн зөгийчдийг харж үзээч” гэсэн санал оруулж ирсэн юм. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд уг захирамжийг гаргасан. Манайд гадаадын зөгийчид их байдаг юм. Хамгийн гол нь зөгийчид машин тэргээр холхих, хог ихээр хаях зэргээр бэлчээрт сөргөөр нөлөөлж байна. Үүн дээр үндэслээд уг захирамжийг гаргасан юм. Үүнийг хүмүүс тун буруугаар ойлгож, зөгийнд татвар ногдуулж байна гэж ойлгоод байна. Одоо бэлчээрийн асуудал тун хүнд болсон.

-Одоогоор танай суманд хэдэн зөгийчин байна вэ?  

-Манай суманд 50-60 өрх зөгийн аж ахуй эрхэлдэг. Сүүлийн үед өөр сумдаас зөгийчид ихээр ирээд байгаа.

-Өөрийн гаргасан захирамжаа цуцлах уу?

-Маш олон хүн холбогдож байгаа. Уг нь бэлчээрээ бодохоор цуцалмааргүй байгаа ч хурлын захирамж хүчингүй болсон. Тэгэхээр уг захирамж хүчингүй болж байгаа. Өөрөөр хэлбэл, ИТХ-ын тогтоолыг үндэслэлгүй гэж үзсэн тул уг захирамжийг өнөөдрөөс /2021.4.2/ хүчингүй болгож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж