Цар тахлын улмаас ерөнхий боловсролын сурагчид цахимаар хичээллэж буй. Танхимын сургалтыг хориглосноор төгсөх ангийн сурагчид давтлага авах боломжгүй байгаа юм. Мөн бага ангийн 1-2 дугаар ангийн сурагчид цахим орчинд хичээлээ давтах, багштайгаа мэдээлэл солилцох, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад буй. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Юнител” ХХК-тай сурагчдын цахим хичээлийн хоцрогдолт үүсгэхгүй байх үүднээс хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан.
Сурагчдын теле болон цахим хичээлийн хамрагдалтыг сайжруулах ажлын хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн арван мянган сурагчдад "дататай дугаар" олгож, сурагчдын төлөөлөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүлээлгэн өглөө. Мөн энэ цаг үед Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдийн судалгаанд үндэслэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сургуулийн насны хүүхдүүдийн сурах нөхцөлийг нь бүрдүүллээ. Гэртээ телевизтэй болсноор сургуулийн насны 3-5 хүүхэд хичээлийн хоцрогдлоо арилгах, хичээлээ давтах боломжтой болж байгаа юм. Өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эх, зорилтот бүлгийн төлөөлөлд өнөөдөр телевиз өглөө.
Холбоотой мэдээ