Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 аймагт Covid-19-ийн халдвар бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт хөдөө орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 93-аар нэмэгдсэн юм.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ховд аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй “Аймгийн хэмжээнд өчигдөр 497 хүнээс PCR шинжилгээ авахад 13 тохиолдол батлагдсан. Үүнээс хойш Covid-19-ийн дөрвөн шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 33 боллоо. Түргэвчилсэн оношлуураар 557 хүнээс шинжилгээ авсан. Үүнээс гурван иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан тул PCR шинжилгээнд хамруулаад байна. Батлагдсан тохиолдлын олонх нь 52, 62, 72 айлын орон сууцнаас илэрсэн.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 102 иргэн тусгаарлан ажиглах байранд, 403 хүн гэрийн ажиглалтад байна. Ховд аймгийн Жаргалант суманд шаардлагатай салбарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээж, тусгай зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулахаар болсон” гэлээ.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Мягмарсүрэн “Батлагдсан 33 тохиолдлын 27 иргэний биеийн байдал хөнгөн. Харин хоёр хүний биеийн байдал хүнд байна. Шинээр илэрсэн дөрвөн тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Уг батлагдсан тохиолдлууд нь 19-24 насны залуучууд байна ” гэлээ.
Ц.ДУЛАМ
Холбоотой мэдээ