Б.Дөлгөөн: Дотоодын хөрөнгийн зах зээл өсөх боломж харагдаж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Б.Дөлгөөн: Дотоодын хөрөнгийн зах зээл өсөх боломж харагдаж байна

Б.Дөлгөөн: Дотоодын хөрөнгийн зах зээл өсөх боломж харагдаж байна

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах зөвлөх Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


 -Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан. Энэ хуулийн онцлох заалтуудын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Та бүхэн санаж байгаа байх, УИХ-аас 2018 онд банкны хяналт шалгалт, зохистой засаглал, удирдлагын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлээр Банкны тухай хууль тогтоомжид томоохон өөрчлөлтүүд оруулж баталсан. Энэ удаагийн Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь арилжааны банкны зохистой засаглал, олон нийтийн хяналттай, нээлттэй, ил тод банкны салбарыг бүрдүүлэх замаар зөвхөн банкны салбар бус, нийт санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх, түүнчлэн хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болох зохицуулалтууд тусч батлагдсанаараа онцлог юм. Тухайлбал, банкны компанийн хэлбэрийг нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компанийн хэлбэртэй байхаар заасан бөгөөд Монголбанкнаас системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон банкууд заавал нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байх шаардлагыг тусгасан. Мөн аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээнд хязгаар тогтоож, тухайн банкны гаргасан нийт хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгаж өгсөн.

-Банкууд хяналтын тогтолцоо муу, чанаргүй зээл ихээр олгож, банкийг дампууруулан, харилцагчдыг хохироодог гэсэн шүүмжлэл байнга гардаг. Энэ шүүмжлэлийг засаж чадахаар өөрчлөлтийг хуульд тусгаж чадсан болов уу?  

-Энэ асуултад Санхүүгийн зохицуулах хорооноос хариулах нь зохимжгүй болов уу. Учир нь, банкны салбарын бодлого, хяналт шалгалтыг хуулиараа Монголбанк хариуцдаг. Банкны эзэд өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд зээл ихээр олгож, энэ нь зээлийн чанарыг муутгах, цаашлаад банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хадгаламж эзэмшигч, харилцагчдыг хохироодог гэсэн ойлголт эдийн засагчид болон олон нийтийн дунд байдаг. Харин дээр дурдсан Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд хязгаарлалт тогтоож, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулснаар энэ төрлийн эрсдэлийг бууруулах боломжтой юм.

-Банкинд тавигдах компанийн засаглалын шалгуур нэмэгдсэн үү?

-Банкны тухай хуульд заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болсноор Монголбанкнаас тогтоож, мөрдүүлдэг арилжааны банкны компанийн зохистой засаглалын стандартаас гадна Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас гаргасан компанийн засаглалын зарчмууд болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Компанийн засаглалын кодексийг дагаж мөрдөх шаардлага бий болно. ЭЗХАХБ болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан компанийн засаглалын зарчмууд нь нээлттэй хувьцаат компани зайлшгүй дагаж мөрдөх стандарт бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, адил тэгш хандах, оролцогч талын хүлээх үүрэг, мэдээллийн ил тод нээлттэй байдал, Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүрэгтэй холбогдсон илүү өргөн хүрээтэй харилцааг хамруулдаг. Тиймээс арилжааны банк хувьцаат компани болсноор дээрх стандартуудыг мөрдөж, илүү жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтэд хандсан мэдээлэл тайлагналын ил тод байдлыг хангасан тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн эрх ашигт нийцсэн үйлдэл хийх шаардлагатай болно гэж харж байна.

-Хуульд “Нөлөө бүхий банк” гэх шинэ зохицуулалт орсон. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Банкны системийн нөлөө бүхий банк гэдэг ойлголт бас тийм ч шинэ ойлголт биш л дээ. Өмнө нь Монголбанкны холбогдох журмаар зохицуулж байсан бол УИХ-аас 2018 онд батлагдсан Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд анх энэ нэр томъёог оруулж хуульчилсан байдаг. Тухайн үед банкны салбарын нийт активын 5-аас дээш хувийг эзэлдэг активтай банкуудыг банкны системд нөлөө бүхий банк гэж тодорхойлсон байсан бөгөөд энэ нь нөлөө бүхий банкыг бүрэн илэрхийлж чадахгүй байна гэж үзсэн. Ийм ч учраас энэ удаагийн Банкны тухай хуульд орсон өөрчлөлтөөр аливаа банкыг системд нөлөө бүхий банк эсэхийг нийт банкны системийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг илүү өргөн хүрээг хамарсан шалгуураар тооцож, Монголбанкнаас тогтоохоор тусгасан. Одоогийн байдлаар Монголбанкнаас нэр бүхий таван арилжааны банкыг системийн нөлөө бүхий банк гэж тогтоосон бөгөөд эдгээр нь нийт банкны салбарын актив хөрөнгийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг, 30 гаруй их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй юм.

-Санхүүгийн салбарын үйл ажиллагаанд эерэг үр дүн авчрах ямар ямар зохицуулалтууд орсон бэ?

-Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр арилжааны банкны хувьцааны төвлөрлийг сааруулах зорилгоор нэг болон түүнтэй холбогдох этгээдүүдийн эзэмших хувьцааны хэмжээг тухайн банкны нийт хувьцааны 20 хувиас илүүгүй байхаар заасан нь хувьцааны төвлөрөл буурч, засаглал сайжрах, нэг этгээдийн банкны шийдвэр гаргалтад үзүүлэх нөлөө буурах зэрэг өмнө нь дурдсан төвлөрлөөс үүдсэн эрсдэлүүд буурах боломж бүрдэнэ. Мөн банкуудыг хувьцаат компанийн хэлбэртэй болгох, түүн дотроо системд нөлөө бүхий банкууд заавал нээлттэй хувьцаат компани хэлбэртэй буюу олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжаалдаг болох зохицуулалт орсон. Банкууд IPO гаргаж, нээлттэй хувьцаат компани болсноор банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн бирж дээр иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах боломжтой бас нэгэн шинэ бүтээгдэхүүн гарах боломж тус тус бий болж байгаа юм.

-30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгөтэй банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр гарахад манай улсын хөрөнгийн зах зээл бэлэн гэж Та үзэж байна уу?

-Эдгээр банкуудын өөрийн хөрөнгө нь нийт 3 их наяд гаруй төгрөгт хүрсэн байдаг. Олон нийтэд хувьцаагаа санал болгох буюу IPO хийхэд нийт активаар нь үнэлэгдэж гарна гэсэн үг биш, тухайн банкны хувьцааны үнэлгээ хэдээр тогтох вэ гэдэг нь чухал юм. Манай улсын хөрөнгийн зах зээл анх өмч хувьчлалын арга хэрэгсэл хэлбэрээр бий болсон. Тухайн үед манай улсын иргэд үнэт цаасны зах зээлийн талаар төдийлэн хангалттай мэдлэггүй байсан. Харин 2005 онд анхны IPO буюу Монгол шилтгээн ХК олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болсноос хойш нийт 24 компани IPO хийж, 11 компани нэмж хувьцаагаа гаргаж өнгөрсөн оны жилийн эцсээр зах зээлийн үнэлгээ 3.0 их наяд төгрөгт хүрсэн. Мөн 19 компани бирж дээр компанийн өрийн хэрэгсэл буюу бонд, хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаа нийтэд санал болгож амжилттай гаргасан. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд иргэд, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, энэ зах зээлийн талаарх ойлголтыг хүмүүст хүргэхэд зайлшгүй шаардлагатай байдаг Засгийн газрын үнэт цаас хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхэлсэн зэрэг үйл явдлууд нь өнөөдөр манай улсын иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг тэр хэрээр нэмэгдүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд мөн дан ганц арилжааны банкны зээлээс гадна хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхол эрс нэмэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.0 их наяд төгрөг хүртэлх өрийн хэрэгслийг дотоодын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлээд байгаагаас харахад дотоодын хөрөнгийн зах зээл цаашид өсөх боломж харагдаж байна. Мөн системийн нөлөө бүхий арилжааны банкууд дотоодын хөрөнгийн зах зээлд олон нийтэд нээлттэйгээр хувьцаагаа санал болгон гаргаснаар дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна гадаадын хөрөнгө оруулагчид арилжааны банкны гаргаж буй хувьцааг худалдан авах зорилгоор хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос арилжааны банкны хувьцаа гаргах ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалтын банк, андеррайтерийн компаниудыг туслах андеррайтерийн үүрэг гүйцэтгүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Ингэснээр дотоодын хөрөнгө оруулагчдаас гадна гадны томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн хувьд бүх бэлтгэл бүрэн хангагдсан гэж ойлгож болно.

-Банкууд нээлттэй хувьцаат компани болсноор Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад өөрчлөлт орох уу?

-Санхүүгийн зохицуулах хороо нь өөрийн эрх зүйн байдлын тухай хууль болон Үнэт цаасны зах зээлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангадаг бөгөөд хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн засаглал тайлагналын ил тод байдлыг хангуулах, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангадаг. Тиймээс арилжааны банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгон гаргаж, нээлттэй хувьцаат компани болсноор засаглал, тайлагнал бүртгэлийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад, банкны үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь Монголбанкны хяналтад давхар хянагдах юм. Энэ ч утгаараа банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах харилцааг зохицуулах чиглэлд Монголбанктай хамтран ажиллаж, холбогдох журмыг боловсруулахаар ажлын хэсэг гарган хамтран ажиллаж байна.

-Шинэ хуулиар 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө Санхүүгийн зохицуулах хороонд нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг ирүүлж, улмаар 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор IPO (initial public offering) гаргаж, хувьцаагаа анхдагч зах зээлд гаргах үүрэг хүлээлгэсэн. Банкууд юуг анхаарах нь чухал вэ?

-Банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулж, нээлттэй хувьцаат компани болох ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийтэд санал болгон анх удаа гаргах хувьцаа болон нийтэд арилжаалагдах хувьцааны тоо хэмжээг олон улсын нийтлэг жишиг, дотоодын зах зээлд нийтэд санал болгосон хувь хэмжээнээс хэт доогуур бус, олон нийтийн дунд чөлөөтэй, хүртээмжтэй арилжаалагдах нөхцөлийг хангахуйц байдлаар төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Компанийн тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй компанийн хувьцааг нийтэд санал болгохыг хориглосон байдаг. Иймд банк нь хөрөнгө оруулагчдын тандан судалгааг хийж гүйцэтгэхдээ нийтэд санал болгон гаргахаар төлөвлөж буй хувьцааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан сурталчлах, танилцуулах, нийтийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулахгүйгээр зөвхөн хаалттай хүрээнд хэрэгжүүлэхийг анхаарах нь зүйтэй. Үүнээс гадна банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулж, нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанитай нэгтгэх замаар нээлттэй хувьцаат компани болох боломжгүйг мөн хэлэх нь зүйтэй болов уу.

-Санхүүгийн зохицуулах хорооноос иргэдэд банкны хувьцаа эзэмшигч болох талаар сургалт зохион байгуулах уу? Ямар шалгуур хангасан байх ёстой вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанктай хамтран олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан банкны хувьцаа эзэмшигчид тавигдах шаардлага, бусад хувьцаат компаниас ялгарах онцлог зэргийг багтаасан сургалтыг арилжааны банк, олон нийтэд хандсан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд явж байна. Сургалт болох үед Хорооны цахим хуудас, бусад олон нийтийн хэрэгслээр мэдэгдэх болно.

-СЗХ-ноос банкууд хувьцаат компани болохтой холбоотой түр журам баталсан. Түр журамд юу юу тусгасан бэ?

-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ыг Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан тушаалаар баталсан. Одоо Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус журмыг бүртгүүлэх ажиллагаа хийгдэж байна. Тус журамд банкны системд нөлөө бүхий банк болон бусад банк компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөнд тусгагдах мэдээллийн агуулгыг тусгаж өгсөн. Жишээ нь, тухайн банкны ерөнхий мэдээлэл, санхүүгийн мэдээллээс гадна компанийн хэлбэрийг өөрчлөх болон банкны хувьцаа эзэмшигчид тавьсан 20 хувийн хязгаарлалт шаардлагыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, зах зээлийн болон хөрөнгө оруулагчдын тандан судалгаа, санал болгох нэгж хувьцааны үнийн төсөөлөл, судалгаа зэргийг ирүүлэхээр тусгасан.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж