Ерөнхий сайд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх хугацаатай үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр "КОВИД-19" цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, автобусны хүрэлцээ хангамжтай танилцсан юм. Тус компанийн хувьд цар тахлаас үүдэн өдрийн орлого эрс багассан гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа. Тухайлбал, цар тахалгүй үед өдөрт 20 орчим сая төгрөгийн орлоготой байсан бол одоо 7-8 сая төгрөг төвлөрдөг болжээ.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1,148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1,822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийтийн тээвэр нь халдвар тархах хамгийн эрсдэлтэй орчнуудын нэг. Тиймээс халуун хэмжигч байрлуулах, ариутгал халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Дархлаажуулалт хийгдээд дуусах хүртэл халуун хэмжигч зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлсэн юм. Мөн ирэх даваа гарагаас өглөө, оройны замын хөдөлгөөний ачаалалтай үед Төрийн өмчит үйлдвэрийн газрын автобусуудыг нийтийн тээвэрт явуулж нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүн хоорондын зайг сайтар сахиулах чиглэлийг өгөв. Гэхдээ үүнийг хийхдээ компаниудын орлогод дарамт болохгүйгээр зохицуулалтыг хийх ёстой гэлээ.

Үүний дараа нь "Зорчигч тээврийн нэгтгэл" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын автобусны бүртгэл, хяналтын цэг, засварын станц болон цахилгаан автобусны цэнэглэх процесстой танилцав.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн автобусны парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэж байлаа. Одоо хөдөлгөөнд оролцож байгаа нийт автобусны 60 гаруй хувь нь буюу үйлдвэрлэгдсэнээс хойш 10 дээш жил ашиглагдаж байгаа юм байна.

Нийслэлийн удирдлагуудын мэдээллээр өнөөдрийн нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 524 буюу 45 хувь нь насжилтаараа энэ онд үйлчилгээнээс хасагдах юм. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байгаа гэлээ. Иймд ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр эхний ээлжид яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай байгаа юм байна.

Төгсгөлд нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэл, нийтийн тээврийнхэн нэгдсэн судалгаа, тооцоолол гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Мөн  нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системтэй болгох, парк шинэчлэлтийг цогцоор хийх шаардлагатай хөрөнгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн  сайд Б.Жавхлан, Нийслэлийн засаг дарга Д.Сумяъабазар нарыг тодорхой тооцооллоо гаргаж танилцуулах чиглэл өгөв. “Оюу Толгой” ХХК-ийн татвараас орж ирж байгаа 356 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Энэ хөрөнгийг нийтийн тээврийн цогц шинэчлэлд зарцуулах боломжтой” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж