“Өвгөн дэр мод” мэт хат суусан эгэл төмөр замчин | News.MN

“Өвгөн дэр мод” мэт хат суусан эгэл төмөр замчин

“Өвгөн дэр мод” мэт хат суусан эгэл төмөр замчин

УБТЗ-ын Замын аж ахуйн албанд “Өвгөн дэр мод” мэт хатаагдаж, ажлын хүндийг үүрэх сэтгэлийн тэнхээтэй, үүрэг хүлээж итгэл дааж бөхөжсэн мастерууд үеийн үед олон байлаа. Энэ уламжлал өдгөө ч үргэлжилж, тэд замчдаа өнгөлсөөр явна. Тэдний нэг бол Замын II ангийн X хэсгийн мастер, Замын мэргэжлийн хошой аварга Т.Буянтогтох юм.

Амьдралын хүнд үеийг замчид дундаа байж л давсан

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Л.Тогоохүү, Ө.Буяндэлгэр гэж аав, ээж хоёр минь. Аав маань цэргээс ирээд Замын II ангид замчин болсноор манайх 1976-1977 оны үед Баян зөрлөгт нүүж ирсэн. Тэгээд би зөрлөгийн гэр цэцэрлэгт хүмүүжиж, замчдын тосгоны хүүхэд болсон доо. Манай төмөр зам ч сайхан шүү. Хүүхдүүдийнх нь боловсрол, ажилчдынхаа ар гэрийн байдалд үргэлж санаа тавьдаг. Баян зөрлөг Налайхын хооронд арван жил сургуулийн хүүхдийн машинаар зөөлгөсөн. Аав Баян зөрлөгтөө л 24 жил ажилласан, бригадын дарга байлаа. Өвчнөөр аав маань группэд гарч, би сургуулиа төгсөөд шууд л Замын II ангид Баян зөрлөгтөө замчнаар ажилд орсон. Аав минь ч удалгүй 1992 онд бурхан болж, ар гэрээ авч явах бүх хариуцлага над дээр ирсэн. Ээж гэр цэцэрлэгийн багш, тогоочоор ажиллана. Бага дүү маань аавыг бурхан болоход ой гарантай л үлдсэн. Миний дараагийн дүү охин надаас хоёр насны зөрүүтэй. Ээж маань 2000 онд өөд болсон. Аав, ээж хоёулаа Баасан гарагт бурхан болсон болохоор энэ өдөр нь замчдаа магтаж, шагнахыг хичээдэг. Аав 40, ээж 46-тай цэл залуухнаараа явсан. Аавыгаа алдчихаад зах зээлийн хэцүү үед ганцаараа ажиллаж амьдралаа авч явах амаргүй л байсан. Сайхан найз Д.Алтангэрэл /ангийн дарга/ болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг багын найз Г.Энхжаргал нарынхаа бас замчин олныхоо тус дэмээр л хүнд үеийг давсан даа. Би 2004 онд Хайрхан зөрлөг ашиглалтад ороход тэнд бригадын даргаар очиж, 2005 оны арванхоёрдугаар сард Ногоонтолгой зөрлөгт мастераар томилогдсон. Ингээд 2011 оны гуравдугаар сар хүртэл ажиллаад буцаад Баян зөрлөгтөө ирсэн.

Аавыгаа тосож гүйсэн, дагаж ажилласан нандин дурсамж энд л бий

Аавынхаа арчилж, биднийг өдий зэрэгтэй хүргэсэн замыг илүү сайхан болгох юмсан гэж их хичээдэг. Аавдаа хүйтэн цай хүргэж өгсөн, ирэх бараанаар нь тосож гүйсэн, дагаж явсан, арай том болоод тусалсан бүх дурсамж Баянд л бий. Хамгийн сайхан нь гэвэл би дурсамжийг маань хадгалсан энэ Баяндаа ажиллаж байгаа нь юм даа. Зам дээгүүрээ алхаж явахад аав маань яг л энэ замаар над шиг алхаж явсан нь үргэлж бодогддог. Намайг бага байхад энд өртөөний хэдэн байшин, малтай гурав, дөрвөн айлаас өөр юу ч байгаагүй. 1985 оноос айлууд бага багаар нэмэгдсээр 2000-аад онд засмал зам ашиглалтад ороход бүр эрчимтэй өргөжиж, том үйлдвэрүүд ч барьж байна. Зөрлөгийн замыг өнгөрсөн жилээс уртасгаж, үйлдвэрийн салбар замтай болсноор статус нь өөрчлөгдөж Өртөө боллоо. Энэ хавар ч үргэлжлүүлэн хийх ажил нэлээд бий. Хариуцаж буй хэсгийнх нь хувьд бид эхнээс нь ажлаа эмх цэгцтэй, үр дүнтэй хийгээд авъя гэсэн зорилготой байгаа. Өртөөний зам өмнө нь нийт 1.6 км урттай байсан. Одоо бол нэг зам нь л хоёр км урттай гэж бодоход бараг найман км боллоо. Салбар зам болон суман шилжүүлгүүд ч нэмсэн. Ингээд үзэхээр ажлын ачаалал 15-20 хувь нэмэгдэхээр байгаа. Бид гол замын 443-462 дугаар км хүртэл 20 орчим км хариуцдаг. Энэ хооронд 28 тахиртай. Үүнээс 18 нь бага радиустай. Ер нь, тахир тойруу ихтэй, сэтэрхийтэй, үзэгдэх орчин муу, эрсдэл нэлээд өндөртэй хэсэг л дээ. Ажил удирдагч хүн маш хариуцлагатай байж, аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Жишээ нь, хамгийн бага сэтэрхий дотор ажиллаж байлаа гэхэд замын үзүүр 75 метрт л харагддаг. Үзэгдэх орчин тийм бага. Тал газар бол галт тэрэг ирж буй нь холоос харагдаж, сонсогдоно. Манайх сүүлийн таван жилд нэг удаа галт тэрэг яаралтай тоормос хийлгэсэн. Үзэгдэх орчин багатайн дээр салхи, шороон шуургатайд сонсох эрхтэнийг асар их хязгаарладаг. Тиймээс бид сонор сэрэмж, ур чадвартай, харилцаа холбоондоо маш сайн анхаарч, цаг агаараа мэдэрч, хариуцлагатай ажиллахгүй бол аюултай. Замын аж ахуйн алба үүнтэй уялдаад туршлагатай, авхаалж самбаа сайтай замчин, бригадын даргыг иймэрхүү хэсгүүддээ илүү байршуулах бодлого барьдаг юм билээ.

Ахмадуудын эмх цэгцтэй байдал өнөөгийн 5s юм шүү дээ

Миний хувьд ахмадуудаасаа хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, авхаалж самбаа, ажил хийх ур чадвар гээд чадах чинээгээрээ өвөлж авсан. Багш маань Баянгийн замын мастераар ажиллаж байсан Бат-Эрдэнэ. Бригадын дарга нь Ж.Буга гэж мундаг хүн байлаа. Намайг анх замчин болоход аав маань ч амьд сэрүүн байсан болохоор их юм заасан. Ааваасаа багажаа яаж зөв барих, хэрхэн ашиглах, хайрлахыг заалгасан. Тэр үед Хоохорын Батчимэг гэж ёстой мундаг, асар их туршлага, ажлын ур чадвартай замчин байлаа. Баянгийн замчин залуус жинхэнэ үлгэр дуурайллаа болгож, түүнээс их зүйл сурсан даа. Ер нь, ахмадууд “Мэдлэг, чадвартай хүн л ажил хийнэ. Мэдлэг гэдэг нь наад зах нь аюулгүй байдлаа бүрэн хангах юм. Чадвар нь ажлаа нягт сайн хийх, барьсан багажаа яг хаана тавих, хаанаас нь эхлэх вэ гэдгээс эхэлнэ” гэхчилэн заасан. Учир нь, нэг ажлыг нэг багажаар, зарим нэг ажлыг олон багажаар хийдэг. Тухайлбал, дэр мод солиход хадаас сугалах лап, ухах хүрз, лоом, дэр сугалах хайч, хадах алх гэхчилэн олон багаж хэрэг болно. Эдгээр багажаа яг хаана тавих вэ гэдэг энгийн мэт боловч чухал. Бүх юм цэгцтэй байх ёстой. Алхны байршилдаа хайчаа тавихгүй, хэрэгтэй багажаа эргэж тойрч хайгаад хугацаа алдана. Энэ бүхнийг замчин Х.Батчимэг зааж өгсөн. Өнөө хүртэл би хэрэгжүүлж, замчдаа ч ингэж сургадаг. Тэр үеийн эмх цэгц нь өнөөгийн бидний яриад буй 5S юм шүү дээ. Өнөө үед арай боловсронгуй болсноос биш ахмадууд аль эрт хэрэгжүүлж л байсан туршлага. Ер нь, тухайн хүн мэдлэгтэй байж л ур чадвартай болно, хийж буй ажлынхаа учрыг ч олдог. Юу ч мэдэхгүй хүн орж ирээд хадаас хад гэхээр нь хадаад л байдаг. Яах гэж хадаад буйгаа, ямар хэмжээнд хадахаа, алхаа яаж барихаа ч мэдэхгүй. Царигаа бариулан хадаж байна уу, эсвэл өндөр хадаасаа давтав уу, үгүй бол тэнд хадаас байх ёстой учраас хадав уу гэдгийг мэдэхгүй. Хий гэснийг хийж, болно гэхээр больчихоод яваад байвал юу ч сурахгүй. Тиймээс ажил удирдагч учрыг нь сайн тайлбарлаж, зааж өгөх ёстой. Шинэ хүн ч сайн ойлгож, туршлагыг өөрийн болгон авч, бие даан хийж сурах эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Ажлаа сайн мэдэж байж л технологийн дагуу чанартай хийдэг. Өмнө нь, мал маллаж явсан хүмүүс л замчин болдог, тэдэнд ажил удирдагч, ахмад замчид л хичээл заадаг байлаа. Сүүлийн таван жилд дандаа мэргэжлийн сургууль төгссөн залуусыг авч байна. Мэргэжилтэй хүнд газар дээр нь зааж өгөх харьцангуй амар. Онолыг нь заалгасан болохоор бодитоор харуулахад л ойлгочихдог. Гэхдээ ажил удирдагч танхимд бус, яг ажлаа хийж байхад нь заах хэрэгтэй. Өдөрт нэгээс хоёр зүйлийг давтамжтайгаар сайн хэлж өгөх нь чухал. Энэ ажлыг хийхэд аюулгүй байдлаа хэрхэн хангахыг толгойд нь ортол хэлж, өөрөө үлгэрлэж үзүүл. Хэнд нь заахаа ч анзаарч байх ёстой. Мэддэг хүнд давтан хэлэх утгагүй. Харин хааяа сануулж, харилцан ярилцаж болно. Хадаас хадаж сурах гэж байхад нь дэр солих талаар заагаад ойлгохгүй шүү дээ. Тиймээс “За чи хадаас хадахын тулд эхлээд ивүүр дээрх чулуу, шороог сайн цэвэрлэх ёстой. Тэгэхгүй бол ивүүр дээр байгаа чулуу, сул хадаас үсрээд яг нүүрэнд тусдаг” гэхчилэн заадаг. Чулуу үсрэхдээ амтай юм шиг нүдээ ч аньж амжаагүй байхад л орж ирдэг юм. Тиймээс ивүүр дээр байгаа чулуу хэр ойдгийг брдитоор үзүүл. Зориуд жижиг чулуу тавиад хадаасыг алхаар зөөлөн цохиод “За энэ чулуу ийм зөөлөн цохиход энэ хэрийн үсэрч байна. Хэрэв чанга цохивол хурд нь ямар болох вэ. Аль зүг рүү ойж байна” гэж харуулбал тэр хүн дахиж хэзээ ч цэвэрлэлгүйгээр хадахгүй. Мөн хадаас хадахдаа байрлалаа яаж авах, алхаа хэрхэн барих, яаж цохихыг чаддаггүй хүнээр эхлээд, дараа нь өөрөө үзүүлэх хэрэгтэй. Манай ахмадууд ч залуусаа ингэж л сургасан.

Ажил хийх гэж, эсвэл цалин бодож ирсэн хүн өөр өөр шүү

Залуус хүссэн ажлаа л хийх хэрэгтэй. Хүсээгүй ажлаа яагаад ч сурдаггүй, сэтгэл ч гаргадаггүй. Ер нь, ажил хийх гэсэн, эсвэл зүгээр л цалин авахын тулд ирсэн хоёр хүний хандлага тэс өөр байдаг. Шинэ хүн ирэхэд хамт олон аль болох татаж дундаа оруулахыг хичээдэг. Ажилд дуртай ирсэн бол төдөлгүй л бидний нэг болно. Харин мөнгө бодсон нь хамт олон хэчнээн сайхан ч, орчин нь таалагдсан ч тогтдоггүй. Учир нь, замчдын ажил хүнд шүү дээ. Сүүлийн үеийн залуус шантрах нь амархан болж. Хөдөлмөрийн гэрээ байгуулж ирээд гурав хоногийн дараа явчих нь ч бий. Яаж ийгээд л нэг сар тэсчихвэл тогтдог юм. Сарын дотор ч их юм болно доо /инээв/. Анх замчин болоод эхний хэдэн сардаа зарим нь нэлээд жин хасна шүү дээ. Идэх хоол нь их байхад л хацар нь хонхойж, чих нь дэлдийгээд байна. Ажлын ачаалал дээр сэтгэл санаа нь нөлөөлж байгаа хэрэг л дээ. Тухайн хүн өмнө нь хүнд ажил хийж үзээгүй болохоор аргагүй. Тэгээд ажилдаа дадаж, дасаад ирэхээрээ залуусын бие нь задарч, булчин сууж, зузаардаг. Манайд шинээр орсон нэг залуу “Бригад аа, гүйхээр миний чих салхинд дэрвэж хийсээд байна” гэсэн гээд л инээлддэг юм. Заримдаа залуус бие биенээ явуулаад “Салхинд хийсчихэв” гэж инээлдэнэ. Залуустай ажиллах сайхан шүү. Ер нь, манай ахмадууд шинээр орж ирсэн залууст ачаалал их өгч сорьдог байж билээ. Би анх ороод гурван лап ганцаараа үүрээд явж л байлаа. “Энэ хүнд ачаалал даах чадвар, сэтгэлийн тэнхээ байна уу. Чадахгүй бол бидэнд хань болохгүй гэсэн үг. Эртхэн замаа бодог” гэж байгаа нь тэр. Гэхдээ түүнийгээ дарамталж буй хэлбэрээр биш, “За чи үүнийг тэгээд ир” гэнэ. Дандаа биш л дээ. Үе үе тэгнэ. Чадахгүй нь “Намайг гадуурхаж, дарамталлаа” гэж бодоод тэсэхгүй яваад өгнө. Тэр нь ёстой л замчдад хань болохгүй хүний шинж шүү дээ. Одоо бол бид маш бага хэмжээтэй тэр байдлыг үзүүлдэг. Энэ ажил амаргүй шүү, хүнд гэдгийг эртнээс таниулж байгаа юм.

Замын захиргаа хүнийхээ төлөө маш их анхаардаг

Дээхнэ үеийн замчдыг бодвол өнөө үед хөгжлөө дагаад замчдын ажиллаж, амьдрах нөхцөл улам л сайхан болоод байна. Замын захиргаа ч хүнээ нэн тэргүүнд тавьдаг болж. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талд маш их анхаарч, нормын хувцсаа саналын дагуу илүү сайжруулж, нүдний шил, хамгаалах багаж хэрэгслээр бүрэн хангадаг. Ажлын багаж ч олон төрлөөр нэмэгдсэн. Дээр нь, эрүүл мэнд чиглэлээр аарц, чацаргана, витамин гэхчилэн олон зүйл өгдөг. Дээхнэ үед улиралд нэг бээлий өгдөг байсан бол одоо сард нэг шүү дээ. 1990-ээд оны эхээр гэхэд л өвөлд хөвөнтэй куртка, дамбаал, эсгий гутал, нэг бээлий л өгдөг байлаа. Эсгий гутал хоёр жилийн нормтой ч хоёр сар болоод л цоорчихно. Тиймээс өөрөө уллаж өмссөөр хугацааг нь гүйцээдэг байсан. “Энэ чинь урагдчихлаа” гэж ер хэл ам хийхгүй. Одоо замчид үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, хугацаанаас өмнө урагдлаа гэвэл солиод өгдөг. Мөн олон талын мэдээ мэдээллээр бүрэн хангаж байна. Тухайн хүн л өөрөө ажилдаа сэтгэлээсээ хандах л чухал болсон. Бидний үед өвөл, зуны ажлын хувцсаа аваад бөөн баяр, түүгээр нь гангардаг байлаа. Зуны ажлын ногоон хувцас дээр нь өргөн бүс бүслээд л /инээв/. Асуудал байвал Замын даргын үзлэгээр хэлнэ. Р.Раш дарга гэхэд л бүх зүйлийг их нухацтай үзэж, маш олон асуудлыг газар дээр нь шийдчихдэг байсан. Боломжгүйг нь хугацаатай үүрэг даалгавар өгч, тэр нь заавал биеллээ олдог. Одоо ч ялгаагүй. Ер нь, Замын даргын үзлэгийн гол зорилго, үр дүн нь тэр л гэж ойлгодог юм.

Найзаараа захиа бичүүлж, ханиа олж авсан

Аав минь төмөр замаас авсан цалингаараа биднийг тэжээж, хувцаслаж, сургууль төгсгөсөн шүү дээ. Багаасаа л замчдын жаргал зовлонг мэдэрсэн болохоор энэ ажилдаа дуртай. Ер нь, төмөр замынхаа буяныг төрсөн цагаасаа л хүртэж явна. 1995 онд 22-хон настай бригадын дарга байхдаа ханьтайгаа гэр бүл болж байлаа. Хань Н.Байгаль маань гармын жижүүрээр ажилладаг. Манай замчин залуугийн дүү шүү дээ. Тэр үед ахынхаа хүүхдийг харахаар ирчихсэн байсан юм. Тэгээд танилцаж, дотносохын тулд албан тушаалаа ганц хоёр удаа ашигласан тал бий. Ах нь Н.Наранцогт одоо манай бригадын дарга. Н.Наранцогтыг ажилд явуулчихаад л араар дүүтэй нь уулзана. /инээв/. Найзаараа захиа бичүүлээд, хамт орж өгсөн. Тэр найз маань өнөөгийн ангийн дарга Д.Алтангэрэл. Мөн ч уран цэцэн үгтэй, хэн ч байсан үгүй гэхийн аргагүй захиа бичиж билээ. Тэгэхэд Д.Алтангэрэл дарга манай мастер байсан юм. Манай хүн хэд хоногийн дараа “Чи ямар гоё захиа бичдэг юм бэ” гээд л зөвшөөрсөн дөө /инээв/. Одоо тэр захидал байхгүй. Харин бид хоёрын тэмдэглэлийн дэвтэр бий. Залуухан байхад хоорондоо муудах, сайдах юм бишгүй л тохиолдоно. Хоёр биедээ туниад, юм ярихгүй, эсвэл шууд хэлэхээс жаахан тийм зүйл байвал өнөө дэвтэртээ биччихдэг. Хэсэг хугацааны дараа нээгээд үзэхэд манай хүн бичсэн байх жишээний. Уучлалт гуйх, яагаад гомдсоноо бичдэг байлаа. Нэг хөгжилтэй зүйл дурсахад Д.Алтангэрэл маань анх Ж.Алтанцэцэгтэй танилцаад гэртээ нэг удаа дагуулаад иржээ. Замын хадаасны нүхэнд хийдэг нарийн мод байдаг даа. Тэрийг Ж.Алтанцэцэг “Энэ юу вэ?” гэхээр нь “Наадах чинь төмөр замын маш чухал эд анги шүү” гэж тоглоод л өнгөрсөн юм. Тэгсэн нөгөө нарийн моднуудыг цэвэрхэн даавуунд ороогоод хувцасны шүүгээн дээрээ залчихсан байж билээ /инээв/. Гэтэл одоо мундаг мастер болчихсон л явж байна. Бид гэр бүлээрээ олон жил сайхан нөхөрлөж явна даа. Хань минь хүүхэд олсон ч бүтэхгүй байсаар 2007 онд нэг хөөрхөн охинтой болсон. Одоо наймдугаар ангид сурдаг. Удам дамжсан төмөр замчны хувьд охиноо төмөр замчин болгож, эмэгтэй хүнд тохирсон эвтэйхэн ажил хийлгэчих юмсан гэдэг бодол бий. Дунд сургуулиа төгсөхөөр нь саналаа хэлнэ. Гэхдээ өөрийнх нь хүсэл сонирхлыг эхлээд харна. Ер нь, зөрлөгт өссөн хүүхэд ясны төмөр замчин болдог. Өөр газраас ирсэн хүнээс илүү замчны ажлыг мэддэг, сэтгэл зүйгээр хэдийнэ бэлтгэгдсэн байдаг юм.

Ажил удирдагч ажлаа зөв зохион байгуулах хэрэгтэй

Ажлыг эхнээс нь зөв төлөвлөж, дуусах хүртэл эмх цэгцтэй зохион байгуулах хэрэгтэй. Хүн хүч, багаж техникээ зөв хуваарилж, хэн нэгэнд нь илүү ачаалал өгөхгүйгээр төлөвлөх нь чухал. Замчдын ямар ч ажил хамтын хөдөлмөр байдаг. Сайхан шүү. Өдрийн унднаар ч, орой ч хэн нэгнийдээ ороод цай уучихна. Ганц бие залуус эхнэр нь гэртээ байгаа нэгнийх рүүгээ ороод цай ууж харагдана. Өвлийн цагт нэгнийхээ гэрийг галлаад дулаацуулчихна. Нэг нь байшингаа засвал тусална, идэш хоолоо элбээд хийчихнэ. Их ажлаас бууж ирэн цар дүүрэн мах чаначихаад тойрч суух сайхан байдаг. Нэгнийгээ “явуулж” инээлдээд л… Чөлөөт цагаараа сагсан бөмбөг, хөзөр тоглоно… Залуус л болсон хойно хааяа нэг чөлөөт цагаараа ганц хоёр шил юм “эргүүлсэн” л байдаг. Мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрч, дараа нь эвтэйхэн үгэн дунд хавчуулаад хэлчих үе бий. Залуусаас тийм юм гарахгүй байна гэж юу байх вэ. Ер нь, нийтэч, халуун дулаан амьдрал зөрлөгт л өрнөдөг юм. Ажлаа хийж байхдаа замчид маань инээлдэж, аз жаргалтай байвал ажил удирдагч л анхаарлаа илүү сайжруулж, зөв чиглүүлэх хэрэгтэй. Дунд нь хэт ороод адилхан ярилцаад эхэлбэл аюулгүй байдал орхигдоно. Тийм сайхан сэтгэлтэй, эрч хүчтэй хийсэн ажил нь амжилттай дуусдаг. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Хэн нэгэнд нь зовлон, жаргал тохиодвол бүгд л хуваалцдаг. Зөвхөн манай замчдаас ч гэлтгүй хэн нэгэн төмөр замчинд зориулах хандив тусламж өрнөвөл бид оролцохыг л хичээдэг. Би залуустаа “Та нар хүнд хандив өргөсөн бол өөртөө буян хийлээ гэж бод. Мөнгө авсан хүн бидэнд талархаж, баярлаж байгаа” гэж хэлдэг.

Өнөө үед олон сайхан мастертай мөр зэрэгцэн ажиллаж байна

Хамт олныг зөв чиглүүлж, зохион байгуулдаг хүмүүс бол мастерууд. Манай ангид Ч.Мөнхбаяр Г.Алтанбаатар нарын ахлах мастерууд, XI хэсгийн Д.Батжаргал, Багануурын Г.Готовдорж, Багахангайн Л.Чулуунбаатар, VIII хэсгийн Д.Ягаанцэцэг, XVI хэсгийн Ж.Алтанцэцэг, I хэсгийн Л.Батсүх, Эмээлтийн Б.Энхсайхан гэхчилэн мундаг мастерууд байна. Араас ч VII хэсгийн Н.Ууганбаяр, XV хэсгийн Х.Хишигмаа, IX хэсгийн Б.Баярсайхан, Хангай зөрлөгийн Д.Наранбаатар гэхчилэн олон залуу мастер гарч ирж байгаа. Залуусаа улам чамбайрч, мундаг мастерууд болно гэж хардаг шүү. Харин ахмад мастерууд үг хэл, үйлдлээрээ нөлөөлж, зөв залж сургах хэрэгтэй гэж боддог. Хамт олныг удирддаг хүн чадварлаг, хийх гэж буй ажлаа хүнд бүрэн ойлгуулдаг байх хэрэгтэй. Хүний өмнөөс загнуулна, шийтгүүлэх ч үе гарна. Тэглээ гээд хэн нэгэнд нь хатуурхаж ер болохгүй. Хүнээс хатуу үг сонсчихоод өдөржин л яах гээд буй нь мэдэгдэхгүй явдаг хүн байна. Авахыг нь аваад, хаяхыг нь хаяж сурах хэрэгтэй. Ажил сайжруулах гэж, миний төлөө хэллээ гэдгийг л ойлгох нь чухал. Ах нь бол их даруухан талдаа. Аливаа ажлыг хийхэд хаана ч нэгдүгээрт зүтгэж чадна. Харин алдар нэрийн төлөө хэзээ ч нэгдүгээрт зогсохгүй. Ямар нэгэн томоохон ажилд оролцохыг хүсдэг. Гэхдээ тэнд миний нэр гарахгүй байж болно. Хамгийн гол нь тэр ажлыг эхлэхээс нь дуустал оролцсон шүү гэж бодох л сайхан. Бас нэг багахан шүтлэгтэй /инээв/. Шинийн нэгэнд мөрөө гаргахдаа зам дээрээ сүү дусааж, ажил амьдрал, төмөр замынхаа заяа буяныг даатган залбирч, адис авах жишээний. Миний амьдралыг тэтгэж яваа гол хүчин зүйл нь л зам шүү дээ. Зарим үед ослын сэрэмжлүүлэг ирнэ. Тэрийг нь өдөр судар харж замчдадаа танилцуулж гарын үсэг зуруулна. Тааруухан өдөр бол зуруулахгүй шүү /инээв/. Олон хүн удирдхаар багшаас гадна лам, зурхайч гээд юм юм л болно.

Ажил удирдагч хүнтэй хүнлэг харьцах хэрэгтэй

Би өөрийгөө их хатуу талдаа хүн гэж боддог. Хүнд шулуухан хэлж, шаардлага тавьчихдаг. Харин нас яваад ирэхээр жаахан зөөлрөөд байх шиг санагддаг юм. Гэхдээ хүнийг хүндэтгэх, алдсан нэгэнд уучлал үзүүлэх бол миний хамгийн гол зарчим. Ер нь,ажил удирдагч хүнтэй хүнлэг харьцах хэрэгтэй. Хүнийг хүндлэхгүйгээр ажил хийлгэнэ, удирдана гэж байдаггүй. Ажилчид ч харилцан ойлголцож, ажилдаа чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. “Эхнэртэйгээ нэг дор ажилладаг болохоор эхнэрээ удирдах амаргүй юу” гэж зарим нь асуудаг. Гэрт жаахан дургүй хүргэвэл ажил дээр хамт олны дунд шүүмжлээд хариугаа авчихна шүү дээ. Тэгээд л би гэртээ нэг буруу зүйл хийвэл нөгөөх чинь хариугаа авна /инээв/. Хөгжилтэй шүү дээ. Гэхдээ миний хань харин ч миний нэрийг хугалчихвий, алдаа гаргачихвий гэж их хичээж, сэтгэл нь зовж байдаг. Тиймээс ханьдаа “Битгий их өөрийгөө зовоож бай. Намайг дэмжиж ажилладгийг би төдийгүй хамт олон мэднэ” гэж хэлдэг юм.

                                                                                    М.НАРАНБОЛД

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж