Оросын олон нийтийн сүлжээнд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл цацагдах болсон байна. Уг мэдээллүүдийг орчуулан хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг Оросын Гадаад хэргийн яаманд удаа дараа тавьжээ. Оросын Гадаад яам уг хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн ч тэндээс ямар нэгэн тоймтой хариу өгөөгүй байна.
Хариу хүлээж цөхөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч тодорхой хариу аваагүй байна.
2018 оны арванхоёрдугаар сард хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалаар хоёр тал гол асуудлуудаа тохиролцсон учраас ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр сууриа Гадаад хэргийн сайд Лавровын зүгээс Монголын Гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлсэн байна.
Монгол Улсад энэ оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өрсөлдөхөө зарлаад байгаа. Харин түүнийг анх дэвшүүлсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн Ерөнхийлөгч хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй гэж зарласан.
Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь дахин нэр дэвших эрхгүй гэсэн маргаан Үндсэн хуулийнх нь цэц дээр өрнөж байгаа юм байна. Х.Баттулга нь 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улстөрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн иргэдэд тараана гэх амлалт өгсөн. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр зүүн өмнөд Ази дахь түүний нууц компаниудын баримт, гадныханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч, олны дунд шуугиан тариад байгаа аж. Мэргэжилтнүүдийн зүгээс Х.Баттулгын энэ мэт мухардмал байдал нь түүний ОХУ-д хийхээр төлөвлөсөн айлчлалын хувь заяанд нөлөөлж байгаа гэж үзэж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ