Тавантолгойн станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

LiveТавантолгойн станц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Thursday, April 1, 2021

15 : 43
2021-4-2

Эрчим хүчний системийг хэзээ зах зээлийн горимд шилжүүлэх вэ?

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эрчим хүчний системийг хэзээ зах зээлийн горимд шилжүүлэх  юм. Удахгүй өр авлага үүснэ. Төр засгийн мөнгө гэж байхгүй. Хэн нэгнээс аваад нөгөөд нь л төлнө. Нэг хэсгийг нь хохироогоод л явдаг шүү дээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Оюутолгой 350 мВт-ийн хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг өөрийнхөө цахилгааны хэрэглээнд зориулж барихдаа 1.2 сая ам.долларын санал ирүүлж байсан. Өнөөдөр түр барих станцын техник эдийн засгийн үндэслэлээр 450 мВТ-ийн хүчин чадалтай станцыг 880 сая ам.доллараар барина гэсэн төсөл хөтөлбөр гарч байгаа. Хэдийгээр хүчин чадал нэмэгдсэн ч үнэ буурч байгаа нь станцын барилга угсралтын чанарт огт нөлөөлөхгүй. Евро стандартын тоног төхөөрөмж сонгож үнийг тавьсан. Та үүнд эргэлзэхгүй байж болно. Бидэнд зөвхөн 70 хувийн  санхүүжилтэн дээр цаг хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ Засгийн газар дээр тохирсон учраас 70 хувийн санхүүжилтийн асуудал удахгүй шийдэгдэнэ. Бид олон улсын зөвлөх компани авч ажиллана. Холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана. Хувийн хэвшлийнхний барих станц дандаа зээлээр явдаг. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг өсгөдөг.

Хөрөнгө оруулалтын зардал өндөр болох тусам уг станцаас гарах эцсийн бүтээгдэхүүн буюу цахилгаан дулааны нэгжийн үнэ өндөр болдог. Бидний хувьд удаан хугацаанд төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний нэгжийн үнийг тогтвортой барьснаас болоод хөрөнгө оруулалтад хүндрэл саад учруулж байгааг нуухгүй хэлье. Үүнээс гадна Монгол Улс ил гадаргууны ус багатай. Үүн дотроо усан цахилгаан станц  барих боломжтой гол мөрөн цөөхөн. Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Ер нь усан цахилгаан станц барих гол нь өөрөө  байгалийн өгөгдөлтэй байх ёстой. Урсацын хэмжээ нь шаардлага хангасан байвал барихад хялбар болдог. Түүнээс гол мөрөн бүр дээр усан цахилгаан станц барих боломжгүй. Хил дамжин урсдаг  Эгийн голын усан цахилгаан станцын хувьд ОХУ байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн учраас бид судалгааны шатандаа явж байна. ОХУ-тай тохиролцоонд хүрэх боломжтой гэж харж байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тавантолгойн цахилгаан станцыг барина гээд 5-10 жил боллоо. Дандаа нэгийг нөгөөгөөр нь зогсоочихдог. 1988 онд төлөвлөгөөний комиссоос Багануурт тавдугаар цахилгаан станц байгуулах төлөвлөгөө батлагдсан ч 1991 онд зах зээлийн шилжилтэд ороод энэ ажил зогссон. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаа л хэрэглээг нь тултал нэмэгдүүлээд яваад байдаг. Гэтэл эрчим хүчний салбарын цаашдын төлөв байдал, хэрэглээний нэмэгдэл, үйлдвэрлэл, эдийн засгийн байдалдаа тохирохгүй болсон. Засгийн газар Тавантолгой болон тавдугаар цахилгаан станцын асуудлыг дүгнэлт гаргаад тууштай хэрэгжүүлмээр байна. Эрчим хүчний яамыг УИХ, Засгийн газар тууштай дэмжиж, ажиллах бололцоогоор хангаж өгөх шаардлагатай. 

Мэдээллийн цаг дууссанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлүүлээд байна. 

 

 

15 : 09
2021-4-2

Тавантолгойн цахилгаан станц барих гүйцэтгэгчийг тавдугаар сард шалгаруулна

Мэдээлэлтэй холбогдуулж Эрчим хүчний сайд, ажлын хэсгийн гишүүдээс  УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Шахмал түлшинд хичнээн зуун тэрбум төгрөг зарцуулж байгаа вэ. Үр дүн ер нь гарахгүй л байна. Хүнээр, зардлаар л зодсон. Дүүрэгт ажиллаж байхад дүүрэг, нийслэл тэр чигээрээ шахмал түлшийг түгээхэд л дайчлагддаг.  Мэргэжлийн хяналт, цагдаа, хороо, сүүлдээ цэргийн анги ч ирж байх шиг. Орчин үед ийм болхи, муйхар аргаар түлшийг  хийх ёстой юм уу. Үүн дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн бодлыг сонсмоор байна.

Хоёрдугаарт Азийн эрчим хүчний системд холбогдох эрчим хүч экспортлох талаар юу ч алга. Гуравдугаарт, Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тал дээр ямар үүрэг хүлээсэн юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Сайжруулсан шахмал түлш зөвхөн Монгол Улсад  биш дэлхий нийтэд байдаг жишиг. Нүүрсийг угаадаг, органик бус нэгдлүүдийг салгадаг. Монгол Улсад ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч байгаа гэдэг нь тоо баримтаар батлагдаж байгаа. Тиймээс би хувьдаа үр дүнтэй зөв арга гэж хэлнэ. Цаашлаад энэ арга хэмжээг үргэлжлүүлэхдээ одоо гарч байгаа алдааг засч залруулна. Жишээлбэл, үнийг бууруулах шаардлагатай байна. Зарим нэгэн үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх төрийн өмнөөс гүйцэтгүүлэх шаардлага байгааг үгүйсгэхгүй.

Эрчим хүчний яамны ажлын хэсгийн гишүүн:

-Монгол Улс  хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 онд суурилагдсан хүчин чадлыг 29 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангагдаад байна.

“Алсын хараа-2050” төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын гол зорилтуудын нэг нь эрчим хүч экспортлох орон болох юм. Энэ хүрээнд 2010 оноос эхлээд Азийн хөгжлийн банк болон бүс нутгийн эрчим хүчний чиглэлийн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Азийн супер сүлжээ санаачлага нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нар, салхины нөөцөд тулгуурлана. Манай улс үйлдвэрлэгч байдлаар оролцоно. Нүүрсний баялаг нөөцөд тулгуурласан тодорхой төслүүд яригдаж байна. Тухайлбал, Шивээ Овоогийн хүрэн нүүрсний ордод түшиглэж, 5280 мВт хүчин чадал бүхий станц барих төсөл техникийн судалгааны шатанд явж  байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хямд эрчим хүч гэдэг бол хөгжил авчрах хамгийн чухал зүйл байдаг. Ховд аймагт баригдах Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц маш чухал бүтээн байгуулалт болно. Ховдын ард түмэн энэ төслийн үр дүнг үзэх ёстой. Энэ төслийг удирдах хүмүүс нь цүнх баригчид байгаа сураг бий. Ховд аймгийн иргэд хамгийн хямд үнэхээр цахилгаан хэрэглэх боломжийг бүрдүүлэх ёстой. Хямд цахилгаан хэрэглэвэл бидэнд хэрэгтэй гэсэн ойлголттой байвал төсөл урагшлахад чухал шүү.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: 

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахад 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүний 9500 га газарт усан сан барина. Одоо энэ газарт амьдарч байгаа 528 өрх байна. Энэ өрхүүдийн амьжиргааг нь  одоо байгаа түвшингээс нь дордуулахгүйгээр нөхөн олговор өгч, нүүлгэн шилжүүлэлт хийнэ. Нутгийн иргэдэд буруу ойлголт төрсөн учраас төсөлд хандах хандлага сөрөг байгаа. Тиймээс орон нутгийн удирдлагууд, сонгогдсон гишүүдийг хамтарч ажиллахыг уриалж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эрчим хүчний салбар энэ  өвлийг амжилттай даван тууллаа. Болж бүтэж байгаа хэдхэн салбар байна. Эрчим хүчний салбар маш их нөөц бололцоотой. Нар салхи, ураны маш их нөөцтэй газар. Үүнийгээ ашиглаад эрчим хүчээ экспортлох ёстой. Эрчим хүчний сайд ямар байр суурьтай байна вэ. Монгол Улс яагаад усан цахилгаан станц барьдаггүй юм бэ. Өнөөдөр монголчуудын амьдрал ядуу байгаа болохоор эрчим хүчний хэрэглээ ийм бага түвшинд байгаа. Хүн шиг амьдраад, эрчим хүчээ хэрэглэсэн шиг хэрэглээд ирвэл эрчим хүчний хэрэглээ асар их болно. Үүнийг тооцсон судалгаа бий эсэхийг асуумаар байна. Оюутолгой дээр эрчим хүчний станц байгуулчихаар хугацаа өнгөрлөө.  Та нар өөрсдөө барина гэсэн одоо яасан бэ. Авлига авах гээд байдаг юм уу. Яах гээд байдаг юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Оюутолгой төсөл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрчим хүчийг дотоодоос хангах ёстой гэж гэрээнд заасан. Оюутолгой өөрөө станц барина  гэсэн. Гэтэл хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх учраас бид чадахгүй гэсэн. Дараа нь хувийн хэвшлийхнээр бариулах гэсэн боловч амжилтгүй болсон. Тиймээс төр өөрөө барихаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой дулааны станцын 30 хувийг Эрдэнэс-Тавантолгойд хувьцаа эзэмшүүлэхээр босгосон. Үлдсэн 70 хувьд Хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар ажиллаж байна. Сангийн сайд баталгаа гаргаж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ төсөл ашигтай учраас Монгол Улс өөрөө барих нь зөв гэж үзэж байгаа. Ирэх тавдугаар сард багтаан Тавантолгойн цахилгаан станцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.

 

 

 

 

 

 

 

 

 

14 : 34
2021-4-2

Эрчим хүчний хэрэглээ өмнөх оныхоос 1.5 хувиар нэмэгдсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх дээрх асуудлаар танилцуулга хийлээ. Эрчим хүчний салбар нь Монгол Улсын бие даасан байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар юм. Улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий  уул уурхай, зам тээвэр, үйлдвэрлэл технологийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх цаашлаад төв суурин газар болон хотуудын шинэ суурьшлын бүсийг бий болгох өргөжүүлэн  тэлэхэд эрчим хүчний салбарыг тэргүүлэн хөгжүүлэх нь нэн чухал. Энэхүү зорилтууд Монгол Улсын урт дунд хугацааны хөгжлийн бодлогуудад тусгасан. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсан эхний жилүүдэд эрчим хүчний салбар материал тоног, төхөөрөмжийн хангалт санхүүжилтийн хувьд хүнд байсан. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн систем нь  Төвийн, Өмнөд, Баруун, Дорнод, Алтай, Улиастай гэсэн хэсгээс бүрдэж байна. Эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 1.5 хувиар нэмэгдсэн. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг эх үүсвэрийн бүтцээр нь авч үзвэл 90.9 хувийг дулааны цахилгаан станцууд, 9.7 хувийг нар, салхи усны эх үүсвэрүүд үйлдвэрлэж байна.

Хэдийгээр цар тахлын үед улсын хэмжээнд үйлдвэр үйлчилгээний цар хүрээ багассан боловч эрчим хүчний хэрэгцээ өссөн. Засгийн газраас хэрэглэгчдийн цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ оргил ачааллын цагуудад огцом нэмэгдэж боломжит хүчин чадлын хязгаарт тулсан.

Импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээ авч болох дээд хэмжээнд хүрсэн боловч шуурхай арга хэмжээ авч зохицуулалтыг тухай бүрт хийсээр хэрэглээний өсөлтийг салбарын хэмжээнд амжилттай давсан байна. 

12 : 41
2021-4-2

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар С.Энхболдыг томилов

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулган хуралдаж байна

Posted by News.mn on Thursday, April 1, 2021

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  дарга Т.Мөнхсайханыг чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг томилохыг дэмжив. Мөн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Б.Мягмар нь чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг дэмжиж, Х.Амгаланбаатарыг томилов. 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн  даргад С.Энхболдыг, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд .Амгаланбаатар нарыг дэвшүүлсэнд дэмжиж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс хууль хяналтын байгууллагад шалгагдаад  явж байна. Эрүүл мэндийн даатгал төлөгч  иргэдийн 700 гаруй тэрбум төгрөг яригдсан. Хүн насаараа даатгалд мөнгөө төлдөг ч үйлчилгээгээ бүрэн гүйцэт авч чаддаггүй. Тэр мөнгө нь өөр тийшээ урсдаг. Бодлого нь оновчтой биш. Эрүүл мэндийн салбар ч тэр үнэндээ ялзарсан.  Тиймээс даатгалын тогтолцоог сайжруулах бодлого, хариуцлага дутагдаж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Эрүүл мэндийн даатгалын сан 2021 онд хагас их наяд төгрөгийн санхүүжилт авсан.  2021 оноос хувийн эрүүл мэндийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг болсон. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хувийн байгууллагуудын төлөөллөөс орж байгаа юу. Хоёрдугаарт, хэзээ  хамгийн сүүлд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд аудитын шалгалт орсон бэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бээрийг Covid-19 халдвар бидэнд тод харуулсан. УИХ төсөв батлахдаа Нийгмийн даатгалын санд ойролцоогоор их наяд төгрөгийн санхүүжилтийг нэмж өгсөн. Одоо харин Эрүүл  мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэхүү  санхүүжилт иргэд  рүү чиглэсэн эсэхэд хяналт тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрын төлөөлөл, Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд , ажил олгогчийг төлөөлөл гэдгээр нь хувийн хэвшлийн төлөөллөөс орсон. Аль болох гурван талт механизмаар ажиллаж байгаа. Гэхдээ гурван талт механизмд тавих босгыг нь өндөр болгох асуудал  тулгамдаж байна. Аудитын хэд, хэдэн шалгалт орсон. Шлгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Өчигдөр ирүүлсэн тайлангаас харахад асуудал үүсэхээр байна лээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Т.Мөнхсайхан сайд “Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл их байгаа. Иргэд  эмнэлгийн тусламж авахад хувиасаа зардал гарахааргүй болсон. Маш том шинэчлэл хийсэн” гэж ярьсан. Өмнөх сайдын явуулж байсан бодлого үр дүнгээ өгсөн үү?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Өмнөх сайдын эхлүүлсэн хуулийн шинэчлэл үр дүнгээ өгсөн. 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ээс бүх шатны эмнэлгүүд жор бичдэг болсноор хөнгөлөлттэй эмийг иргэд дараалалгүй авдаг болсон. 2021 оны гуравдугаар сард гүйцэтгэлийн санхүүжилтийг эхлүүлснээр хавдар, харвалт, төрлөхийн гажиг зэрэг өвчний төлбөрийг төрөөс 100 хувь даадаг болсон. Энэ нь даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс сэргийлж чадсан оновчтой бодлого юм.

УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэлж дууссаны дараа чуулганыг үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. 

Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

12 : 33
2021-4-2

Г.Занданшатар: Хамтарч хулгай хийдэг учраас НДС арвиждаггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч Байнгын хорооноос оруулж ирсэн С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Мөн Ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр Э.Энхжаргал, Х.Амгалан, Л.Төр-Од нарыг томилох эсэхээр санал хураалт явуулахад Э.Энхжаргал, Л.Төр-Од нараас бусдыг гишүүнээр томилохыг дэмжсэнгүй. 

Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилж байгаа асуудалд хариуцлагатай хандах нь чухал. Төрийн бус байгууллагууд өөрсдийн төлөөллөө нэр дэвшүүлсэн учраас хүмүүстээ өндөр шалгуур тавьсан байх гэж бодож байна. Үе, үеийн нийгмийн даатгалын санд гарч байсан том зөрчил нь нийгмийн даатгалын мөнгийг банкинд байршуулахдаа дундаас нь хүү идсэн асуудал. Уг нь бид 2003 онд Монгол Улсын төрийн санг байгуулахдаа нийгмийн даатгалын санг төрийн сангийн бүрэлдэхүүнд байлгадаг байсан. Хожим нь энэ мөнгийг хүүтэй байлгах ёстой, банкинд эргэлдүүлэх ёстой гэх шалтгаанаар төрийн сангаас салгасан. Эцэст нь банкуудтай хуйвалдаж хүүгийн зөрүүтэй байршуулж албан тушаалтнууд дундаас нь хүү цохидог болсон. Тиймээс энэ асуудалд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

-Нийгмийн даатгалын мөнгийг Капитал банкинд байршуулах шийдвэрийг гаргахад оролцсон хорооны гишүүдээс өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа хүмүүс байгаа юу. Тухайн үед шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцсон эсэхэд хариулт авмаар байна.

УИХ-ын Нийгмийн даатгалын байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээд орж ирсэн асуудлыг нэг удаа Байнгын хорооноос буцаасан. Учир нь, нэр дэвшигч  шалгуур хангахгүй,  нөгөө талаасаа  Капитал банктай холбоотой асуудалд нэр холбогдсон байсан. Одоо Үйлдвэрчний эвлэлүүдээс төлөөлөл орж ирж байгаа учраас дээрх  алдааг ахин давтахгүйн тулд шударга ажиллаж чадах хүмүүсийг нэр дэвшүүлж оруулж ирсэн гэж найдаж байна. Капитал банктай холбоотой асуудал шүүхийн шатанд яваа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нийгмийн даатгалын санд хулгай нүүрлэсэн нь үнэн. Энэ асуудалд Нийгмийн бодлогын байнгын хороо шинэлэг байдлаар хандахгүй байна. ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан дампуурсан гол шалтгаан нь тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж байна гэж нэмээд зарлага нь нэмэгдээд, орлогыг нь бүрдүүлэх эх үүсвэр байхгүй байсантай холбоотой.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хулгайгаар хүү цохиж байршуулдаг байсан гэмт хэрэг нь нотлогдсон. Эрүүл мэндийн сан ч ялгаагүй. Сангийн менежмент бүрэн алдагдсан. Энэ санг хамгаалахын тулд ажил олгогч, даатгуулагч, үйлдвэрчний эвлэлээс төлөөллийг нь бүрдүүлдэг. Гэтэл энэ хүмүүс чихээ тагласан юм шиг байдаг учраас Нийгмийн даатгалын санг эрсдэлд оруулсан. Тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Найзан дундаа, ар өврийн хаалгаар хүн оруулж ирдэг асуудал байх ёсгүй. Энэ Үндэсний зөвлөлөөс хамаг юм болсон шүү. Манаж бай гээд явуулахад хамтарч хулгайлсан учраас Нийгмийн даатгалын сан өсч арвижихгүй байна. 

 

11 : 47
2021-4-2

Зээлийн хэлэлцээрийг баталлаа

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, баталлаа. Зээлийн хэлэлцээрийг батлахын өмнө УИХ-ын гишүүд асуулт тавьж, Сангийн сайд хариулт өгөв. Гишүүд Монгол Улс вакцинжуулалтаар дэлхийд эхний тавд яваа гэдэг нь үнэн үү гэдгийг тодрууллаа. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Монгол Улс  Азидаа вакцинжуулалтаар эхний тавдугаар байранд явж байгаа. Нийт хүн амынхаа арван хувь буюу 330 мянган хүнд, зорилтод 60 хувийнхаа бараг 20 хувийг вакцинжуулаад байна. Төсөв мөнгөгүй болоод зээл авч байгаа юм биш, ойлгоорой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ямар вакцин авах вэ. Эхний тун хийсэн үзүүлэлтээрээ хүмүүсийн тархи угаагаад байх хэрэггүй? 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Бид өнгөрсөн онд төсвөө баталж байх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ямар ч вакцинд баталгаа өгөөгүй байсан. Үнэ нь ч  тодорхойгүй байсан учраас аль вакцин нь зах зээлд нийлүүлэгдэх талаар мэдээлэлгүй байсан. Өнөөдрийн байдлаар бид зорилтот 60 хувийнхаа 20 гаруй хувийг вакцинжуулаад байна. Вакцины эхний тунгаа хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан нь үнэн. Гэхдээ энэ нь  зөвхөн Монгол Улсад  тохиолдож байгаа зүйл  биш. Гэрээ бол хийгдсэн. Хуулийн төслийг өнөөдөр баталснаар захиран зарцуулах эрхтэй болно. Яг ямар вакцин оруулж ирэх талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Өнөөдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 300 мянган тун, мөн энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. Хоёр удаагийн татан авалтаар БНХАУ-ын Вероселл вакцины 900 мянган тунг авна

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Монгол Улс вакцины худалдан авалтыг шуурхай хурдан хийж байгаа. Вакцины эхний тунгаа хийлгэсэн 500 гаруй хүмүүс халдвар авсан. Дархлаа үүсэх болоогүй байхад халдвар хамгааллын дэглэм барихгүй тохиолдолд халдвар авах нь тодорхой. Иргэд вакцин хийлгэчхээд тайвширч болохгүй. Мэдээллийг иргэдэд хүргэх тал дээр  Эрүүл мэндийн яам онцгой анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Covid-19 халдварын улмаас нас барагсдыг хэрхэн нутаглуулж байгаа вэ. Оршуулгад явж байгаа хүмүүс халдвар авахгүй гэсэн баталгаа бий юу? 

-Хариулт өгсөнгүй. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хөдөө орон нутгийн эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хувцсаар хангах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хүрэлцээ маш муу байгаа талаар орон нутгийн эмнэлгийн ажилтнууд ярьж байна.

Хоёрдугаарт, орон нутагт ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлс олгох асуудлыг шийдэж өгмөөр байна. Үүнээс гадна төрийн албан хаагчдын томилолтыг  цэгцлэхгүй бол орон нутагт халдвар тараагаад байна.

Гуравдугаарт, нэг хэсэг PCR шинжилгээг үр дүнтэй гээд хөл хорьж байгаад өрх бүрээс  шинжилгээ авсан. Гэтэл ХӨСҮТ-ийн удирдлагууд PCR шинжилгээ авах шаардлаггүй, хийлгэхгүй байх нь зөв гээд ярьцгааж байна. Энэ асуудал УОК дээр яригдсан юм уу?

Гишүүд асуулт асууж, хариулт авах цаг дууссан учраас С.Чинзориг гишүүний асуултад  холбогдох байгууллагын хүмүүс албан бичгээр хариулт өгөхөөр болов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

10 : 28
2021-4-2

УИХ: 50.7 сая долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхлээд байна.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улс Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж