“Шинэ ном” булангийнхаа энэ удаагийн дугаарт хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач шүүмжлэгч П.Батхуягийг урилаа. Монголын орчин цагийн утга зохиолын ертөнцийн хамгийн баян уран бүтээлчдийн нэг хэмээгддэг тэрбээр эсээ, богино өгүүллэг, тууж, жүжгийн зохиол, шүлгийн ном гэсэн уран зохиолын дөрвөн өөр төрлийн багц бүтээлүүдээ хэвлүүлэн уншигчдийнхаа гарт хүргээд байгаа билээ. Шинэ бүтээлүүд нь:“НОХОЙ ДАЛАЙН ЗОМГОЛ” (Тууж, өгүүллэгийн түүвэр), “ЭСЭЭ ОРШИЛ БУЮУ ЭЛДЭВ ЭСЭЭС”, “НАМАР ГЭРЭЛТЭГЧ ҮГС” (Яруу найргийн түүвэр), “ЧУЛУУН БӨМБӨРИЙН НҮРГЭЭН” (Жүжгийн түүвэр)-үүд юм.
Түүнтэй шинэхэн бүтээлүүдийнх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.
–Шинэ номуудаа өлгийдэн авсанд баяр хүргэе. Дөрвөн номоо зэрэг хэвлүүллээ, яагаад хамтад нь хэвлүүлэх болов?
–Би бүтээлүүдээ дөрөв, дөрвөөр нь хэвлүүлээд заншчихсан. Манай утга зохиолын хүрээнийхэн бас бус уншигчид мэддэг болжээ. Өөрийнхөө ойрхи хугацаанд бичсэн уран бүтээлийг л цогцоор нь танилцуулах харуулах гэсэн санаатай гэх үү дээ. Нөгөө талдаа ийм багц байдлаар хэвлүүлсэн нь уран зохиолын олон төрлөөр бичиж байгаатай минь холбоотой байж мэднэ. Ер нь миний номуудаа хамтад хэвлүүлдэг нь цаанаа би чухам юу хийгээд байгааг намайг уншиж сонирхсон хэсэгт бүрэн дүүрэн танилцуулах гэсэн хүсэл шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй.
-Таны шинэ бүтээлүүд ямар өнгө аяс, онцлогтой болов, номуудаа хэдий хугацаанд бүтээв?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд л бичсэн эсээ, богино өгүүллэг, тууж, жүжгийн зохиол, шүлгүүдээс бүрдсэн номнууд юм. Жүжгийн зохиолын түүврийн хувьд моно буюу ганц хүний жүжиг, бас түүхэн болон хүүхдийн жүжгүүдээс бүрдэж байна. Түүхэн гэхээр түүхэнд болсон хэрэг явдлын тухай гэж ойлгох хэрэггүй. Цаг хугацааны хронотоп шинжээр бичсэн түүхэн бичлэг гэх үү дээ. Мэдээж моно жүжиг бол өөрийн гэсэн онцлогтой. Түүнийг нь л тод харуулах гэж хэрэндээ хичээсэн. Харин тууж, богино өгүүллэгүүдийн тухайд өөрийнхөө хэмжээнд шинэ шинэлэг сэтгэлгээгээр л бичихийг хүссэн. Тэгж бичиж чадсан гэж хувьдаа өөрийгөө жаахан тоогоод байгаа. Эсээнүүдийн талаар би өөрөө ийм тийм гэх хэцүү юм. Эсээ бичих арга зүйн талаар эхний хэсэгт нь арван өгүүлэл багтсан. Харин дараагийн хэсэгт эсээний бүхий л төрлөөр бичсэн жишээ эсээнүүдээ багтаасан. Эсээ шүүмж, аян замын эсээ, судалбар эсээ бас энэ ХХ зууны монголын урлаг утга зохиолын сайчуулын тухай бичсэн шинжлэл эсээнүүдээс бүрдсэн. Шүлгүүдийн хувьд хэрэв таны гарт энэ ном очвол чимээгүйд суугаад уншаарай гэж зөвлөх байна. Тэгвэл та илүү ойлгоно.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөгөө гаргасан уу?
– Мэдээж. Одоо нэг шинэ романы төлөвлөгөө гаргаад эхнээс нь судалгаа хийж байна. Би 2018 онд “Хүйтэн хотын романс” гээд хотын амьдрал, тэнд бага залуу насаа өнгөрүүлсэн хүмүүсийн замналыг харуулсан романаа хэвлүүлсэн. Түүнээс хойш манай эртний хадны зургуудаар зохиомжлон роман бичихээр шийдээд оролдож сууна. Хэзээ бичиж дуусахыг хэлж мэдэхгүй. Харин одоохондоо ”Хэн нь хэн бэ? гэсэн агуулгын хүрээнд Монголын соёлын ертөнцийн гэгээн сайхан хүмүүсийн уран бүтээл үзэл санаа, үйл хэргийн талаар задлан шинжилсэн эсээний номоо бичээд ахиулж байна. Театрын уран бүтээлчид, миний багш нар, зохиолчид, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийн шинжилгээ хийсэн эсээнүүдээс бүрдэх юм. Ийм л байх шив дээ.
Холбоотой мэдээ