Орон нутгийн 14000 тариаланчийг ирэх сард вакцинжуулна | News.MN

Орон нутгийн 14000 тариаланчийг ирэх сард вакцинжуулна

Орон нутгийн 14000 тариаланчийг ирэх сард вакцинжуулна

Орон нутгийн 14000 тариаланчийг ирэх сард вакцинжуулна

Covid-19 цар тахлаас болж, газар тариалангийн ажил эхлэхэд саад учруулж мэдэхээр байгаа. Тэгвэл хаврын тариалалтыг хэзээнээс эхлэх, тариаланчдыг вакцинд хамруулах боломжтой эсэхийг Хүнс хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.


-Хаврын тариалалт оройтож эхэлж болзошгүй тухай тариаланчид анхааруулах боллоо.  Нөхцөл байдал ямар байна вэ. Энэ жил хэчнээн га талбайд тариалалт хийх вэ?

-Энэ онд улсын хэмжээнд 530 мянган га талбайд үр тариа, тос, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахаар төлөвлөөд байна. Хаврын тариалалтын бэлтгэл хангахын тулд тариаланчид маань яаралтай орон нутагт очиж, техникийн засварын ажлаа эхлүүлэх, шатахууны нөөцөө бүрдүүлэх зэрэг олон чухал ажлыг амжуулах шаардлагатай болсон. Тийм учраас салбарын сайд Улсын онцгой комисс /УОК/-т хүсэлт илгээж, шийдвэрлэгдсэнээр тариаланчид бэлтгэлээ хангах боломжтой болсон.

УОК-ын тогтоолд  “Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланч, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер, ААН-үүдийн ажилчдыг PCR шинжилгээний хариуг үндэслэн Улаанбаатар хот болон аймаг сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахыг аймаг, нийслэлийн шуурхай комисст даалгасан байгаа.  Тэгэхээр тариаланчид PCR шинжилгээ болон аймгийн Онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн орон нутаг руу гарах, тариалалтын бэлтгэл ажлыг хангах, эхлүүлэх боломжтой болсон. Хаврын тариалалт улс даяар жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-20-ны хооронд эхэлдэг. Хугацаандаа тариалалт эхэлнэ.

-Тариалалт эхлүүлэх болоход үрийн буудайн нөөц хангалттай байгаа юу гэдэг асуудал хөндөгддөг. Хил гааль хаалттай үед эл асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? 

-Хаврын тариалалтад зориулж ОХУ-аас 12.0 мянган тонн элит сортын улаан буудайн үрийг оруулж ирж байгаа. Мөн хүнсний ногооны тариалалтыг 30 хувиар нэмэгдүүлэхээр 2,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 орчим тонн хүнсний ногооны үрийг импортолж оруулж ирээд байна. Эдгээр үрийг  Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан нийт тариаланчиддаа олгох юм.

-Газар тариалан эрхлэгчдээ Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулж эхэлсэн үү. Улсын хэмжээнд хэчнээн тариаланчийг хамруулах вэ?

-Улаанбаатар хотоос орон нутагт очиж ажиллах 1000 орчим тариаланчдаа өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд вакцинжуулсан. Вакцинд хамрагдсан иргэдийн хоёр дах тунг ажиллахаар очсон орон нутагт нь хийнэ. Харин хөдөө орон нутагт байгаа 14 мянга орчим тариаланчийг вакцинжуулах ажлыг дөрөвдүгээр сарын 3-17-ны хооронд Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж ажиллахаар болсон.

-Засгийн газраас зарласан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн.  Энэ хүрээнд хүнс хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдад 500 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Зээлийн талаар тодорхой мэдээллийг өгөөч?

-Нийт 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсон. Ингэхдээ газар тариалангийн салбарынханд 100 тэрбум, ноос ноолуурын салбарынханд 200 тэрбум, малчдад 200 тэрбум төгрөгийн зээлийн урсгал нээж өгөх шийдвэр гаргасан юм. Аж ахуй нэгж, иргэн нь зээл хүсэхдээ арилжааны банкуудад хандана. Зээлийг тариаланчдад хаврын тариалалтын өмнө олгохоор ажиллаж байна. Уг зээлийг хувиараа газар тариалан эрхлэгч ч авах боломжтой гэдгээрээ давуу талтай. Өмнөх жил газар тариаланчдад нийт 76 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Ингэхдээ ААН-үүд дээд тал нь хоёр тэрбумын зээл авсан.

Тариалалт эхлэх үеэр газар тариалангийн бүс нутгаар цаг агаар ямар байх бол, урьдчилсан мэдээлэл гарсан уу?

-Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэл авсан. Урьд жилүүдтэй харьцуулахад энэ сард хур тунадас ихтэй байхаар байгаа.

Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчдын өнгөрсөн оны улаан буудайн урамшууллыг одоог хүртэл олгоогүй байгаа гэх мэдээлэл гарлаа. Ямар шалтгааны улмаас тус урамшууллын мөнгийг олгохгүй байна вэ?

-Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчдын урамшууллын материалыг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байсан тул шалгалт дуустал мөнгөн урамшууллыг түр хугацаанд хойшлуулсан. Шалгалт дууссаны дараа Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланчдын урамшууллыг олгож эхэлнэ.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-02 49.0.154.112

Вакцинжуулах гэсээр байтал тариалалтын цаг дуусах нь, хэзээ нь дархлаа тогтох юм бэ
вакцин нь үйлчилтэл 2 сар….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж