МХЕГ: Үйлдвэрүүд цар тахлын үеийн менежмент, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

МХЕГ: Үйлдвэрүүд цар тахлын үеийн менежмент, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн хэрэгжүүлж байна

Засгийн газрын гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд АПУ компани дээр биечлэн ажиллаж “Ковид-19”-ийн үеийн төлөвлөгөө, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НМХГ-ын дарга С.Даваасүрэн: “Ер нь аж ахуйн нэгжүүдээр явж ажиллаж байхад тухайлсан хүн томилон гүйцэтгэлээ ханган ажиллаж байна. Тэр дундаа АПУ компани цар тахлын үед дотооддоо халдвар хамгааллын дэглэм сахиулах ажлыг маш сайн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хэрэгжилтийг хангах зориулсан тусгайлсан хэлтэс гарган ажиллуулж байгаа нь сайшаалтай санагдлаа. Энэ бол нэг талаар нийгмийн хариуцлагын хүрээнд өвчлөлийг тараахгүй боловч нөгөө талаар компанийнхаа хэвийн үйл ажиллагааг хангаж явахад бол маш ач холбогдолтой” гэв.

АПУ компанийн хэмжээнд коронавирусийн цар тахлаас үүдэн үүсч буй хямралд дасан зохицох, бууруулах зорилгоор “Хямралын удирдлагын гарын авлага”-ыг олон улсын зөвлөмж, туршлагын дагуу боловсруулан 2020 оноос мөрдсөн. Компанийн хэмжээнд “Бизнесийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө”-г 3 чиглэлээр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Байгалийн гамшиг болон хүн, малын гоц халдварт өвчний үед ажиллах төлөвлөгөө болон нөхцлүүдийг судлаж боловсруулсан. Мөн коронавирусийн халдварын үед ажиллах байгууллагын онцгой комисс, багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан байна. Тухайлбал цар тахлын дэгдэлт их байгаа энэ үед ажилчдаа халдвараас сэргийлэх, хэрвээ компани дотор халдвар илэрвэл ямар хариу арга хэмжээ авах зэрэг ажлыг урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Ингэхдээ шуурхай штаб байгуулан халдвар илэрсэн иргэнийг яаралтай нөхцөлд компани дотор хэрхэн тусгаарлах, хавьтал болсон хүнийг ямар зураглалын дагуу зорчуулах зэргийг тооцож өндөр түвшинд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтээр улсын хэмжээнд томоохонд тооцогдохуйц үйлдвэрүүд дотооддоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа учраас Засгийн газрын хуралдаанаар энэ чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шаардлагагүй гэж үзжээ. Мөн бас нэг шалтгаан нь эрүүл мэндийн байгууллагуудад ариутгалын зорилгоор ашиглах өндөр чанарын спиртийг тасралтгүй нийлүүлж цар тахлын үеийн халдваргүйжүүлэх гол бүтээгдэхүүнээр хангаж байгаа учраас үйлдвэрлэлийн тасралтгүй байдал чухалд эрэмбэлэгдэж байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ. Тухайлбал энэ талаар МХЕГ-ын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Г.Батмөнх хэлэхдээ “Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаан дээр салбар бүрт хяналт тавин ажиллаж байгаа ажлын хэсгийн ахлагч нар тухайн салбарын асуудлыг хөндөн ярилцсан. Хатуу хөл хорио тогтоох асуудал ч мөн хэлэлцэгдэж байсанг өөр өөр үйлчилгээний чиглэлүүдээр ялгаж салган хязгаарлалт тогтоогоод байна. Жишээ нь манай ажлын хэсэг бол Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг. Бид үйлдвэрүүдээр явж ажиллаж байна. Яг ингээд үзэхэд үйлдвэрүүд бол цар тахлын үед ажиллах дотоодын журам заавраа маш сайн гаргаж, хэрэгжүүлж ажиллаж байгаа нь харагдаж байна” гэсэн юм.

АПУ компани халдвар хамгааллын дэглэмийг нарийн зохион байгуулалтын дагуу явуулан, УОК-оос гарсан тушаал шийдвэрийг чанд мөрдөж байгааг ажлын хэсгийн гишүүд онцолсон. Компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор  хурал, сургалтын үйл ажиллагааг онлайнаар зохион байгуулан, ээлжийн ажилчдыг 2 ээлж солилцох үед хооронд нь ямар нэг байдлаар хавьтал болгохгүйгээр нарийн зохион байгуулалт хийж байгаа нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж компаниудад үлгэр дууриал болохуйц сайн жишиг болсон гэж үзэж байна. Учир нь АПУ компани бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл тогтоосон үед хэрхэн ажиллах зохицуулалтыг шар, улбар шар, улаан өнгөөр ангилан гаргасан. Тухайлбал улбар шар түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үед захиргааны нийт ажилтнуудын 30 хувь нь ажиллах бол үйлдвэрийн ажилтнуудыг 100 хувь ажиллуулах зэргээр зохицуулалтыг хийжээ. Гэхдээ ээлжийн зохион байгуулалтын богино хугацааны эргэлттэй хийхээр төлөвлөжээ.

Энэ хугацаанд АПУ компанийн хамт олон зөвхөн дотооддоо буюу өөрсдөдөө чиглэсэн ажлыг хэрэгжүүлээгүй. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд цар тахлын халдварын голомтод ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтнуудад удаа дараа мөнгөн болон эд материалын тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулсан. Тухайлбал “ХАРИУЦЛАГАА НЭМЖ ХАМТДАА ДАВЪЯ” аяны хүрээнд ХӨСҮТ-д хандив өгсөн. НЗДТГ-ын санаачлагаар Ковид-19 цар тахлын улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд чиглэсэн хүнсний тусламжийн багц түгээх “Дэм Дэмэндээ-2” аянд АПУ компанийн хамт олон нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүлсэн байна.

Цар тахлын халдварын анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэнээс хойш 13 сар, дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш 5 сарын хугацаа өнгөрч байна. АПУ компани 2000 ажилтнаасаа нэг ч ажилтныг цомхотголд оруулалгүйгээр ажлын байраа 100 хувь хадгалж авч үлджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд компанийн дотоод үйл ажиллагаандаа “хүн төвтэй ажилтнууддаа ээлтэй бодлого” баримтлахыг чухалчилсан байна. Үүнд:

Нэг ч цомхотгол хийлгүй ажлын байрыг 100% хэвээр хадгалж авч үлдэв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэв
Ажилтнуудаа үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулав
“Ковид-19” эрсдэлийн даатгалд хамруулав
Зайнаас ажиллах уян хатан зохицуулалт
Бага насны хүүхэдтэй ажилтнууддаа цалинтай чөлөө олгов
Сул зогсолтын олговрыг хуулийн дагуу бүрэн олгов
Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл, гарын авлагаар тогтмол хангав
Онлайн суурьтай сургалт хөгжлийн бодлого хэрэгжүүлсэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж