"Сийлбэр бол тэвчээрийн урлаг" | News.MN

"Сийлбэр бол тэвчээрийн урлаг"

"Сийлбэр бол тэвчээрийн урлаг"

Ч.Батжаргал: Мянган морь урласан ч бүгд адилгүй

Ч.Батжаргал: Мянган морь урласан ч бүгд адилгүй https://news.mn/r/2417885/

Posted by News.mn on Thursday, April 1, 2021

“Ухааны, мэлмийн, мутрын ур тэгш заяасан хүн л сийлбэрч болдог” гэдэг. Модны сэнгэнэсэн үнэр, зорсон модны үртэсгүйгээр сийлбэрчдийг төсөөлөхийн аргагүй. Монголын ахуй, зан заншлыг модны урд шингээн түүх соёлоо сурталчилж буй сийлбэрч Ч.Батжаргалын бүтээсэн, урласан нь эх орондоо төдийгүй хилийн чанадад монгол сийлбэрчийн урыг гайхуулсаар байдаг. Тэрбээр  20 жилийн турш модтой нөхөрлөсөн уран гартан.

Ч.Батжаргалын уран бүтээлийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэрбээр 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 16 мянга гаруй морь урлажээ. Урлангаар ороход л хойморт нь уяан дээрээ эзнээ хүлээж буй морьд,  хар азарга, хурдны морь нүдэнд тусах. Уяан дээрээ багшралдах морьдыг харахад хөдөө тал санаанд бууна.

Гэрийн гадна ноход хуцаж, морьд эзнээ хүлээх мэт уяан дээрээ үүрэглэх мэт. Түүний бүтээлүүдийг харахад бүгд л ижилхэн морь атал нарийн ажиглавал  ур хийц, ааш араншин хоорондоо адил төсгүй.  Хонины морь гэхэд л нарийн хээ угалзгүй, номхон дөлгөөн  байхад хурдны морь уяа сойлго нь ханасан , дэл, сүүл, судас, шөрмөс , булчинг нь тодотгох ёстой аж. Тэрбээр заримдаа морьдоо хараад чимээгүй суух дуртай.  Магадгүй алсран одсон хүүхэд насны дурсамж  санаанд нь буудаг биз ээ.

Түүний хүүхэд нас хөдөө малчны хотхонд өнгөрсөн гэдэг. Тэр дундаа морь түүний үнэнч нөхөр байсныг дурсахдаа “Морь бол их ухаантай амьтан. Эзнээ хэзээ ч орхиж явдаггүй. Бага залуу байхад минь хар морь их үнэнч найз минь байсан юм. Түүнийг би хэзээ ч мартдаггүй. Надад их өмөг түшиг болсон доо хөөрхий. Хүнтэй зүйрлэх ч аргагүй. Хийморьлог атлаа ариун цагаан амьтан юм” хэмээн инээмсэглэв.

Сийлбэрч болсон түүх нь ч бас морьтой салшгүй холбоотой. Модтой нөхөрлөхөөс 20 жилийн  өмнө алт мөнгөний дархан байж. Нэгэн удаа нутгийнх нь өвгөн Ч.Батжаргалыг морь урлаж өгөхийг хүсчээ. Ахмад хүний гуйлтад үгүй гэж хэлэх зүрх байгаагүй учраас чадахгүй байсан ч оролдож үзэхээр шийдсэн нь түүний сийлбэрч болох эхлэл байж.

Хоолны хутга, гар хөрөөгөөр анхны бүтээлээ урлаж, эзэнд нь өгөхөд “Баярлалаа хүү минь, чамд их авьяас бий. Илүү ихийг бүтээгээрэй” гэж хэлэхдээ хониор мялаажээ. Өвөөгийн хэлсэн урмын үг, бэлгэнд өгсөн хонио хөтлөөд гэр лүгээ алхаж байх тэр үед үгээр хэлэхийн аргагүй их баярлаж байсан гэдэг.

НОГООН ДАРЬ ЭХ БҮТЭЭЛЭЭ ЗҮҮДЭНДЭЭ ХАРСАН

 Уран бүтээлч бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой. Ч.Батжаргалын хувьд  заримдаа бүтээлийн санаагаа зүүдэндээ харж ярих тохиолдол бий гэнэ. Ногоон дарь эх урлаж суухдаа тэрбээр “Зүүдэндээ ногоон дарь эх урлаж суусан юм. Маргааш нь зүүдээ бодоод өөрийгөө бурхан урлах болоогүй, чадахгүй гэж их ятгасан. Долоо хоног өөртэйгээ зөрчилдөж, удаан бодсоны эцэст бурхан урлаж байна. Бурхан урлана гэдэг их нарийн ухаан шаарддаг юм байна. Уран бүтээлч хүн гэдэг насаараа суралцдаг, хэзээ ч өөрийгөө хангалттай гэж дүгнэж болохгүй” гэсэн юм.

Модоор урлах нь алт мөнгөний дархан, барималчаас ялгаатай нь дахин засч болдоггүй онцлогтой. Хэрэв нэг л удаа санамсаргүй хутга халтирч, сэв гарахад тухайн бүтээл төгс болж байсан ч огт хамаагүй хаяхаар өөр аргагүй, дахин шинээр эхлүүлдэг байна.

Тиймдээ ч модыг  хутгаар сийлэхдээ хуруу шигээ мэдрэх нь чухал аж. Тэрбээр “Хутга бол миний хувьд арван хурууны минь нэг хэсэг” гэж хэлэхдээ нүдээ аньж, мэдрэмжээ илэрхийлж байлаа. Гэхдээ ийнхүү мэдрэх хүртлээ хуруу гараа эсгэж бэртэх нь цөөнгүй. Сийлбэр бол тэвчээрийн урлаг гэж Ч.Батжаргал онцолсон юм.

Нэг ч удаа үзэсгэлэн гаргаж, олонд бүтээлээ дэлгэж байгаагүй ч сийлбэрч   Ч.Батжаргалын урласан, бүтээснийг хүмүүс андахгүй. Австрали, АНУ, БНСУ, Японоос бүтээлийг нь захидаг.  Монголчууд төдийгүй гадныхан ч бас бүтээлд нь хайртай гэнэ. Түүнд гадаадад ажиллах, уран бүтээлээ хийх урилга ч бас цөөнгүй ирж байж. Энэ талаар тэрбээр “Уран бүтээл туурвихад хаана байх нь чухал биш. Тухайн бүтээлийг хүмүүс хараад энийг хаана хийсэн бэ, баян хүн, ядуу хүн урласан уу гэж асуудаггүй. Хэн хийсэн бэ л гэж монголчууд асуудаг шүү дээ. Тэгэхээр надад хаана байх нь чухал биш.  Ахуй амьдралаа бодоод гадаадад амьдрах боломж, урилга зөндөө л ирж байлаа. Мэдээж надад мөнгө, орон байр хэрэгтэй. Гэхдээ сийлбэрийн урлагийг олон улсад таниулахад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах нь миний хувьд илүү эрхэм чухал” хэмээв. Тэрбээр хотын төвөөс зайдуу гэр хороололд хашаа байшиндаа бусдын л адил даруухан аж төрж байна.

Ч.Батжаргал байшиндаа хонохоос илүү таван ханатай гэрт урландаа өнжих нь их. Түүний хувьд 24 цагийн 20 цагийг модтой нөхөрлөж өнгөрүүлдэг байна. Энэ нь заримдаа бясалгал, амралт болдог аж.

Сийлбэрийн модоо сонгохдоо тэрбээр танил хүнээсээ мод захиалж авдаг байна. Заримдаа хуурай эсэхийг нь шалгаж амталж үздэг нь бусдыг гайхашруулна. Танилууд нь түүнийг “ Та модоо зажласаар л явна уу” хэмээн шоолно.

 Энэ тухай сийлбэрч Ч.Батжаргалын хэлснээр нойтон мод зажлахад давирхай амтагддаг бол хуурай модноос давирхай амтагддаггүй байна. Хэрэв нойтон модоор бүтээл урлавал чанаргүй, эвдэрч гэмтэх нь амархан  болдог тул ийнхүү үнэрлэж, амталж  шалгадаг гэнэ.

БҮТЭЭЛЭЭ УРЛАЖ БАЙХДАА ОСОЛДСОН Ч  СИЙЛБЭРЭЭСЭЭ ХОЛДООГҮЙ

2020 оны намрын сэрүүхэн өдөр…Ч.Батжаргал  уран бүтээлдээ эрүүл мэнд, гоо сайхнаа ч бас золиослосон юм. Мод харуулдаж зогссон ч осол болж, эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд мод үсэрч, эрүүг нь цохисныг  Ч.Батжаргал бүдэг бадаг санадаг. Харин нүдээ нээхэд эмнэлэгт байсан аж. Тэрбээр хүнд гэмтлийн улмаас   бусад шиг тод ярьж чадахгүй болсон ч эргээд уран бүтээлээ хийх аз түүнд тохиосон нь энэ.  Аминд нь ч хүрч мэдэхээр байсан ослын талаар тэрбээр "Шавьтайгаа хамт урландаа байсан юм. Токарийн өмнө зогсч байснаа санадаг. Мод үсрээд л ухаан алдсан юм билээ, сэргээд харсан эмнэлэгт байсан /инээв/. Хүнд гэмтсэн ч үхэх цаг нь болоогүй байсан юм байлгүй дээ. Бүтээлээ хийж байхдаа осолдсон ч сийлбэрээ орхих тухай огт бодож байгаагүй" гэсэн юм.  Үхлээс мултарч, эрүүл саруул хүн шиг хөл дээрээ дахин зогсоход нь магадгүй хүүхдийн заяа түшсэн ч байж мэдэх юм.

Тэрбээр эхнэр, зургаан хүүхэдтэй. Ууган хоёр хүү нь өрх тусгаарласан бол дөрвөн хүүхэд нь 5-13 настай. Хамгийн бага нь таван настай, бас зургаан настай  бол дундах нь 10, 13  настай. Гэрт нь хүүхдийн инээх, шуугих цангинасан дуу тасрахгүй. Аавынхаа мөрнөөс зүүгдэх жаахан охидын харц гэрэлтэй. Ч.Батжаргалынх гэдэг айл хотын төвөөс зайтай ч  хашаа байшиндаа ийн өөрсдийнхөө тайван жаргалтай амьдарч байгаа нь энэ билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ням. 2021-04-02 192.82.70.24

Нэрээ сайхан ур ухаан байна нэг ч гэсэн Монгол хүн хөдөлмөрлөж сайхан амьдарвал ямар сайхан бэ. Амжилт нэрээ цурайтуул.

Avatar

Zochin 2021-04-02 202.9.47.47

xolbogdox utas bn uu.

Avatar

батжаргал 2021-04-02 202.126.88.186

94119871

Avatar

Irgen hun 2021-04-02 103.136.254.8

Mundag ahad bolon ger buld ni eruul enh ineed huur bayar baysliig husey. Ta amjiltand hursen hun bn. Tsaashid ch undarsaar bh bh

Avatar

Зочин 2021-04-02 73.109.158.108

Utas bn u? usa-s zahialga ugmuur bn

Avatar

Enkhtuvshin 2021-04-02 66.181.161.89

Jinhene uuriiguu olson unagan avyastai, bas ih hudulmurch hun Tanaar uneheer baharhaj bnaa. Buteelee hiihdee byasalgal hiij baigaa yum shig boldog, zurh setgeleeree uusdag bolohoor Tanii siilberuud uneheer gaihamshigiig medruuldeg baih aa? Tand eruul enhiig husii!

Avatar

мх 2021-04-02 103.206.195.230

Аргагүй л хүний хөдөлмөр, амьдралаа залгуулах бүтээгдэхүүн юм даа… Жоохон урлагжуулах аваас бүтээл төрж болох л мэт …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж