“Н.Батцэцэгт зориулсан дуу хилийн цэргийн сүлд дуу болсон”

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

“Н.Батцэцэгт зориулсан дуу хилийн цэргийн сүлд дуу болсон”

“Н.Батцэцэгт зориулсан дуу хилийн цэргийн сүлд дуу болсон”

Буцах хунгийн дуунаар сэрсэн
Буурал намрын цагаан шөнөөр
Анхны цасан ширхэг шигээ
Сормуус дээр чинь хайлах болно оо
хэмээн Хунгийн дуутай дэлгэцэнд мөнхөрсөн уран бүтээл бол 1978 онд үзэгчдийн хүртээл болсон “Суварган цэнхэр уулс” монголын уран сайхны кино. Хилчдийн амьдралын зовлон жаргалыг харуулсан энэ бүтээлийн гол дүр болох дэслэгч Цэндийг энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа урилаа.

Цэл залуу насаа дэлгэцийн бүтээлд мөнхөлсөн уран бүтээлч бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир билээ. Тэрбээр Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчнөөс уран сайхны удирдаач,  байлдагчаас дэд хурандаа цол хүртэн гавьяаныхаа амралтад суужээ. Ингээд түүний 44 жилийн өмнөх дурсамжаар хамтдаа аялъя.


-“Мартагдашгүй танил” булангийн зочноо олон жилийн дараа хэр өөрчлөгдсөн бол гэж бодохоор уулзах гэж яардаг. Гэвч хөл хориотой учраас утсаар ярилцаж байгаад уучлал хүсье. Уран бүтээлээ туурвиж байна уу? 

-Би Улаанбаатар хотод амьдардаг. Энэ өвчин зовлон чинь их хэцүү юм. Хүмүүсийг бүтэн хоёр жил хорилоо шүү дээ. Би энэ хугацаанд олон сайхан дуу бичлээ. Хүмүүстэй утсаар яриад л дуугаа сонсгож сууна. Би чинь гавьяаныхаа амралтыг авсан учраас одоо чөлөөт уран бүтээлч болсон.  Хүмүүс одоо намайг таньдаггүй юм. Би чинь нэлээд жин нэмж, таргалсан байсан. Харин сүүлийн үед эргээд жин хаяж байна.

-Ард түмнийхээ сэтгэлд “Суварган цэнхэр уулс” киноны залуухан дэслэгч Цэндийн дүрээр хоногшин үлджээ. Зарим хүмүүс жүжигчин гэж боддог байх. Хөгжмийн зохиолч, удирдаач  мэргэжилтэй гэхээр гайхдаг уу?

-Тийм ээ. Би чинь хөгжмийн зохиолч, удирдаач хүн л дээ. Хилийн цэргийн дуу, бүжгийн  ансамбльд олон жил ажиллаж, тэндээсээ гавьяаныхаа амралтыг авсан. Тэтгэвэртээ гарсан ч уран бүтээлч хүн уйдна гэж байхгүй. Одоо ч уран бүтээлээ хийгээд л явж байна.

Т.Эрдэнэ-Очир 1975 он.

-Та хэчнээн киноны хөгжим бичсэн бэ?

-Нийтдээ есөн киноны хөгжим бичсэн. Яагаад киноны хөгжим бичсэн гэхээр их сонин. Би “Нар хиртсэн жил”, “Суварган цэнхэр уулс”, “Цөвүүн цагийн богд” гэх гурван киноны гол дүрд тоглосон байдаг юм. Өөрөө хөгжмийн хүн учраас ер нь киноны хөгжим яаж бичдэг вэ гэдгийг их сонирхоно. “Нар хиртсэн жил” уран сайхны киноны хөгжмийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Э.Чойдог бичсэн бол “Суварган цэнхэр уулс” киноны хөгжмийг Төрийн шагналт З.Хангал бичсэн. Хөгжмийн ямар гайхамшигтай бичсэн гэж санана.

Тэр үед Хунгийн дууг анх сураад л Н.Батцэцэгт зааж өгч, ам барьж дуулж байлаа. Энэ дууг гурав, дөрвөн жил жүжигчин Н.Батцэцэгийг дуулсан гэж үзэгчид бодож явсан. Сүүлдээ “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Нандинцэцэг дуулсан гэдгийг мэдэж, "баригдсан" байхгүй юу./инээв/

Дараа нь “Цөвүүн цагийн богд” киноны хөгжмийг нэрт удирдаач Ж. Чулуун гуай бичсэн. Ийм мундаг хөгжмийн зохиолчид киноны хөгжмийг яаж бичдэгийг тэр үед л мэдэрсэн. Сүүлд 2000 онд намайг найруулагч Д.Цогтбаатар “Сэтгэлийн уяа” гэх кинондоо тоглуулж, гол дүрд тоглосон залуугийн аав болсон. Тэгсэн “Та киноны хөгжим бичээд өгөөч” гэлээ. Тэгж л анх киноны хөгжим бичсэн дээ. Тэр кино их хөөрхөн дуутай шүү дээ. Дуучин Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг хоёр Соёл урлагийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байхдаа дуулсан юм.

Модод нахиалах үеэр

Мод ээрэн байхад

Борхон зүрх минь хослон цохилохыг хүснэ

Дэнжин ногоорох зунаар

Сэтгэл баясан байхад

Дэргэд минь байгаа ч гээд тольтой тосон хүлээнэ гээд дуулдаг юм. Бас “Зүрхэнд уяатай хайр”, “Амилсан хайр”, “Гэрээс”, “Нүцгэн натур” зэрэг киноны хөгжим бичсэн.

УГЗ Д.Баттөмөрийн хамт. 2006 он.

Анх хөгжимчин болсон тухайгаа ярихгүй юу?

-Манай удамд мэргэжлийн урлагийн хүн байдаггүй. Миний нагац ах наадамд гурван даваатай, найранд гурван дуутай хүн байсан. Яагаад ч юм бүү мэд. Хөгжимчин болох замыг эргэлт буцалтгүй сонгосон байсан. Манай гэр Таван буудлын театрын байрны урд байдаг. Тэр байрны хүүхдүүдтэй их найзална.

Манай ангийн н.Баатар гээд хүү тавдугаар ангидаа Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулсан. Би бас  Гуравдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд, шалгалт өгөөд тэнцсэн. Найз маань надад нөлөөлсөн байх. Мөн аав надад цэнхэр өнгөтэй бөмбөр авч өгсөн байсан тул түүнийгээ тоглосоор сонсголтой болсон байх. Тэгж яваад л хөгжмийн хүн болсон доо.

-Хэдээс хэдэн онд П.И.Чайковскийн хөгжмийн сургуульд сурсан юм бэ?         

-Хуучир хөгжмөөрөө онц төгсч, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад гурван жил хуучир хөгжимчнөөр ажилласан. Тэгээд 1973 онд “Нар хиртсэн жил” кинонд анх удаа тоглосны дараа 1974 онд цэрэгт явсан. Тэгээд цэргийн хүн болоход намайг “Цэргийн сургуульд явах уу” гэхэд нь хөгжмөө л тоглоно гээд үлдэж, 05 дугаар ангид цэргийн албан хаагч, хөгжимчин болсон. Тэнд л хөгжмийн найруулга хийж, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн юм.

Дараагаар нь 1981 оноос 1986 онд Москвад П.И.Чайковскийн хөгжмийн сургуульд сурсан. Хуучнаар ЗХУ-ын урлагийн Гавьяат зүтгэлтэн Гордяавын удирдлага дор таван жил сурсан минь үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд их тус болсон. Хилийн цэргийн ансамбльдаа ирээд үндэсний цөөхүүл хөгжим, үлээвэр хөгжмийг хослуулан холимог оркестр ажиллуулж эхэлсэн.

Тэгж л анх хөгжимчнөөс уран сайхны удирдаач болтлоо байлдагчаас дэд хурандаа цол хүртсэн. Их сургуулиа төгсөөд ирэхэд хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал нар уран бүтээлээ радиод бичүүлдэг. Би тэрийг нь удирдаж, радиогийн бичлэгт ордог байлаа.

-Тэгэхээр таны анхны дүр “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүүгийн дүр байх нь ээ?

Тийм. Анхны дүр бол “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү. Энэ кино анх “Гуниггүй залуу нас” нэртэй байсан юм. Зохиолч С.Дашдооров гуайн зохиол л доо. Тэр үед “Цог” сэтгүүл дээр хоёрхон хуудас, гуравхан дүртэй өгүүллэг нийтлэгдсэн. Тэр зохиол дээр хоёр дүр нэмж, гэр бүл, залуусын хайр дурлалаар дайн дажины аюулыг харуулсан кино хийсэн юм. Анх кино учраас надад хүндрэлтэй зүйл гарч байсан.

Би чинь залуудаа бүрэг ичимхий байлаа. Ахмад уран бүтээлчдийн заавар зөвлөгөөгөөр тоглоно шүү дээ. Дүр сонгож авна гэж хуучны найруулагчдын мундаг чадвар байсан. Орчин үеийн киног харахаар залуу уран бүтээлчид хэтэрхий их хэтрүүлээд байгаа юм шиг санагддаг. Аливаа зүйл энгийн байх тусмаа амьдралд илүү ойр шүү дээ.

"Цөвүүн цагийн Богд" уран сайхны киноны Өндөр гэгээн Занабазарын дүр /1992 он /

-Хамгийн сүүлд ямар кинонд тоглов?  

-Миний хувьд “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс”-ын Цэнд, “Цөвүүн цагийн богд”-ын Өндөр гэгээн Занабазар, “Их хааны удам”-ын Довчин бэйс, “Уучлаарай хайрт минь” киноны мөрдөн байцаагч, “Төрийн сүлд өршөө” телевизийн киноны Содномын дүрийг бүтээсэн. Хамгийн сүүлд “Босго тотго” телевизийн олон ангит киноны гол бүр болох Батын аавын дүрд тоглосон.

-Монгол Улсын баатар П.Чогдонгийн түүх намтраас сэдэвлэн дэслэгч Цэндийн дүр бүтсэн гэж үнэн үү?

-“Суварган цэнхэр уулс” киноны дэслэгч Цэндийн дүрд анх Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай сонгогдсон байсан. Жүжигчин Н.Батцэцэгтэй ойролцоо насны залуугийн дүрийг хайсан юм билээ. Гэтэл Л. Жамсранжав агсан насны зөрүүтэй харагдаж байсан учраас “Газрын жигүүр” киноны Ширмэнгийн дүрд тоглосон Н.Энхтайван гэж залуу тэнцсэн гэдэг.

Кинондоо тоглох болтол Н.Энхтайван анх удаа дүр бүтээж байгаа учраас бэлтгэлгүй байсан. Тэгээд “Нар хиртсэн жил” кинонд тоглосон нөхрийг олж ирье гэсэн юм билээ. Би маргааш нь Кино үйлдвэр дээр яваад очтол Г.Жигжидсүрэн, Ц.Цэрэндорж найруулагч ярилцаад “Энэ залууг авья. Хилийн цэргийн амьдралаа ч сайн мэдэх юм байна” гэсэн.

Хамгийн хүндрэлтэй зүйл гэвэл үе тэнгийн хоёр залуу бие биеэ дурлалын харцаар шохоорхон харах л хэцүү санагдсан. Намайг үзэгчид харж байгаа шүү дээ. Цэргийн дарга хүн чинь цэргүүдтэйгээ адилхан бүсгүйг шохоорхоод байж болохгүй шүү дээ. Тийм учраас тэр талаа бодож тоглосон. Ер нь намайг Цэндийн дүрийг тун дажгүй бүтээсэн гэж хэлдэг юм.

"Суварган цэнхэр уулс" киноны хэсгээс /1977 он/

-Бас сурвалжлагч Солонгын дүр бодит дүр гэж дуулсан?

-Зохиолч С.Пүрэв, найруулагч Г.Жигжидсүрэн хоёр хилчдийн амьдралыг бодитоор нь харуулсан кино хийе гээд Баянхошууны заставд 10 гаруй хонохдоо зохиолоо бичсэн юм. Тэр заставын нэг офицерын эхнэр Сэлэнгэ гэж бүсгүй байсан гэсэн. Тэр үед застав дээр эмэгтэй хүн ховор. Тэр бүсгүйг хараад Солонгын дүр буусан гэдэг.

-Халх голын шумуулд хазуулах хэцүү байсан тухайгаа дурссан байсан. Кино зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй дурсамжаа хуваалцаач?

-Баянхошууны заставд хилээр 1000 адуу давуулж буй зургийг авсан. Тэр зураг авалтыг хийхэд их сайхан сартай үдэш байсан. Хоёр галын машин ирж, усан бороо оруулж байлаа.

Жүжигчин Н.Батцэцэг нэг залуутай захиагаар харилцдаг байсан юм. Зураг авалтын үеэр Н.Батцэцэгийн нүдэн дээр шумуул хазаад хавдчихсан. Тэгээд зураг авалт тав хоног хойшилж байлаа. Түүнээс болж найруулагч Г.Жигжидсүрэн, зураглаач Н.Зундуй ах ярилцаад нэг дуу хийсэн юм.

“Ургах нартай золгон учирч

Уруул дээрээ үнсүүлж сэрлээ

Хайртай чамайгаа тэврэхэд

Хамар дээрээс шумуул нислээ

Хайрын захиа чамдаа өгөөд

Хоног тоолон уйлж явлаа

Халхын голын домогт манханаас

Дугтуй дүүрэн шумуул илгээлээ” гэж шүлэг зохиосон. Би аяыг нь хийсэн. Тэр дуу нь сүүлдээ хилийн манаанд яваад ханиа дурссан “Сартай шөнийн уянга” гээд сайхан дуу болсон түүхтэй. Хилийн цэргийн эмэгтэйчүүдийн сүлд дуу болсон байдаг. / Ийм аятай дуу чи сонсох уу. Их гоё дуу/

Сартай шөнийн зүүдэнд учирч

Сайхан чамайгаа бодож санахад

Энхрий нутгаа чи минь манаад

Энхийн харуулд зогсч байх юм

Үүрээр зэллэх шувуудын бараанд

Өрхөө татаад чамайгаа бодлоо

Наран ургах дорнын хязгаарт

Манаанд яваа ханиа дурслаа” гэж дуу бүтсэн түүхтэй. Хунгийн дуутай зэрэг бүтсэн  дуу л даа.

"Суварган цэнхэр уулс" киноны 40 жилийн ойн арга хэмжээ /2017 он/

-“Суварган цэнхэр уулс” киноны 40 жилийн ой дөрвөн жилийн өмнө болж, уран бүтээлчид хилийн заставаар явсан. Хэчнээн уран бүтээлч цугласан бэ?

-Киноны маань 40 жилийн ой сайхан болсон. Зураглаач Н.Зундуй ах, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг бид гурав хилийн заставуудаар явсан. Бидэнтэй хамт Ш.Ёолк хөтлөгч Дорнодын отряд, Халх голын отряд, Мэнэнгийн отрядаар явж, дараа нь Замын-Үүд, Улаан-Уул, Сулинхээрийн отрядаар явсан.

Биднийг хилийн отряд болгон хүлээж авсан. Би чинь хөгширсөн хойноо од болж үзлээ. Баярын хурал хийж, уулзалт зохион байгуулсан. Кинонд оролцож байсан олон хүмүүс ирсэн. Тэр үед цэргийн алба хааж байсан цэргүүд хүртэл ирсэн. Энэ үеэр “Суварган цэнхэр уулс” киноны хоёрдугаар ангийг нь хийнэ гэж ярьж байсан ч больсон.

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу. Хүүхдүүдээс нь урлагийн замыг сонгосон хүн бий юу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Тэднээс маань урлагийн замыг сонгон хүн байхгүй. Ач зээ нараас маань өвөөгөө дуурайсан хүн гарах байх. /инээв/

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж