Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Рио-Тинтод 34 хувиа зарах уу?

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Рио-Тинтод 34 хувиа зарах уу?

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар  Рио-Тинтод 34 хувиа зарах уу?

Улстөрчдийн 10 гаруй жил ярьж байгаа “хэрүүл” буюу  Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" компани нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээнд зааснаар "Оюутолгой" компанийн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг "Туркойз Хилл Ресурс" гэх охин компаниараа дамжуулан "Рио-Тинто" эзэмших болсон юм. Оюутолгойн төсөл хөдөлж эхэлснээс хойш өнгөрсөн 10 жил улстөрчдийн попрох сэдэв нь байсан гэж хэлж болно. Учир нь улстөрчдийн дийлэнх нь төслийг хаая, зогсоох гэж хэлэх нь илүүтэй. Харин эдийн засагчдын хувьд эсрэг байр суурь илэрхийлдэг. Оюутолгойн төслийг зогсоовол Монголын эдийн засагт том хохирол авчирна гэдэг бодитой шүүмжлэлийг дэвшүүлдэг.

Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ ажил хэрэг болгоогүй нь үнэн. Тухайлбал, 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Хятадаас эрчим хүчээ авч, жилд 200 гаруй сая ам.долларыг зөвхөн эрчим хүч худалдаж авахад зарцуулж байна.

Хоёрт, Монголчууд өрөнд орсон. Гуравт, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдож, ингэхдээ үлдэж буй 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Айлын тал хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дууссны дараа нь баялгийн эзэн хувь эзэмшинэ гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин нэмэгджээ.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2015 онд болж, далд уурхайн бүтээн байгуулалтад 6 орчим тэрбум ам.доллар шаардлагатайгаас нийт 4.4 тэрбум ам.долларыг Олон улсын санхүүгийн таван байгууллага, гаднын нэр хүнд бүхий арилжааны 15 банкнаас 12-15 жилийн хугацаатай зээлэхдээ LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлсэн байдаг. Далд уурхайн бүтээн байгуулалтыг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч энэ хугацаа 22 сараар хойшилсон байна. Зардал нь 1 тэрбум 450 сая ам.доллар буюу 30 хувиар өсчээ.

Далд уурхайг аравдугаар сар гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Өнөөгийн санхүүгийн загвараараа явах юм бол Монгол Улс 2039 он хүртэл өгөөж хүртэхгүй. Монголын талын 34 хувийг зээлээр авсан анхны 1 тэрбум нь одоогийн байдлаар 2.2 тэрбум болсон. Санхүүгийн бодит зах зээлийн өнөөгийн үнэлгээ 1.6 тэрбум буюу Монголын тал -600 сая ам.долларын алдагдалтайгаар 34 хувиа эзэмшиж буй.

УИХ-ын гишүүдийн зүгээс Оюутолгой төслийн гэрээг сайжруулахын тулд 34 хувиа  зараад, оронд нь АМНАТ-аа, бусад татвараа өндөр авч мөн мөнгөн гүйлгээгээ Монголоор дамжуулах ёстой гэдгийг хэлдэг.

Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлээгүй учир Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг “Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар  байгуулсан. Тодруулбал, “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан. Харин ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, холбогдох Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд оролцож ажиллаж байгаа.

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар тус ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг нээлттэй сонссон юм. Ажлын хэсгийн ахлагч өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийсэн. Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөл Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээ хийх зорилгоор Монгол Улсад ирээд байгаа бөгөөд уулзалт товлох хүсэлтийг хүлээн авчээ. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Рио Тинто компанийн төлөөлөлтэй яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээнүүдийг сайжруулах чиглэлээр ажлын хэсгийн гишүүдээс албан ёсоор ирүүлсэн саналуудыг нэгтгэжээ.

Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь яриа хэлэлцээг хөрөнгө оруулагч талын төлөөлөлтэй эхлүүлж, УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх байр суурийг илэрхийлсэн байна.

 1.Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюу Толгой Лтд, Оюу Толгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюу Толгой ХХК нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгох.

    2.“Оюутолгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын хүрээнд ногдуулсан нөхөн татвар, алданги, торгуулийг нэг мөр төлүүлж, татварын актуудыг хүлээн зөвшөөрүүлэх, татварын актад тусгагдсан асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, аливаа маргаангүй нөхцөлд яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагыг тавих.

    3.Хөрөнгө оруулалтын гэрээ, Дахин тодотгож нэмэлт, өөрчлөлт оруулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг Оюутолгой төсөлтэй холбогдуулж байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтийг дүгнэж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн сайжруулахаар хэлэлцээ хийх.

 “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийхэд нийт 2 их наяд 387 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул 377 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан байдаг. Харин 2016-2018 оны үйл ажиллагаанд 2020 онд татварын хяналт шалгалт хийгээд, нийт 7 их наяд 429.7 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн тул 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьжээ. Эхний буюу 2018 оны 377 тэрбум төгрөгийн татварын актыг хүлээн зөвшөөрөөгүй тул маргаан үүсгэж Лондонгийн арбитарт хандсан. Өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсээр байгаа.

“Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах асуудал амжилттай үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгийн ахлагч өгч байна. Хөрөнгө оруулагч талаас дээрх төлөвлөгөөг цуцлахад бэлэн байна гэсэн саналаа ч мөн илэрхийлжээ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямар нэг нөхцөлгүйгээр цуцлах саналтай байгаа гэх ч ажлын хэсэгт орсон зарим гишүүн цуцлахгүйгээр хэлэлцээр хийх, сөрөг нэхэмжлэл гаргах замаар арбитраар асуудлыг шийдэх санал гаргасан байна. Нэг асуудал дээр дотооддоо ийм өөр, өөр байр суурьтай байгаа, цаашдаа энэ асуудлаарх байр сууриа нэгтгэсний дараа үүнийгээ Монгол Улсын Засгийн газар нөгөө талд зохих ёсоор илэрхийлэх нь зүйтэй гэсэн байр суурийг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлсэн.

Хөрөнгө оруулагч тал Лондонгийн арбитрын маргааныг түр хойшлуулах саналыг өнгөрөгч Лхагва гаригт Монголын талд тавьжээ. Харин манай талаас хойшлуулахгүй гэдэг хариуг өгсөн байна.

"ЗЭЭЛИЙН ХҮҮНД ӨДӨРТ 1.8 САЯ АМ.ДОЛЛАР ЭРГЭН ТӨЛӨХ ТООЦООЛОЛ ГАРСАН"

Монгол Улс 71 хувийн өгөөж хүртэж, Оюутолгой 29 хувийг нь авна гэдэг сурталчилгааг анх хийж, гэрээ байгуулж байсныг зарим гишүүн чуулганы үеэр хөндсөн. “Оюутолгой” ХХК 2020 онд ил уурхайгаас 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. 2020 онд ил уурхайгаас 149 мянган тонн зэсийн баяжмал, 182 мянган унц алтыг экспортолжээ.

2010-2019 оны хооронд нийтдээ 3 их наяд төгрөгийн татвар, хураамжийг “Оюутолгой” ХХК улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. 2010-2020 оны хооронд 2.8 орчим тэрбум ам.долларыг Туркойс Хилл Ресурсес Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд төлжээ. “Оюутолгой” ХХК нийтдээ 11 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүнээс 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг ОУСК, ЕСБХБ, Хөгжлийн банк тэргүүтэй 20 орчим санхүүгийн байгууллага, компаниас авсан байна. Туркойс Хилл Ресурсес Лтд 7.7 тэрбум ам.долларын хувь нийлүүлэгчдийн зээлийг төлнө гэдэг мэдээллийг Х.Нямбаатар сайд тодотголоо. Зээлийн хүү ойролцоогоор жилийн 8 хувийн хүүтэй. “Оюутолгой” ХХК нэмэлт санхүүжилт авах шаардлагатай байгаа бөгөөд төслийн санхүүжилтийн зээлийн 2.4 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх хугацааг таван жилээр сунгахаар төлөвлөж байгаа аж. “Оюутолгой” ХХК зээлийн санхүүжилт их байгаагаас үүдэн зээлийн хүүнд өдөрт 1.8 сая ам.доллар эргэн төлөхөөр тооцоо гарсан байгаа гэх тооцоолол гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж