Хятад улс Covid-19 цар тахлаас сэргийлж, Эрээний боомтоор гуравдугаар сарын 21-ний өдрөөс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх хориг тавьсан нь Монголд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн байж болзошгүй ч албаныханы үгүйсгэж байгаа. Гэвч зах худалдааны төв, жижиг хүнсний дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөлттэй байгааг иргэд хэлж байгаа. Тиймээс бид үнэ өссөн шалтгааныг тодруулах зорилгоор дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
НАРИЙН НОГОО ЭРЭЭНИЙ БООМТ ДЭЭР ГАЦЧИХСАН ГЭВ
“Бөмбөгөр” худалдааны төвөөр орвол эл хуль. Худалдагчдын ярьж буйгаар иргэдийн худалдан авах чадвар сүүлийн өдрүүдэд илт буурч, импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт саарч, үйлдвэрлэлтийн зардал ч өсчээ. Тус захын талх, нарийн боовны худалдагч “Талх, гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, хуучин үнээрээ зарагдаж байгаа” гэсэн бол чихэр худалдагч “Орос чихрийн үнээ нэмсэн, Монгол руу тээвэрлэх замын хөлс нэмэгдсэн учир кг тутамд нь үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байна. Үйлчлүүлэгч ч муу байгаа. Граммлаж чихэр авч байна” гэлээ.
Жимс, ногооны тасаг руу орвол “Монгол төмс 1000”, “Монгол лууван 1500” гэсэн цагаан дээр хараар бичсэн яг ижил үнийн самбаруудаар жигдэрчээ. Үйлчлүүлэгч ч тун цөөхөн харагдах, “Монгол төмс кг нь 900 төгрөгөөр аваарай” гэж үйлчлүүлэгчээ татахаар ам уралдана.
Лангуу бүрт Монгол төмс, лууван, байцай, манжин, сонгино өрөөстэй. Гэвч лангуун дээр нь байх ёстой нарийн ногоонууд нь Эрээний боомт дээр гацчихсан гэнэ.
"Бөмбөгөр" худалдааны төвийн ногооны үнэ ханштай танилцсаныхаа дараа "Барс" захын бөөний худалдагчтай холбогдоход “Монгол ногооны үнэ унах хандлагатай байна. Харин эсрэгээрээ импортын нарийн ногоонуудын үнэ өсөх шинжтэй. "Барс" зах дээрх бөөний үнэ өөрчлөгдөөгүй. Харин жижиглэнгийн үнэ өөрчлөгдсөн. Дамлаж зарж байгаа хүмүүс, жижиглэнгийн дэлгүүрүүд дээр л үнэ өссөн харагдсан. Бид бол бөөний үнээ хуучнаар нь барьж байна” гэж ярилаа.
Хүнсний тасгуудын нөхцөл байдалтай танилцсаны дараа гэр ахуйн барааны хэсэг рүү очвол бараг хүнгүй шахам ажээ. Бидний зочилсон лангууны эзэн Хятад, Солонгосоос бараагаа татдаг бөгөөд вон, юанийн ханшийн зөрүүнээс болж хямралд орж байгаа гэдгээ хэлэв. Мөн тээвэрлэлтийн зардал нь хүртэл эрс нэмэгдсэн юм байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн захын хорооны хүнсний дэлгүүрт орвол монгол төмс кг нь 1200 төгрөг, лууван 2200 төгрөг, Орос өндөг ширхэг нь 500 төгрөг гэлээ. Үнэхээр л өндөг, ногооны жижиглэнгийн үнэ өсчээ. Хамгийн анхаарал татсан нь “Бөмбөгөр” дээр 430 төгрөг гэж байсан Орос өндөг, жижиглэнгийн худалдаан дээр 70 төгрөгөөр өсч, 500 болжээ.
“Бөмбөгөр” худалдааны төвд өндөгний бизнес эрхлэгчийн хэлснээр бол өндөгний үнэ нэг хэсэг нэмэгдээд одоо л тогтож байгаа. Орос өндөгний үнэ нэмэгдсэн нь үнэн. Харин Монгол өндөгний үнэ нэмэгдээгүй аж.
"МАХНЫ ҮНЭ АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНА"
"Баянзүрх" захаар орвол "Бөмбөгөр"-ийг бодвол олны хөлд дарагджээ. Гэхдээ тус захаар үйлчлүүлж буй иргэд махны үнэ өндөр байгаад бухимдалтай байлаа. Тодруулбал, "Баянзүрх" захад 1 кг үхрийн ястай мах 13000, хонины ястай мах 10500, үхрийн цул мах 14800 төгрөг, хонины цул мах 12000 төгрөгийн үнэтэй байв.
Баянзүрх захаар үйлчлүүлж буй иргэд дараах байр суурь илэрхийлэв.
Ш.Эрдэнэтуяа:
-Бүтээгдэхүүний үнэ 500-1000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Жишээлбэл, нэрсний вариан 5000 төгрөг байсан бол одоо 5500, 6000 төгрөг болж, нэмэгджээ. Өндөгний үнэ ч гэсэн буухгүй байна. Цагаан сарын үеэр 500 төгрөгөөр ч өндөг олддоггүй байлаа. Одоо бол энд нэг ширхэг нь 480 төгрөг гэж байна. Уг нь 320, 350 төгрөгөөр л өндөг авдаг байсан. Өргөн хэрэглээний барааны үнэ нэг өсчхөөрөө ерөөсөө буухгүй юм.
Т.Саранцэцэг:
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь гайгүй л байна. Харин мах л хэцүү байна. Өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байна. Тэр яриад байдаг нөөцийн мах нь хаана ч байгаа юм. Өнөөдөр гадуур захуудаар яваад үзэхэд үнэ нь нэг их зөрүүгүй л харагдлаа.
Н.Туяа:
-Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна лээ. Өсөөгүй юмны үнэ гэж алга. Дор хаяж 400-500 төгрөгөөр нэмэгдсэн харагдлаа. Ялангуяа ургамлын тосны үнэ өссөн байна. Махны үнэ арай л дэндүү байна. Гурил, будаа нэг үеэ бодвол харьцангуй гайгүй, тогтвортой байна.
"ЭНЭ ЖИЛ Л БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨӨД БАЙГАА ЮМ БИШ"
Хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж байгаа эсэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд ямар хяналт тавьж байна вэ?
-Манай байгууллага Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан ганцхан шийдвэрийг л даган ажиллаж байна. Тодруубал, цар тахлын үед хүнс, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэх, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох зэрэг асуудлууд дээр хяналт тавих чиг үүрэгтэй. Тэрнээс биш манай байгууллага үнийн хяналт тавьдаггүй. Улаанбаатар хотын хэмжээнд өдөртөө 110 гаруй тонн махыг иргэд хэрэглэж байна. Махны нийлүүлэлт хангалттай байхад хоорондоо үгсэн тохиролцоод өндөр ашиг олохын тулд үнэ тогтоохыг үнийн хөөрөгдөл гэнэ. Мөн иргэдийн зүгээс өндгөн дээр зохиомол хомсдол үүсчихлээ гэж ярьдаг. Гэхдээ Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 55 хувийг гадаадаас хангадаг бол үлдсэн 45 хувийг нь дотоодоос хангадаг. Зохиомол хомсдол үүсгээд байна уу гээд шалгахаар үүсээгүй байдаг. Учир нь, дотоодын үйлдвэрүүд чадлаараа өдөрт 500-700 мянган ширхэг өндөг нийлүүлдэг. Харин Оросоос ирэх өндөгнүүд тээврийн хязгаарлалтаас болж орж ирж чаддаггүй. Ингэхээр зохиомол хомсдол үүсээгүй гэсэн үг. Харин үгсэн хуйвалдсан хэд хэдэн газарт манай байгууллага арга хэмжээ авч байсан. Жишээлбэл, нэг хотхоны 2-3 дэлгүүр хоорондоо тохиролцоод нэг төрлийн өндгийг яг адилхан үнээр зардаг. Өөрөөр хэлбэл, иргэд хатуу хөл хорионы улмаас зах, худалдааны төв явж чадахгүй учир өөрсдийн дурын үнийг тогтоодог. Одоо бид Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоон дээр үгсэн хуйвалдаж, үнэ тогтоосон гэх асуудлаар зөрчлийн хэрэг нээгээд явж байна. Тус холбооны зүгээс Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот хүрэх чингэлгийн үнийг хоёр сая 800 мянган төгрөгөөр тогтосоон. Энэ бол бидний яриад буй үгсэн хуйвалдаж, үнэ тогтоосон байдал. Энэ нь эргээд импортын өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байна.
-Наран цэцгийн тос, гурил, мах, өндөгний үнэ тогтмол өсч, хомсдол үүслээ гэж иргэд ярьж байна. Үүн дээр тайлбар өгөөч?
-Бүгд тус тусдаа шалтгаантай. Оросоос ирж буй улаан буудайны үнэ тонн тутамдаа нэмэгдэж байна. 2019 оны үнийг 2020 оныхтой харьцуулахад, улаан буудайн тонн тутамд 100 мянган төгрөг илүү гарч байна. Үүнийг бодоод үзэхээр кг тутамд дунджаар төрлөөсөө хамаарч улаан буудайн үнэ 60-80 төгрөгөөр нэмэгдэж байна. Гурилын үнэ нэмэгдэхийн хэрээр талх, нарийн боовны үнэ нэмэгддэг. Өндөгний хувьд улирлын шинж чанартай учир үнэ нь нэмэгддэг. Өндөгний нийлүүлэлтэнд нөлөөлсөн нэг том зүйл бол манай улс өндөгний чиглэлийн 100 мянган тахиагаа татан авч чадаагүй. Хөл хориотой холбогдуулан УОК, ХХААХҮЯ татан авахыг нь зөвшөөрөөгүй. Сүүлийн гурван жилд шатахуунтай хамааралтай үнийн хөөрөгдөл үүсээгүй. Өөрөөр хэлбэл, шатахуунаас болж талх, өндөг, гурилны үнэ өөрчлөгдөөгүй. Энэ жил л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм биш. Жилээс жилд хэлбэлзэж байсан. Одоо махны нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой нөөцийн махыг худалдаанд гаргаад байна. Гэхдээ мал төлөлтийн үеэр малчдыг малаа нядал гэж хэлж чадахгүй. Мөн 2020 онд Орос улс наран цэцгийн ургацаа алдчихсан учир Монголд орж ирж буй тоснуудын үнэ өндөр байна. Орос улсад сүүлийн 10 жил өндөгний үнэ өсөөгүй байж байгаад одоо л өсч байна.
Монгол Улс шиг 100 хувь дотоодоосоо өргөн хэрэглээний хүнс, гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээ хангаж чадахгүй улс хэдий болтол импортын бараагаа хилийн цаана бөөгнүүлээд байж чадах бол. Аль болох хурдхан шиг л бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж, тээвэрлэлтийн зардлыг нь бууруулах арга зам хайж, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байдаг. Иргэд өдөр бүр л барааны үнийн өсөлтийн талаар санаа зовж байна. Хүнс, барааны үнэ өсөх бүр иргэдэд хүнд тусна. Эсрэгээрээ худалдаачид үнээ өсгөхгүй бол алдагдал хүлээж, дампуурна. Үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардал нь өсч байгаа энэ үед тэд барааныхаа үнийг тогтмол удаан барина гэдэг хэцүү. Ямартай ч төр засаг боломжтой хугацаанд импортын хүнс, бараагаа оруулж ирэх нэн тэргүүний ажил. Мэдээж халдвар гарсан учраас урд хөршөөс ачаа, тээвэр нэвтрүүлэхгүй байх асуудлыг хөндсөн ч Монгол Улсын Засгийн газар яаралтай арга хэмжээ авахгүй бол орлого буурсан иргэдийн халааснаас гардаг мөнгө багасч, наймаачид нь үнэ хөөрөгдөөд эхэлбэл юу болох бол..
Холбоотой мэдээ