МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

Хуучирсан мэдээ: 2021.04.02-нд нийтлэгдсэн

МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

МАН: Хүчээ нэгтгээд “ХҮЧИНДЭНЭ”

Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнийн танхимын хоёр сайд өргөдлөө бичих үндэслэлээ хэдийнэ хангачихав. Гэвч, Монголын улстөрчид хэзээ байтлаа ёс зүйтэй байлаа. Тэднээс ёс зүй хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь илүү амархан  биз.

Даабль стандарт эдэлсэн эхнэрээ өмөөрч мэдээлэл хийсэн Шадар сайд “Албан тушаалтай зууралдахгүй. Мэдээж, хууль журмын хүрээнд шийдвэрлэх ёстой”-г сануулав. Араас нь  “өндөр настай, өвчтэй хоёр хөгшнөөр улс төр хийхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй”-гээ анхааруулжээ. Албан тушаалтай зууралддаггүй этиктэй хүнд бол аль хэдийнэ өргөдлөө өгөхөөс аргагүй кейс л дээ. Гэхдээ манай улстөрчдөөс ийм этик эрээд олдохгүй, дарга болоод даргын гэр бүл даам байдаг бичигдээгүй хуультай хойно.  Ө.Энхтүвшингийн хүү Золбоо яалаа, Ш.Раднаасэд яалаа!

Даргын эхнэрийн эрх бол ДААБЛЬ СТАНДАРТ

УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайханы эхнэр  өндөр настай эцэг, эхээ сахихаар ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрчээ. Удалгүй ямар нэгэн шалтгаанаар “улаан бүс”-ээс гарсан байна. Гэхдээ яагаад гарсан нь зуудугаар асуудал. Ямар ч байсан хэрийн хүн “улаан бүс”-рүү ороод гарах боломжгүй нөхцөлд УОК-ын даргын эхнэр учраас МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоод давуу эрх олгогдож.  Энэ  нь Х.Тэмүүжингийн  тайлбарласнаар  “Хуулийн тогтолцоонд байж боломгүй шударга бус зүйл. Хуулийн өмнө эрх тэгш байх, хууль ялгаварлалгүй үйлчлэх, шударгаар шүүлгэх гэх мэт зарчмыг үгүй хийдэг үзэгдэл” аж.

Голомтот бүс рүү авааль эхнэр нь аав, ээжийгээ “эргээд гарсан”-ыг Шадар сайд өөрөө ч, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр ч хүлээн зөвшөөрөв. Энэ бол Шадар сайдын албан тушаалаасаа огцрох гол үндэслэл. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр ажлаа өгөх ёс зүйн том алдаа.

Гэтэл  “Өвчтөн болон сахиурынх нь талаар мэдээлэл задруулах нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ёсзүйн том алдаа” гэж Л.Баттөр дарга доод албан тушаалтнуудаа дарамталж, дээд албан тушаалтнуудад бялдуулчиж байгаа нь манай улстөрчид, төрийн албан хаагчдын нийтлэг  “хэв шинжит” дүр  болж харагдав.  Иргэд Шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоогийн эцэг, эхээ гэсэн сэтгэлийг огт буруутгаагүй. Үр хүүхэд нь эцэг эхээ асран тойглох нь хүн ёсны үүрэг хойно. Тэглээ гээд энэ нь УОК-ын даргыг уучлах шалтаг лав биш. Иргэдийн бухимдаж байгаа шалтгаан нь УОК-оос ижил тэгш эрх, ижил тэгш боломж, ижил тэгш хариуцлага болоод У.Хүрэлсүхийн намынхны амалсан шударга ёсыг нь  нэхээд байгаа юм.

УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр биш, хорт хавдартай энгийн нэгэн бүсгүй охиноо үнсэх эрхгүйгээр хорвоогоос буцсан. Хамгийн сүүлчийн удаа хайртай бүхнээ тэврэхийг тэр хэчнээн их хүссэн бол оо, халагламаар.  Арван настай охин аав ээжийнхээ царайг харж амжилгүй амьсгаа хураасан.  Тусгаарлалтад байсан эцэг эх нь хөөрхий охиныхоо хөрсөн цогцос дээр орсон, аймаар нь.

Эцсийн мөч хүртлээ эрүүл мэндийн тусламж гуйсан эмэгтэй. УОК-ын шийдвэрээр хотын хаяанд гацаж, 22 товчоогоор нэвтэрч чадаагүй тэр бүсгүй амьдрахын төлөө хэчнээн их тэвчсэн бол. Аавыгаа эцсийн замд нь үдэх боломж олгооч гэж  уйлан барин гуйсан бүсгүй урдаас нь УОК-ынхон дүрэм, журам ярьсан, хорьсон. Гэтэл, УИХ-ын экс даргын хүү оочер дайраад ирэх нь, УИХ-ын гишүүн нь эхнэртэйгээ каргоны онгоцоор нисэх нь, УОК-ын даргын эхнэр улаан бүс рүү орж гарч гүйх нь байж боломгүй шударга бус зүйл. Хүлээн зөвшөөрөх тусмаа биднийг таашаалтайгаар хүчиндэнэ гэсэн үг.

Т.Чимгээ бишээ ЦЭРЭГ

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхнийг дуудаж авчраад  ярилцлага өгчээ. Зорилго нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял эдлэж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах тухай.  Өөрийнх нь хэлснээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын төлөө бүтэн таван жил улсын “өмгөөлөгч”-өөр ажиллаж байгаа хүн. Ц.Нямдорж хэлэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн гэнэ,  зовоосон гэнэ, эрх нь зөрчигдсөн гэнэ, эрүүдэн шүүсэн гэнэ. Гэхдээ үүний цаана Ц.Нямдоржид Т.Чимгээг, Б.Содномдаржааг өмгөөлөх асар их ашиг сонирхол, асуудал байна.

Харин тэрбээр гурван хоногийн өмнө Монголын армид алба хааж яваад салааны захирагчдаа зодуулан амиа алдсан байлдагчийн талаар ганц үг ганхийсэнгүй. Т.Чимгээ биш цэрэг болохоор тэр шүү дээ.

Цэрэг амиа алдах, амиа хорлох эсэх нь Ц.Нямдоржид падгүй. Падтай байсан бол тэр хэвлэлийнхнийг дуудаж авчраад хэзээний улс төр болгочихсон байгаа. Тиймээс өөр ашиггүй, хэрэггүй кэйс дээр тэр дуугардаггүй. Түүнд зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр л чухал аж.

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б согтуу захирагчдаа зодуулж, хүндээр гэмтэн эмчилгээ авалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн дараа ЗХЖШ-аас мэдээлэл хийж, таван жилийн цалинтай тэнцэх тэтгэмж өгнө гэв. Ардын хүүхдийн амь таван цаасаар үнэлээд өнгөрчих асуудал биш л дээ. Зүй нь, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нар ажлаасаа халагдах хангалттай үндэслэл. Гэвч, МАН-ын дарга нарт армид цэргүүд амиа алдахаас алуурчин Т.Чимгээгийн эрх чухал. Ашиг сонирхол ард нь байгаа болохоор тэр.

Уг нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шударга ёсыг сахиулж, хүчээ нэгтгээд хамтдаа хөгжинө гэж амалсан. Атал тэд хүчээ нэгтгээд биднийг “хүчиндэж” байна. Үүнийг нь үйлийн үр гэдэг юм даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж