Сүхбаатар аймагт өнөөдрийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо таваар нэмэгдэн 11 болжээ. Шинэ голомт болоод буй тус аймагт батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал болох 1700 орчим иргэнийг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байгаа аж.
Дээрх тохиолдлууд бүгд анхны голомт болох Мөнххаан сумаас илэрсэн тул тус сумыг улаан түвшинд шилжүүлж, тандалтын ажлыг эрчимжүүлжээ. Тус сумын 400 өрхөөс тус бүр нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөн, шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.
Халдвар авсан иргэд 18-65 насныхан бөгөөд архаг хууч өвчтэй гурван иргэний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байгаа аж. Мөнххаан суманд тандалтын таван баг ажиллаж буй юм байна.
Халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байж, аймгийн төв рүү орж ирэх эрсдэлээс хамгаалж, тус аймгийн хэмжээнд хатуу хөл хорионы дэглэмийг мөрдсөн хэвээр байгааг орон нутгийн удирдлага мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор иргэдийг хүнс болон эм, эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрс зэргийг хүргэлтээр авах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ.
Сүхбаатар аймгийн Шуурхай штабаас иргэддээ аль болох гэрээсээ гарахгүй байж, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг анхааруулав.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ