Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-ийн "улаан бүс"-эд нэвтэрсэн асуудлаар тус төвийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ. Тэрбээр "Өвчтөн, түүний сахиурын талаар мэдээлэл гаргах нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хувьд ёсзүйн том алдаа. Үйлчлүүлэгчийн хувьд бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Байнгын асаргаанд байдаг хүнээс халдвар илэрч, аавыгаа асрахаар охин нь хамт ирсэн. ХӨСҮТ-ийн халдварт өвчтөнийг эмчлэх тасагт ороод, гарч байгаа бол шууд гэртээ харих боломжгүй.
Халдвар хамгаалалтын дүрэм, журмынхаа дагуу тусгаарлалтад байна. Тусгаарлах байранд 14 хоног байх ёстой. Гэртээ харьсан бол халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдэл болно. Хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд асран хамгаалагч, ар гэрийнхнээс нь хүсэлт өгсөн тохиолдолд ХӨСҮТ рүү нэвтрэх боломжтой. Харин халдварын голомтот бүсээс гарахдаа тусгаарлалтад заавал орно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй" гэлээ.
Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр тайлбар хийхдээ "Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс эхнэр маань халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү хүргэж өгсөн. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна" гэсэн юм.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ